“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

 

“...Нүүрсний хулгайтай холбоотой” гэгдэж буй хэдэн арван улстөрч бий. Энэ асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаж буй хэдэн зуун албан тушаалтан байна. Харин нэг нь ч “...Тийм ээ, би холбоотой”, эсвэл “...Уучлаарай, би алдаа гаргажээ” гээд хэлсэнгүй.

 

Бүгд л ямар нэг байдлаар “...Гүтгүүллээ”, “...Хэлмэгдлээ” гэж байна. Ийм л дүр зургийг сонсголоос, хэвлэлүүдээс, бүр УИХ-ын хуралдаан дээр өгсөн тайлбаруудаас нь харж ирлээ. Гэтэл нүүрсний хулгай байсан. Энэ үнэн. Бас ард нийтээрээ энэ хулгайг зогсоохыг хүсэж байна. Бас л үнэн.

 

Түүнчлэн Түр хорооны дарга Б.Энхбаярын “...Сонсголоор хэн нэгэн хувь улстөрчийн биш, улс улсаараа үлдэх үү гэдэг ноцтой асуудлыг ярина” гэсэн агуулга бүхий мэдээллийг ч анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Тэр утгаараа, нүүрсний хулгай илэрч, нэг тийш шийдэгдэх учиртай. Нөгөөтэйгүүр, Б.Энхбаяр удтал гацсан сонсголыг яаж ийгээд л эхлүүлчихлээ. Эхний үе шатыг нь явуулчихлаа. Энэ сонсголын “сонин сайхан” хуучраагүй байтал хоёр дахь үе шатных нь гэрчүүдийг дуудав. Санаснаас шазруун үзэж байна. Хүн үлдээсэнгүй л зарлав. Хоёр дахь шат нь ирэх долоо хоногт эхэлнэ. Он гартал үргэлжилнэ. Сонгууль дөхсөн ийм үед сонсгол явж байгаа нь улс төр цаагуураа улайсгаж байж мэдэх л юм. Хэрэв тийм бол ойрд олон “эвгүй” үйл явдал өрнөнө дөө.

 

Гэхдээ, аливаа зүйл хоёр талтай. Энэ дунд үнэхээр хэлмэгдэж, гүтгүүлж яваа хүн байхыг үгүйсгэхгүй. Төрд албан тушаал хашсаныхаа төлөө, тэнд нь хулгай гарахад анзаараагүй “хэрэг”-ээр хэлмэгдсэн байж болно. Эсвэл даргын тушаал гүйцэтгэсний эцэст өнөөдөр сонсголд дуудагдаад “байцаагдаж” байж ч мэднэ. Хэн нэгэн холын хамаатан, аль эсвэл хамт ажиллаж байсан хүнийх нь хамааралтай этгээдийн холбоотой асуудлаар шууд нэрээ зарлуулаад явж байгаа нь ч байж болох юм.

 

Яагаад ингэж байна гэхээр шүүх тогтоогоогүй, сонсгол дуусаагүй учраас “магадлал”-ыг авч үзэж буй хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, сонсголд дуудагдсан болгоныг “...Нүүрсчин” гэхэд хэцүү. Өмнөх ийм жишиг бий. Хөгжлийн банкны хулгайгаар бас л сонсгол хийсэн. Тэгэхэд зарим нь сонсголд хүрч очоод, өөрт наагаад байгаа зээл хуйны талаар онгойтол яриад гарсан. Тийм хүн цөөнгүй байсан. Тэгэхээр нүүрсний сонсголд дуудагдсан бол хямарч, нумраад байх хэрэггүй юм. Тэглээ гээд одоо сонсгол зогсохгүй. Галт тэрэг хөдөлсөн. Монголчууд тэр чигтээ энэ сонсголыг ширтэж байна. Хэн нь хулгайч вэ, хэн нь хэлмэгдсэн бэ гэдгийг харахыг, мэдэхийг хүсэж байна. Тиймээс, нэгэнт л нүүрсний хулгайтай холбоогүй бол сонсгол дээр сайхан явж очвол дээр. Тэгээд үнэнийг ярьчих хэрэгтэй. Бод доо, удахгүй сонгууль болно. Бодвол “...Нэр дэвшинэ” гээд явж байгаа цөөнгүй хүн нүүрсний сонсголын гэрч болчихоод байгаа биз. Тэдний нэлээд нь дор хаяж бүтэн жил “...Нүүрсний хулгайч” гэж цоллууллаа шүү дээ. Хэдхэн сарын дараа болох сонгуульд намаасаа мандат авчихаж дөнгөх байх. Тэгээд очсон ч нутгийнхан нь навсайтал унагана. Угаасаа нүүрснээс хулгай хийсэн этгээдэд нутгаараа байтугай Монголоороо зэвүүцэж, дургүйцэж байна. Тэр утгаараа, сонсгол “...Нүүрсний хулгайтай холбоогүй” гэдгээ тайлбарлах “тайз” нь болж мэдэх юм. Нэрээ цэвэрлэх боломж гэсэн үг шүү.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0