Хаврын чуулганаар “холимог 126”, намрынхаар “том тойрог”

Хаврын чуулганаар “холимог 126”, намрынхаар “том тойрог”

 

Хоёр ч чуулган дамжуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь алсдаа улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт авчрахаар болсныг судлаачид, ажиглагчид онцолж байна. УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газраас санаачилж оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Түүгээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй болгож, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгохоор болсон юм. Өөрчлөлтийг дагуулаад УИХ-ын  сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчилсэн. Эрх баригчид  “…Энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд бол дарга биш, ард түмний элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх үүднээс хийлээ” гэж тайлбарласан. Үнэхээр ч гишүүдийн тоог нэмэх нь 1992 оноос хойшхи сонгогчдын тооны өсөлт, түүний дараагаас жил ирэх тусам гаргасан шийдвэрүүд нь “гаднын нөлөөлөл”-тэй болж буй байдал зэрэг нь дээрх өөрчлөлтийг шаардаж байсан юм.

 

Түүнчлэн УИХ-ын дарга хаврын чуулганы өмнө  “…Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж зарласан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Улмаар намрын чуулганаар, ердөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулахаар боллоо. Угтаа энэ нь хаврын чуулганаар оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг бататгасан явдал болсон. “..Барьц ахиулж, баталгаажуулсан” гэсэн ч болно.

Энэ нь “…Гишүүд жалга довны улс төр хийхгүй, улс орны хэмжээний асуудалд анхаарах боломж” гэдэг тайлбартай. Бас л үнэн.

Ер нь бол улс төр талаасаа бүх намд жигд боломж олгоно. Эрх барьж буй МАН-д нэлээд халтай байх магадлалтай. Гол нь Үндсэн хуулийн эдгээр өөрчлөлт өнгөрсөн 33 жилийн улс төрийн тогтолцоог задална. Удахгүй, ирэх онд болох УИХ-ын сонгуулийн дараагаас биеллээ олно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)

скачать dle 12.0