35 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 20 орны төрийн далбаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт мандлаа. Нээлтэд Дэлхийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлиханов, Монголын бөхийн холбооны ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, хотын дарга Д.Сумъяабазар, Монголын бөхийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар иржээ. “Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн ААШТ-ийг нээж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн “Монгол Улсын чөлөөт бөхийн холбоо ААШТ-ийг эх орондоо гурав дахь удаа зохион байгуулж байна. Монголчууд чөлөөт бөхөөр тив, дэлхийд том амжилт үзүүлэхийн үндэс болох юм. Тэмцээнд оролцож буй хүмүүс, зочид төлөөлөгчид, үзэгчид та бүхэн энэ түүхийн гэрч болж байна. Энэ боломжийг олгосон Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Ази тивийн бөхийн холбоо, Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын Засаг дарга нарт Монголын чөлөөт бөхийн холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийье. Энэ удаагийн ААШТ-д оролцож байгаа тамирчиддаа амжилт хүсье” гэлээ.
Үүний дараа Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлиханов тэмцээн зохион байгуулж байгаа Монголын чөлөөт бөхийн холбоонд талархал илэрхийллээ. Мөн хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид бөх сонирхогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Манай улс ААШТ-ийг 1997, 2001 онд зохион байгуулж байжээ. 21 жилийн дараа хүлээн авч буй энэ тэмцээнд 20 орны 2000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Мөн олимп, дэлхийн медальтай, алдар цуутай аварга 30 гаруй багтжээ. 35 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний барилдаан гурван дэвжээн дээр үзэгчдийн уухайн түрлэгтэй эхэллээ. Тэмцээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Цар тахлын дараа 20 орон оролцсон том тэмцээнийг Монголд зохиож байна. Чөлөөт бөх бол монголчуудын олимпийн аваргаас медөль авсан анхны спортын төрөл. Эх орондоо энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь ирээдүйд олон хүүхэд, залуус энэ спортоор хичээллэхэд нөлөөлнө. Нөгөө талаар эх орноо дэлхийд сурталчилж буй чухал арга хэмжээ юм” гэв.
“Улаанбаатар-2022” ААШТ зургаан өдрийн турш үргэлжилнэ. Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 57, 65, 77, 87, 130 кг-ийн барилдаан боллоо. Манай улсаас жин тус бүрт нэг тамирчин зодоглосон. Тухайлбал, 57 кг-д М.Даваабанди, 87 кг-д барилдсан Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдахөар шалгарав. Медалийн төлөөх барилдаан хүлээх зуур бид Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлиханов, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэртэй цөөн хором ярилцах боломж олдсон юм.
ДАУЛЕТ ТУРЛИХАНОВ: ДАРААГИЙН ОЛИМП ХАЯАНД ИРСЭН БАЙНА
-Монгол Улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгож итгэл хүлээлгэсэнд талархлаа?
-Монгол Улс бөхийн арвин түүхтэй улс билээ. Монголын чөлөөт бөхийн тамирчид тив, дэлхий, олимпийн наадамд амжилт гаргаж байгааг бид харж байгаа. Монгол тамирчид энэ тэмцээндээ домогт бөхчүүдийнхээ амжилтыг залгамжилж сайн оролцоно гэж бодож байна. Дараагийн олимпийн наадам хаяанд ирсэн. Монголын шигшээ баг өндөр амжилт үзүүлээсэй гэж хүсэж байна. Монголын чөлөөт бөхийн холбоо үйл ажиллагаа сайтай дэлхийд өндөр нэр хүндтэй. Холбоог миний хамтран зүтгэгч Х.Бадамсүрэн удирдаж байгаа. Түүнийг Монгол оронд чөлөөт бөхийг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.
-Азийн бөхийн холбоонд монгол хүн ажиллаж байгаа. Түүнийг дүгнэвэл?
-Ажлын туршлагатай, олон хэл мэддэг хүн байгаа. Манай Азийн бөхийн холбоонд ийм хүн ажиллаж байгаад их баяртай байдаг. Удахгүй дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд орж ажиллах байх.
Ордон шуугилдах дуунаар бид барилдааны дэвжээг зорилоо. М.Даваабанди маань Энэтхэгийн бөхтэй барилдаанаа эхэлжээ. Залуу тамирчин маань медалийн үзүүрээс атгаад алдлаа.
П.БУЯНДЭЛГЭР: ДӨРВӨН ЖИЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН
-Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноор ААШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар боллоо. Сэтгэгдэл хэр байна?
-Сэтгэгдэл их өндөр байна. Гадны олон орон болон Монгол Улсын баг тамирчид энэ тэмцээнд оролцож байгаад сэтгэл хангалуун байна.
-Дараагийн төлөвлөгөө юу байх вэ?
-Дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө гаргасан. Дараа жил өсвөр, залуучуудын ДАШТ-ийг Монголдоо хүлээж авна гэж төлөвлөсөн.
-Таныг Даулет Турлиханов Дэлхийн бөхийн холбоонд орох боломжтой гэж байна. Дэлхийн бөхийн холбоонд орох хэр ойрхон байгаа вэ?
-Би үүнийг хэлж мэдэхгүй байна. Одоогийнхоо ажлыг сайн хийж ихийг бүтээхийг зорьж байгаа. Өөрийн оронд бөхийг хөгжүүлэх зорилготой. Ялангуяа, сонгомол бөхийг хөгжүүлнэ.
-Зочид сэтгэл хангалуун байна уу?
-Сэтгэл хангалуун байна. Нээлтийн ажиллагаанд нүүдэлчдийн онцлогийг харуулсан үзүүлбэр сэтгэл их хөдөлгөлөө.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)