Өөрийн толгойгүй явсаар байвал шатахуун, гэрэлгүй болно гэдгийг үзэцгээлээ

Өөрийн толгойгүй явсаар байвал шатахуун, гэрэлгүй болно гэдгийг үзэцгээлээ

 

Төр, засаг тав, арван жилийн цаадахыг бүү хэл өнөө өвөл, ирэх хавраа хэрхэн давахыг харж чаддаггүй таг харалган болохоо ойрын өдрүүдэд харуулж байна. Мөнөөх сүржин “Алсын хараа 2030”, 2050 он хүртэлх стратеги төлөвлөгөө зэрэг нь зүгээр л гандирсын хотын дүртэй хоосон зэрэглээ болох нь ил болов. Зуны турш тэгш ой тэмдэглэж, овоо тахиж, найр наадамд бялуурч, бөх тэх, элдэв эсийн хов живд булхаж явтал өвөл ирдгээрээ ирж, цас ордгоороо орж, тун удахгүй ес эхлэх гэж байна. Байгаль дэлхий жамаасаа ухарч, өвөл, зунаа сольж байсангүй. Тэнгэрийн араншин хэзээ ямар байхыг мэдэрч, амьтан, араатны гаргаж буй зан төлвөөс тэр жил ямар болохыг багцаалж, хөдөөх айлын жирийн эмээ хүртэл аргал түлшээ базааж, тос, цагаагаа бэлтгэж, үр хүүхэддээ дулаан хувцсыг нь зэхдэг байтал тэр хэрийн ухаан төрийн дээдэст алга. Гэрэл цахилгаан, түлш шатахуун, иддэг уудаг, хэрэглээний бүх зүйлээ айлаас залгуулж, тэгэх ёстой мэтээр санаж, цамаан загнаж, өөрийн гэх толгойгүй явсны балгаар наад зах нь өвлийн хүйтэн туйлдаа хүрдэг цагаар явган нүцгэн, таг харанхуй болохдоо туллаа.

 

Сүүлийн өдрүүдийн шатахууны хомстолыг хар. Шатахуун түгээгүүрийн газруудад балга бензин царайчлан хонон өнжин дугаарлаж, бухимдсан зарим нь түгээгчид уураа гарган түлхэж унагаж бэртээж, хүний аминд хүрэхээс наагуур болж байна. Хойд хөршөөс орж ирдэг шатахуун хоригт орж цаашдаа тасалдвал хөхөө өвлийн хүйтнээр нохой явган үлдээцгээж таарна. Мэнэнгийн талын газрын тосоо өмнөд хөршдөө найр тавин соруулж, нефть боловсруулах үйлдвэр барихаа хойшлуулан бэлэн шатахуун гаднаас гувшиж олон оныг элээсний балгаар хойд хөрш крантаа хаангуут явган нүцгэндээ тулж байгаа нь энэ.

 

Бодлоготой төртэй байсан бол байгалийн баялгаа гадагш цутгах бус, аль эрт газрын тос нэрдэг үйлдвэрээ Чойбалсан, Сайншандад байгуулаад дотоодын шатахуунаар улсынхаа хэрэглээг хангах байсан. Оргүйгээс оройтсон нь дээр гэгчээр бензин тасарлаа гэж хэрэлдэж, бухимдаж суухын оронд ирэх хавар цаг дулаарахаар нефтийн үйлдвэр барих ажилдаа шуударсан нь дээр биз дээ. Дээр үед монголчууд Дорноговийн Зүүнбаянд нефтийн үйлдвэртэй байсныг санах хүн цөөрсөн ч бодит түүх, туурь суурь нь үлдсэн. Тэгэхээр нефтийн үйлдвэртэй болно гэдэг Монголд Мянгуужингийн үлгэр биш. Тэртээ 1950-60 онд болж байсан юмыг техник технологи хөгжсөн өнөө үед барьж байгуулахад яагаад болохгүй гэж.

Ес эхлэх дөхөөд, Сибирийн хүйтэн агаар Монголын нутагт ид цөмрөн орж ирж байгаа энэ өдрүүдэд бидний сонссон өөр нэг “сюрприз” бол “ОХУ-д хэт хүйтэрч, цахилгаан станцуудад гэмтэл доголдол гарч эрчим хүчний хомсдол үүссэн учраас маргаашнаас /өнөөдрөөс/ эхлэн цахилгааныг нэг удаад гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлана. Өнөөдрөөс /өчигдрөөс/ ч хязгаарлаж магадгүй” гэсэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гэнэтийн мэдэгдэл байлаа. Муу дээр муухай, муухай дээрээ улцан гэгчээр шатахуунгүй дээрээ залгуулаад цахилгаангүй болоход хүрэв.

Уг асуудлыг ОХУ гэрээний дагуу нэг өдрийн өмнө Монголд мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний байгууллагууд бэлэн байдалд нэгэнт орсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд мэдээлэх үүргийг Б.Чойжилсүрэн сайдад өгсөн байна. Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ өмнө нь 345МВт хүртэл байсныг 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаар уржигдар 16:00 цагт Диспетчерийн Үндэсний Төвд мэдэгджээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн дөрөвдүгээр сарын 1 хүртэл гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээг хөнгөлж ирснийг энэ удаа цуцлах байдалд шилжих бололтой.

 

Цахилгаан хязгаарлах болсон шалтгааныг ОХУ-ын зүгээс тайлбарлахдаа Оросын талын томоохон хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон гээд хэзээ ашиглалтад орохыг мэдэгдээгүй байна. Мөн нэг станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийж байсан нь ашиглалтад хараахан ороогүй гэсэн мэдээллийг өгчээ. Үүний улмаас Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй хэмээн албаны эх сурвалж мэдэгдсэн юм. Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орж, гагцхүү эмнэлэг, сургуулийн цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллахаар болжээ.

 

Гэхдээ Б.Чойжилсүрэн сайдын мэдээллээс хойхно ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллаж, шаардлагатай бүх л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгажээ. Гэхдээ үүнд тэгтлээ найдаж бас болохгүй.

 

Нийгэм солигдож асан 1990-ээд оны эхээр үе үе гэрэл унтарч, зөвхөн Үндэсний телевизийн “Цагийн хүрд” мэдээний нэвтрүүлгийн үеэр хэдхэн минут цахилгаан өгөөд тасалдаг байсан шиг байдалд эргэн орж тун магадгүй нь. Нэлээд эртнээс оройн 17-21 цагийн хооронд цахилгаанаа хэмнээрэй хэмээн Эрчим хүчний байгууллагуудаас мессеж илгээгээд байсны цаад учир энэ аж. Монгол Улс 17-21 цагийн хооронд хэрэглэж байгаа цахилгааныхаа  тодорхой хувийг Оросоос өндөр үнээр авдаг хэдий ч ийнхүү хязгаарлалтад орсноор оргил ачааллаа дийлэхгүйдээ тулжээ. Ерөөсөө л мессеж илгээж байсан тэр цагаас хойд хөршөөс “Цахилгаан тасална шүү” хэмээн сануулж байсан бололтой.

Уг нь аль эрт өөрийн толгойгоор шийдээд усан цахилгаан станц барьдаг газраа бариад, дулааны тавдугаар цахилгаан станц, бусад жижиг станцууд байгуулчихсан бол юу гэж ингэж ХХ зууны эх рүүгээ буцаж өөхөн дэн, лаа барихдаа тулахгүй л дээ. Ядаж хувийн хэвшлүүдэд боломж олгосон бол “Энержи ресурс” шиг компаниуд тодорхой тодорхой газуудыг эрчим хүчээр хангаад байж болох л байж.

Одоо удаад хүлээгээд, хэн нэгний амыг хараад байх цаг үлдсэнгүй. Зориглоод, аль болох богино хугацаанд ядахдаа ганц Дулааны цахилгаан станц нэмж баривал эрчим хүчний хомсдол, хязгаарлалтаас нэг хэсэгтээ гарч болно. Өнөөдөртөө сэргээгдэх эрчим хүч гэсэн амттай зүүднээсээ сэрч, түүнд зарцуулж буй хөрөнгөөр эрчим хүчний их чадлын станц барьж, илүү гарсан мөнгөөр сүлжээ болон цахилгаан дамжуулах байгууламжаа 100 хувь шинэчилж чадна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин тэр цөмийн станцыг алс ирээдүйдээ төлөвлөдөг юм байгаа биз.

Юун дэлхий сөнөхөд лаа шүдэнз бэлтгэх, тэр сүйрэл чинь утгаараа хэзээ ч нүүрлэж болно. Өвлийн туйл болж, ес эхэлж байхад цахилгаан хязгаарласан үед хот, суурин хөлдөж болзошгүй.

 

Энэ асуултад "Диспетчерийн Үндэсний Төв" ТӨХХК-ийн захирал Г.Балжинням хариулахдаа  "Цахилгаан хязгаарласан үед хөлдөхгүй байх арга хэмжээг урьдчилан сэргийлж авдаг. Үүний тулд эрчим хүчний хязгаарлалтын хуваарь, хөтөлбөрийг гаргадаг. Нэг хэрэглэгчийн цахилгааныг гурваас дээш цагаар хязгаарлахгүй. Хөлдөж болох газруудад зөөврийн эх үүсвэрүүдийг бэлтгэж, нөөцөд авах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбар хагас цэрэгжүүлсэн, байнгын бэлэн байдалд ажилладаг” хэмээн хариулжээ.

Нэгэнт өнөө маргаашдаа шидэт дохиураар дохиод Дулааны станцтай болж чадахгүй учир иргэн бүр дор дороо эрчим хүчээ хэмнэх л үлдэж байна. Юун шинэ жил, юун их гэрэл чимэглэл асаахтай мантай болоод явчихлаа. Харанхуйд сүүтэгнэлгүй шиг цахилгааны хязгаарлалтыг давах л нэн түрүүний зорилго болов. Угаасаа геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байна. Хойноос шатахуун, цахилгаан бус Сибирийн хүйтэн агаар л нөмөрч ирж байна. Одоо төр, засгийн дээдэс хол хэтийн төлөвлөгөө, алсын хараа гэсэн утопи үлгэрээсээ салж, бодит байдлыг ойлгож, тусгаар  улс гэдгээ ухаарч өөрийн толгойгоор нефтийн үйлдвэр, Дулааны станц, усан цахилгаан станцуудаа барихгүй бол шатахуун, цахилгааны хязгаарлалтаас гарахгүй гэдэг тодорхой. Өнгөрснийг ярьж сошиалаар талцаж хэрэлдэх ч яахав. Тэртэй тэргүй цахилгааны хязгаарлалтад орвол утас цэнэглэж байгаад хэрэлдэх боломж ч хомсдоно. Цаг хүлээх бус, ирэх хавраас нефтийн үйлдвэр, цахилгаан станц барихаар хөдлөж эхлэхэд ядаж ойрын хоёр жилдээ үр дүн гарч л таарна.

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0