Эмэгтэй тамирчид жингээ үзүүлэхийн тулд эрчүүдийн дунд чармай нүцгэн зогсож, өөхлөлтийн хэмжээгээ үзүүлэхдээ өгзөгнөөс нь атгахыг ч хүлээн зөвшөөрдөг аж.
“ ...Бэлгийн дарамтад өртсөн найздаа туслахаар хичээсэн ч бүтээгүй. Энэ асуудлаас болж бид хоёр хоёулаа сэтгэл санааны хүнд цохилтод орсон. Ажил дээрээ гадуурхагдаж эхэлсэн тул ажлаасаа гарч дуртай ажил, ирээдүйн зорилгоо бүгдийг нь орхисон. Би ч бас бэлгийн дарамтад өртөж байсан...” гэж манай өнөө цагийн нэртэй эмэгтэй тамирчин ярьсан байна. Тамирчин болно гэдэг амаргүй. Тэр тусмаа өндөр амжилт гаргана гэдэг олон бартаа саадыг давж байж хүрэх оргил. Хөлс хүч, тэсвэр тэвчээр, гоо сайхан, хувийн амьдрал гээд бүх зүйлээ золиослон байж тэд оргилд хүрдэг. Хэрэв амжилт гаргавал ард түмний хайр ивээлийг хүртэж, амьдрал ахуй нь ч дээшилнэ. Гэхдээ амжилтад зорьж буй тамирчин, тэр тусмаа эмэгтэй тамирчдад байгалиасаа заяасан спортын авьяас, байнгын бэлтгэл сургуулилалт байдаг ч, амжилт гаргах боломжгүй болгодог дарамттай тулгардаг болохыг бидний хэн ч мэдэлгүй өдий хүрсэн бай х юм. Энэ бол тэдэнд үзүүлдэг бэлгийн дарамт хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл байж. Үүнийг сонсоод цочирдлоо. Эмэгтэй тамирчид ажлын байран дахь бэлгийн дарамттай тулгардаг гэдгийг “Спортын салбар дахь жендер ба эмэгтэй тамирчдын эрх” судалгаагаар мэдэх боллоо. Судалгааг авахдаа ганцаарчилсан уулзалт хийж ярилцахад энэ асуудал хөндөгдөж ил гарсан нь энэ аж.“Эмэгтэй удирдагч” сангаас энэ онд хийсэн дээрх судалгаанд спортын салбарын мэргэжилтнүүд, удирдах албан тушаалтнууд, хүндийн өргөлт, жүдо бөхийн тамирчдыг оролцуулан нийт 65 хүнийг хамруулжээ. Тэд “Спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт байдаг уу, өртөж байсан уу” гэх асуултад дараах байдлаар хариулсан байна. Тухайлбал, судалгааны ганцаарчилсан уулзалтад хамрагдсан есөн хүн ажлын байрны бэлгийн дарамт байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн аж. Мөн ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон тухай сонссон 20 тамирчин байжээ. Харин энэ төрлийн дарамтад өртсөн гомдол ирж байсан уу гэсэн асуултад удирдах албан тушаалтнуудын 50 хувь нь тийм гэж хариулсан байна. Спортын салбарт бэлгийн дарамт бий болоход олон хүчин зүйл нөлөөлж буй юм. Тухайлбал, спортын гардан тулааны төрлүүдийн дийлэнх дасгалжуулагч нар эрэгтэй. Манай улсын чөлөөт бөхийн шигшээ баг түүхэндээ эмэгтэй дасгалжуулагчтай байж үзээгүй. Түүнчлэн хувцас солих, ариун цэврийн өрөө болон усанд орох душны асуудал ч тэднийг энэ дарамтад орох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Эмэгтэй тамирчид жингээ үзүүлэхийн тулд эрчүүдийн дунд чармай нүцгэн зогсож, өөхлөлтийн хэмжээгээ үзүүлэхдээ өгзөгнөөс нь атгахыг ч хүлээн зөвшөөрдөг аж. Эмэгтэй багш, дасгалжуулагч бэлтгэх бодлого байдаггүй, хууль эрх зүйн орчин ч бүрэн төлөвшөөгүй, энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг, хохирогчийг буруутгадаг нийгмийн хандлага, цаашдын карьер зэргээс болоод бэлгийн дарамтад өртсөн тухайгаа ихэнх тамирчин тас нуудаг юм байна. Гэхдээ спортын салбар дахь бэлгийн дарамт ганц эмэгтэй тамирчдад тулгардаггүй аж. Нэгэн аймгийн дунд сургуулийн тамирчин хүүг эмэгтэй дасгалжуулагч нь садар самуунд уруу татаж, бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдол саяхан илэрчээ. Харамсалтай нь, энэ мэт асуудлууд тухайн спортын төрлийн удирдлагын түвшинд яригдаад л өнгөрдөг аж. Хүний эрхийн үндэсний комисст хандаж, шүүх цагдаагаар явсан тохиолдол ч цөөн байх юм. 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин, 2012 болон 2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчид бэлгийн дарамтад өртсөн нь ил болж байв. 2015 онд ийм дарамтад өртсөн нэг тамирчин шүүхэд хандсан ч хэрэг нь одоог хүртэл шийдэгдээгүй байх юм. Дээрх нөхцөл байдлууд нь спорт дахь бэлгийн дарамт далд байдлаар улам бүр газар авахад нөлөөлж байна. Бид Биеийн тамир, спортын газрын Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбатаас энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодруулахад “Эмэгтэй тамирчдыг ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох заалтуудыг тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын гэрээнд тусгах, эрх зүйн баримт бичгээр баталгаажуулах, спортын холбоодын тусламжтай энэ төрлийн дарамтад өртсөн тохиолдолд хаана, хэнд хэрхэн хандах ойлголттой болгож, дасгалжуулагч, тамирчдад чиглэсэн сургалт зохион байгуулах, эмэгтэй дасгалжуулагч бэлтгэх бодлогыг дэмжих зэргээр үе шаттай ажил хийхээр төлөвлөж байна. Өөрийн хүйсийн давуу байдлаа ашиглаж, дасгалжуулагчаа гүтгэх тохиолдол байгааг ч үгүйсгэхгүй. Спортын холбоодууд бидэнтэй хамтран ажиллаж, хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгох нь чухал. Эмзэг асуудал учраас хэн нэгнийг буруутгахаас илүү урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллах хэрэгтэй ” гэсэн юм.
Т.Намуунболор
ЗГМ
Сэтгэгдэл (0)