Онцлох мэдээ

Ашгийн төлөө Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуульд гомдол гаргаж байна

 

Ашгийн төлөө Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуульд гомдол гаргаж байна


АШУҮИС-ийн Лицей сургуульд 8 сард хүүхэд минь шалгалт өгөөд тэнцээгүй ээ. Энэ сургуулийг сургалт сайтай, төгссөн хүүхдүүд нь анагаахдаа орж чаддаг гэсэн тул хүүхэд маань шалгалт өгсөн. Гэвч оноо нь дутаад орж чадаагүй учир дараагийн төлөвлөгөөгөө гаргаад сайн бэлдэж байгаад анагаахад заавал орноо гэж хичээж байсан. Гэтэл саяхан хүүхдээс маань доогуур оноо авсан найз нь анагаахын лицейд шинэ анги нээгдээд орсон гэж ярьсан байх юм.

Миний хүүхэд бас тэр сургуульд орохыг маш их хүсэж, өөрөө тэнцээгүй учраас улам их хичээж суръя гэсэн зорилгоор хичээлдээ маш их шамдаж байсан. Гэнэт сүүлийн хэдэн өдрөөс хичээлээ ч хийхгүй нэг л идэвхи нь сулраад явчихлаа. Яасан ийсэн гээд асуутал хичээл хийх урам алга, өөрөөс нь дор оноотой сурлага тааруу хүүхэд танил талаараа яриулаад шинэ нээгдсэн ангид орж байхад цаашдаа анагаахад ч бас танил талаараа л орох учир би хичээж шамдах шударга бус санагдаж байна гэсэн юм.

Яагаад хүүхдэд ийм бодол төрүүлэхээр үйлдлийг энэ  сургуулийн удирдлага гаргадаг байнаа. Хүүхэд хүртэл ажлаа төлөвлөж байхад, ийм том сургууль ямар ч төлөвлөгөөгүй, хичээлийн дундуур ингэж анги нээж ч байх гэж. Ингэж хүүхдүүдийн сэтгэл санаагаар тоглож байх ч гэж.

Сураг сонсохнээ Анагаахын захирлын томилгоогоор шинээр томилогдсон, мэргэжлийн бус захирлын сургуульдаа хийж байгаа анхны ажил бололтой. Ийм дураараа хичээлийн дундуур анги нээж болох уу? ямар үндэслэлээр нээж байгаан бэ? Ашиг олж, танил талуудынхаа хүүхдийг авч л байвал хүүхдүүдийн сэтгэлийг үймүүлэх нь хамаагүй юу? танил талгүй аав ээжийн хүүхэд ийм шударга бус зүйлийг хараад цаашдаа хэрхэн өсөж томрох вэ? би хүүхэддээ юу гэж тайлбарлаж өгөхөө мэдэхгүй байна.

Энэ шинэ ангийн цаана ямар нэг ашиг сонирхол байгаа болоод л нээгдэж байна гэж харж байна. Манай улсын тэргүүний гэх тодотголтой их сургууль, түүний лицей сургуульд ийм зүй бус үйлдэл гарч байгаа нь манай улсын боловсрол хэр хэмжээнд очсоныг илтгэж байна.

Шинэ засгийн газар мэргэжлийнх гээд байсан томилсон томилгоонууд чинь мэргэжлийнх байж чадаж байгаа эсэхийг шалгадаг, хянадаг байгууллагууд нь шалгаад өгөөч, намын наймаачин удирдаад байна уу? Мэргэжлийн багш удирдаад байна уу? Мэдээд өгөөч...

Түмэн.мн