Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

 

Өмнөд Солонгост ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох бүх нийтийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Үндэсний ассамблейг хяналтдаа авахын төлөө эрх баригч Ардын хүч нам /АХН/ болон сөрөг хүчний Ардчилсан намын /АН/ хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь эрх баригч намын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд олонх болж чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн таван жилийн бүрэн эрхийн үлдсэн гурван жилд түүний эрх мэдэл хумигдаж магадгүй юм.

Гол сөрөг хүчин болох АН-ын хувьд парламент дахь олонхын суудлаа хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Сүүлийн үеийн таамаглалаас үзэхэд, АН 300 гишүүнтэй Ассемблейд 200 гаруй суудал авч, гуравны хоёрын босгыг давснаар ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох, цаашлаад ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай эрх мэдэлтэй болж магадгүй юм.

Харин эрх баригч намын зүгээс Үндэсний ассемблей сөрөг хүчний хяналтад байгаагийн улмаас Юн Сог Ёлийн засаг захиргаа шинэчлэлийн хөтөлбөрөө сүүлийн хоёр жил урагшлуулж чадахгүй байгаа тул сонгогчдоос дэмжлэг хүсэж байна. АН-ынхны хувьд эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг ноцтойгоор хүндрүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд маргаан дагуулсан олон асуудлыг буруу шийдвэрлэсэн хэмээн Юн Сог Ёлийн засаг захиргааг буруутгаж, хатуу дүгнэлт хийхийг сонгогчдод уриалж байгаа аж.

Хоёр намын удирдагчид сонгуулийн кампанит ажлаа Сөүл хотод эхлүүллээ. АХН-ын дарга Хан Дун Хун Сөүлийн зүүн дүүрэг дэх загасны захад очиж сурталчилгаа хийхдээ, ард түмний амьжиргаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэдгээ онцлон тэмдэглэжээ. Харин АН-ын дарга Ли Жэ Мён Сөүлийн төвд дэх Ёнсан өртөөнд сонгуулийн сурталчилгаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Нийслэлийн сонгуулийн 48 тойрог бол сонгуулийн дүнг тодорхойлох өрсөлдөөний гол талбар гэдгийг ажиглагчид хэлж байна. Сөүлд гарах дүн нь сонгуулийн явцыг ерөнхийд нь харуулдаг байна. Өмнөх 2020 оны сонгуулиар тухайн үеийн эрх баригч АН Сөүл хотод 49 суудлаас 41-ийг нь авч байсан бол одоо АХН нэртэй болсон "Нэгдсэн ирээдүй" нам ердөө найман суудал авч байжээ. Эцсийн дүнгээр АН 300 суудлаас 180-ыг нь авч ялж байв.

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0