Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассын үнэ зөрсөн зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Зөрчил гаргасан “И-март Чингис” салбар, “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, “Веллмарт” супермаркет, “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассын үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулав.
Мөн “Номин хайпермаркет” Саппоро салбар, “Номин юнайтед” салбар, “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар,Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар, “Хархорин худалдааны төв”-ийн 23 дугаар салбар, “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төв, супермаркетуудын жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дуусах болох нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр, болон хүнсний ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулан авч шалгаж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)