Эко Алтан Заамар" газар хөдлөлтөөс үүдэлтэй гэж хамаг гайгаа чихиж мэднэ


"Баян" Базарын "Алтайн хүдэр" компанийн охин компани болох "Эко Алтан Заамар" алтны компанийн уурхайд ноцтой осол гарч дөрвөн хүний алтан амь үрэгдсэн. Харин тус байгууллагаас гарсан ослыг газар хөдлөлттэй холбон булзайруулах санаа байгаа бололтой. Тэгвэл ОБЕГ-аас уг ослыг газар хөдлөлттэй холбож ойлгож болохгүй гэдгийг хэллээ.

Урьдчилсан байдлаар осол гарах болсон ноцтой шалтгааныг уурхайн усан сантай холбон таамаглаж байна. Учир нь тус уурхайн усан сан нуралт болсон газраас ердөө зуухан метрийн зайтай байсныг тогтоогоод байгаа. Үүнээс харахад "Эко Алтан Заамар" алтны компани хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, стандарт мөрдөөгүй болох нь ил харагдаж байна.

Уг уурхай нь Хайлааст, Тосон багийн заагт байдаг рашааны эх дээр байрлаж байгаа нь нутгийн иргэдийн ундны усны аюулгүй байдалд халдсан хэрэг юм.

Нутгийн иргэд "Мөнх ногоон хас, Эх нутгийн эзэд хөдөлгөөнийхөн "Бургаст Туул", "Бугат Заамар" зэрэг хөдөлгөөнийг байгуулж  удаа дараа хууль бус олборлолтыг нь эсэргүүцэн БОАЖЯ , АМГ-ынхнаас үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхийг шаардсан ч тусыг олоогүй байна. Тэр бүү хэл удаа дараагийн шүүх хурлыг хойшлуулж, будлиулсаар ийн осол гарахад хүрчээ.

Нэг ноцтой зүйл байгаа нь энэ "Эко Алтан Заамар" компанид өнгөрсөн хавар ийм төрлийн осол гарч нэг хүний амь эрсэдсэн асуудлыг нуун дарагдуулсан байж магадгүй юм.

Хэдий болтол хууль бус, стандарт, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй энэ мэт уурхайг хаацайлж өмгөөлсөөр байх вэ? Хэрэв шалгадаг, шалгаруулдаг ном журмын дагуу тусгай зөвшөөрөл олгосон бол, МХЕГ ажлаа олигтой хийсэн бол өнөөдөр дөрвийн дөрвөн эрдэнэт хүний амь шороонд дарагдан үрэгдэхгүй байх байлаа.

Одоогийн байдлаар шалгалтын ажил явагдаж, “ниргэсэн хойно нь хашгарав” гэгчээр МХЕГ-аас үйл ажиллагааг нь хаасан байдалтай шалгалт үргэлжилж байна.

Мөнгөтэй хүнд үйлчилж, газар хөдлөлтөөс үүдэлтэй хэмээн хэргийг хаачихгүй хариуцлагатай хандах байх гэж найдая даа.


ORD.MN

скачать dle 12.0