Сонгууль болоход хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. Улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж сонгуульд л хүч үздэг моод нь өдгөө ч үргэлжилж байна. Сонгууль дөхөхөөр намууд бие биедээ хайр зарлаж, нөгөө хэсэг нь хэрүүлийн алим шидэлцдэг. Тэгвэл энэ удаагийн хайр зарлалтыг Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшин, хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж хүч үзсэн М.Нарантуяа нар эхлүүллээ.
Тодруулбал, Д.Амартүвшин "Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ" хэмээн олон нийтэд зарлав. Өчигдөр тус нам 2024 оны сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцохоор боллоо гэдгээ мэдэгдсэн юм.
Д.Амартүвшин "Либертари нам бол АН-ыг баруун тийш нь чирэх бульдозер байх болно. Мэдээж нам учраас дотроо тэмцэл, маргаан, зөрчлүүд нь байна. Гэхдээ бид улстөр гэхээсээ илүү үзэл санаагаар нь чирэхийг илүүд үзэж байгаа. Либертари намын гол уриалж байгаа зүйл бол баруун төвийн нам, чөлөөт зах зээл, жижиг төр, хувь хүний эрх чөлөөг дэмжиж байгаа залуус нь наашаа ирж, бидэнтэй нэгдэж масс болооч ээ. Энэ зодооноо больчих. Бүгдээрээ үзэл санаагаа ярья гэдэг чиглэл рүү явна" гэлээ.
Тэгвэл М.Нарантуяа Иргэний Зориг Ногоон Намын гишүүнээр элсэж тус намаас УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэв. Тэрбээр "Эх орон ирээдүй үр хойчийнхоо төлөө дарууханаар зүтгэж байдаг энэ намын Ардчилал эрх чөлөө, шударга ёс, Ногоон дэлхий ирээдүй үзэл баримтлал ч миний үзэл баримтлал зорилго зүтгэлтэй нийцэж ч байна. Том намын утсан хүүхэлдэй болж явах хүн биш шүү дээ би чинь... Өөрийн эрх чөлөөгөөр өөрчлөл дэвшлийн төлөө чөлөөтэй сэтгэж сэтгэснээ бүтээхэд минь хамгийн дэмтэй нам болов уу гэж бодож байна. Тиймээс энэ намын нийгмийн төлөөх үйлсийн хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүр залуучууд руу чиглэсэн ажилд нь манлайлаад явъя гэж шийдлээ" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэдний хайр хэдэн сар үргэлжлэхийг одоогоор харж л сууя. Сонгуулийн өмнө чухам байж байгаад улс төрч болоод ирэхээрээ өнөө эвлэлдсэн намаасаа гарах үзэхгүй хэлэлцэх асуудал ч өмнөх нөхдүүдэд байсан. Энэ ч улс төрчдийн нийтлэг төрх гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Харин сонгууль дөхөхөөр хэрүүлийн алим томоохон намуудын дунд өрнөдөг. Үүний эхлэлийг Лу.Гантөмөр, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал нар эхлүүллээ. О.Батнайрамдал хэвлэлийн хурал хийж “Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт би очиж нэр дэвшинэ” гэдгээ олон нийтэд зарлав. Үүний хариуг Л.Гантөмөр өгч “О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ” хэмээсэн.
Энэ хоёр бол эртний өстөн дайснууд гэхэд хилсдэхгүй. Учир нь Лу.Гантөмөрийг Боловсролын сайд байхдаа Харвардын шалгуур хангасан О.Батнайрамдалд зээл олгоогүй. Гэтэл өөрийн боломжийг нь том охин Г.Хуландаа олгосон гэлцдэг. Түүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувийн данс руу нь хоёр ч удаа нэмэлт гүйлгээ хийлгэсэн гэх асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөж, араас нь нэхэл хатуутай яваа.
Эдгээр нөхдийн хэрүүлийн алим хаа хүртэл үргэлжлэхийг тэд л мэдэх биз ээ. Олон нийтийн санаа бодлыг сааруулах үүднээс тавьж буй жүжиг ч бас байж болох. Улс төрчдийн нэг арга мэх иймэрхүү.
https://dorgio.mn/p/151553
Сэтгэгдэл (0)