Хятадын нийт импорт, экспортын хэмжээ 2022 оны эхний таван сарын хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар өсөн 16.04 их наяд юань буюу 2.4 их наяд ам.доллар болсон тухайн тус улсын Гаалийн ерөнхий газар пүрэв гарагт буюу өнөөдөр мэдэгдлээ. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх нь удаашралтай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд тээвэрлэлт болон түүхий эдийн үнийн өсөлт зэрэг олон сорилттой тулгарч байгаа учир гадаад худалдааны салбарт тодорхойгүй зүйл их байна гэж тус улсын шинжээчид анхааруулж байна.
Тиймээс гадаад худалдааны хэмжээг цаашид улам бүр нэмэгдүүлэхийн тулд тээвэрлэлтийн өртгийг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, гадаад худалдааны компаниудыг хөхүүлэн дэмжих хэд хэдэн зорилтот арга хэмжээг БНХАУ баталсан гэж тус улсын Худалдааны дэд сайд Ван Шоувэнь лхагва гарагт мэдэгджээ.
“Дэлхийн эдийн засгийн сэргэлт хэврэг, эрэлт бага энэ үед гадаад худалдааны тодорхойгүй байдлыг зохицуулахын тулд бид тодорхой арга хэмжээнүүд авах шаардлагатай байна. Гэхдээ бид Хятадын гадаад худалдааны төлөв байдлыг эергээр харж, "COVID-19" цар тахлаас улбаатай тасалдал намжиж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн түншүүд нэмэгдэж, засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад худалдааг дэмжих бодлогууд үр дүнгээ өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа” гэж Ван Шоувэнь хэлсэн байна.
Түүний хэлснээр, Хятад улс боомтын үйл ажиллагаагаа сайжруулж, бараа бүтээгдэхүүний захиалгыг нэмэгдүүлэхэд пүүс компаниудад туслахын тулд илүү олон онлайн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, худалдааны шинэ загварууд, тэдгээрийн дотор хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжинэ. Мөн олон улсын түвшинд зах зээлээ өргөжүүлэхийн тулд эм тариа, автомашин зэрэг нэмүү өртөг өндөртэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ тус улс дэмжих ажээ.
Сэтгэгдэл (0)