Онцлох мэдээ

Хурдан морины зохицуулалтаа шийдчих гишүүдээ!

 

 


Морио унаж эдлэхгүй мотоцикл, машинаар адуу малдаа явах нь элбэгших тусам хурдан морины соёл, хүүхдээр морь унуулах ахуй алдагдаж, цаашид энэ нь зөвхөн цөөн хэдэн хүний сонирхдог спортын төрөл болох хандлагатай. Үүнтэй бид нүүр тулж байгаа.

Сэрвээний өндөр үү, үүлдэрлэг байдал уу гэж наадам болгон дээр маргасан. Наадам зохион байгуулагчийн үзэмжээр шийдэхээр уур, дургүй 2 зэрэгцээд явчихдаг.
Жинхэнэ шар хор гозойлгосон эвгүй асуудал, үүнээс болоод хүн зодчих дээрээ тулж үзсэн. Олны дунд ичмээр юм билээ. Тиймээс 1 тийш болгох нь зүйтэй. Маргаанаа таслах нь зөв. 
Уяачид сэрвээний өндөр гэж олонхиороо шийдсэн. Миний хувьд тэр хурал дээр үүлдэрлэг байдал дээр гараа өргөсөн. Гэхдээ Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 700 гаруй уяачийн олонхи нь сэрвээний өндөр гээд шийдсэн зүйлтэй одоо маргах ямар ч хэрэггүй. Энэнээс илүү судалгаа, нотолгоо хайх шаардлагагүй.
Гол нь ялгаж уралдуулна гэчихээд ялгаж чадахгүй байгаад л ард түмний дургүй хүрээд байгаа юм. Сум ч бай, улс ч бай 100 жилээр морио уралдуулж чадалгүй, хэлмэгдээд хоцрох л том гунихрал. Заавал түрүүлэхдээ биш, мордуулахдаа олны цэнгэл юм шүү. 
Тиймээс УИХ эргэж буцалгүй, хойшлуулалгүй шийдчих хэрэгтэй байна. Хууль тогтоогчид ямар хүмүүсийг маргалдуулж, зодолдуулж кайф авдаг хүмүүс биш. Шийдэх хэрэгтэй. Харин ер нь наадмын асуудлыг хуулиар зохицуулах ёстой юу, ёсгүй юу гэдэг асуудлыг бид олон жил ярьчихсан. Зохицуулаад ирчихсэн. 100 жил тулгуу болох гэж байхад ийм зүйл рүү эргэж буцах завгүй шүү. Олон юм ярьвал ямар ч асуудлыг яаж ч ярьж хойшлуулаад байж болно. Наадам болох гээд байна. УИХ-ын гишүүдээ.
Шийдчих.
Бүгд л 100 жилийг олон жил хүлээж  бэлдэцгээсэн хэрүүлгүй маргаан багатай байх шалтгаан хэрэгтэй байна. 
 
 
Хуульч Б. Гүнбилэг