Япон ёс зүй аюулыг бөхийлгөж байна

Шинэ оны эхний өдөр Японд газар хөдлөлт болж, хоёр дахь өдөр онгоцны осол болов. Энд юу болоод байгааг олсон мэдээллээрээ хүргэе. Шинэ оны эхний өдөр буюу 1-ний өдөр Япон улсын Ишикава мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж орон даяар түгшүүр зарлав. Телевизийн бүх сувгууд анхааруулга, дохиолол байнга өгч газар хөдлөлтийн хор уршиг, урьдчилан сэргийлэх мэдээллийг тасралтгүй хийсэн. Энэ мэдээллийг хараад ямар ч хүн ойлгоно. Японд амралтын өдрүүд байсан учраас бүх хүн гэртээ телевизээ үзээд суусан байх. Манай гэрийнхний хувьд мөн ялгаагүй. Бид ёолкоо хураагаад сууж байхад гэрт гэнэт чичиргээ үүсч толгой дайвалзаад ирсэн. Би гэдэг чинь газар хөдөлж байгааг биеэрээ үзэж байгаагүй учраас юу вэ даралт уу гэж бодож амжив. Харин охин маань ээж газар хөдөллөө гээд гүйгээд ороод ирсэн. Энэ үед хамгийн түрүүнд хоёр охин руугаа гүйсэн. Нэг их удаагүй чичиргээ багасч дор бүрээ тайван байхыг хүссэн. Үүний дараа дуут дохиог телевизээр өгсөөр, газар хөдлөлтийн бүсэд байгаа оршин суугчдыг өндөрлөг газарт явахыг хэлсээр байв. Ерөнхийдөө орой метро зогсч бүх хөдөлгөөн хаасан. Японы Ерөнхий сайд нь иргэдээ мэдээллээр хангаж, өөрөө газар хөдлөлтийн аврах багийг ахалж байгаагаа хэлсэн. Телевизийн сэтгүүлчдийн ажлаа хийж байгаа дүрсийг гаргасан. Телевизийн эфирт ажиллаж байсан сэтгүүлчид ширээнийхээ дор ороод дүрс бичлэгээ дамжуулж байсан. Маш бахдам сайхан санагдаж, өөрийн хэдэн сэтгүүлчдээ санав. Манайхаар МҮОНТ-ийн уран бүтээлчид шиг санагдсан. Ширээ нь адилхан, бас яарч гүйж байгаа нь. Ерөнхийдөө өглөө маш хэцүү байдалтай байсан ч орой амрах цагаар телевизийн сувгууд өөр мэдээлэл гаргаж эхэлсэн нь цаад утгаараа аюул өнгөрсөн гэдгийг давхар хэлэх шиг болсон. Энэхүү газар хөдлөлтийн улмаас байшингийн нурангид 48 хүн амь насаа алдсан нь харамсалтай. Тэднийг аврах багийнхан газар хөдлөлтийн дараа олсон гэж мэдээлэв.
2024 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Хоккайдо мужийн Саппоро хотоос Токио хотын Ханэда Олон улсын нисэх буудалд 379 зорчигч, нисэх багийн гишүүдтэй Японы агаарын тээврийн JAL компанийн агаарын хөлөг газардсан. Тус багийнхан газар хөдлөлтийн бүс рүү аврах ажиллагаанд оролцохоор явж байсан аж. Японы Эргийн хамгаалалтын 6 хүний бүрэлдэхүүнтэй жижиг оврын агаарын хөлөгтэй мөргөлдсөний улмаас эргийн хамгаалалтын 5 алба хаагч амь үрэгдэж, бусад 379 зорчигчид амьд үлдсэн билээ. Зорчигчдыг ердөө 90 секундэд багтааж гаргаж амь насыг нь аварч чадсан нь дэлхий нийтийг гайхшруулсан үйл явдал болж байна. Мэдээгээр бол, зорчигчид аюул нүүрлэсэн үед аврагчдын хэлснийг ёсчлон биелүүлж, бие биеэ хүндэтгэн ар араасаа дугаарлаж гарсан нь ийнхүү амьд мэнд гарч чадсан гэж онцолж буй.
Харин миний харсан өнцгөөр хоёр өдрийн турш болсон үйл явцад Япон хүний ёс зүй аюулыг бөхийлгөж, хичээнгүй, хөдөлмөрч, хариуцлага, үнэнч, эх оронч үзэл нь байгалийн давагдашгүй байдалд ч нурсангүй гэдгийг нүдээрээ харлаа.
Бүх дэлхий амар амгалан тайван байг.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2024. 01. 03 өдөр
скачать dle 12.0