АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна гэдгээ өнөөдөр зарлалаа. АНУ-ын үйлдвэрлэлийн салбарыг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Цагаан ордон мэдэгджээ.
Тодруулбал, энэ оноос эхлэн Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд ногдуулах татварыг 25-аас 100 хувь болгон дөрөв дахин нэмэгдүүлнэ. Хятадын нарны зайн импортын татвар хоёр дахин нэмэгдэж, 25-аас 50 хувь болно. Мөн Хятадын зарим төрлийн ган, хөнгөн цагаанд ногдуулах импортын гаалийн татвар 7.5-аас 25 хувь болж гурав гаруй дахин нэмэгдэнэ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Ж.Байден АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай-д хандан, цахилгаан автомашины лити-ион цэнэг хураагуур ба бусад хэрэглээнд зориулагдсан лити цэнэг хураагуурт ногдуулах татварын хэмжээг гурав дахин өсгөхийг үүрэг болгожээ. Түүнчлэн 2025 оноос эхлэн Хятадын хагас дамжуулагчийн импортын татвар 25 хувиас 50 хувь болж нэмэгдэнэ.
Хятадаас импортолж буй эмнэлгийн зүү, тариур болон хөлөг онгоцноос ачаа буулгагч крануудад анх удаа татвар ногдуулна гэж Цагаан ордны мэдээлэлд дурджээ. Хятадад үйлдвэрлэсэн эмнэлгийн зориулалттай резинэн бээлий, амьсгалын аппарат, нүүрний маск зэрэгт мөн өндөр татвар ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин цэнэг хураагуур, байгалийн бал чулуу зэрэг зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ. Энэ нь дотоодын эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний цэнэг хураагуурыг дотооддоо үйлдвэрлэж эхлэх хүртэлх цаг хугацаа, боломжийг Америкийн үйлдвэрүүдэд өгч байгаа юм гэж Цагаан ордон мэдэгджээ.
“Хятад улс дэлхийн эрэлтээс давсан хурдтайгаар үйлдвэрлэл явуулж байна. Энэ нь дэлхийн зах зээлийг хэт дүүргэж, улс орны дотоодод үйлдвэрлэлийн чадавхийг бий болгох бидний боломжийг багасгаж, дэлхий дахиныг эдийн засгийн дарамт шахалтанд илүү өртөмтгий болгож байна" гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)