Онцлох мэдээ

Цар тахал боловсролын салбарт сэрүүлэг өгсөөр байна

 
 

 

Дэлхий нийтийг хэрсэн "COVID-19” цар тахлын халдвар олон салбарт хүндрэл бэрхшээл учруулж байгаа ч эд материал, эдийн засгийн хохирлоос илүү эрүүл мэнд, боловсролын салбарт илүүтэй том хохирол учруулж болзошгүй байна. Тиймээс дэлхийн олон оронд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж, Ази, Европын орнуудад ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудынхаа үйл ажиллагааг нээж байна. Өөрөөр хэлбэл, багш сурагчид, эцэг эхчүүдийн олонх нь цахимаар бус танхимын сургалтаар хичээллэхыг илүүд үзжээ. Энэ нь цаанаа олон шалтгаантай.  Цаг үеийн нөхцөл байдлаас харахад, дэлхийд халдварын тархалт буураагүй, байдал бас хүнд байна. Гэсэн ч боловсролын салбар хаалгаа барьснаар түүнээс ч илүү хүндрэлтэй асуудлууд үүсэж болзошгүй байгааг дэлхийн улс орнууд онцолж байна.
 
ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭНД СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТ, СУРГАЛТЫН ХОЦРОГДОЛ ҮҮСЧ БАЙНА
 
Олон улсын тоон мэдээллүүдээс харахад, 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн бага боловсрол эзэмшиж буй хүүхдүүдийн 86 хувь нь сургуулиас гадуур, гэрийн нөхцөлд, хөл хорионд  байгаа нь буурай хөгжилтэй улс орнуудад  байдлыг улам дордуулж байгаа аж. Мөн дэлхий даяар сургууль завсардалтын түвшин өсөх хандлагатай байна. Хамгийн анхаарууштай нь, боловсролын салбарын үйл ажиллагааг тасалдуулснаар  өсвөр насны охидын олонх нь  хямралын үед хоёр дахин их сургууль завсарддаг. Гэр бүл, жендерт суурилсан хүчирхийлэлд илүүтэй өртдөг гэдгийг олон улсын мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Манай улсад ч бас боловсролын салбарын үйл ажиллагаа тааруухан үнэлгээтэй урагшилж байна. Ялангуяа, сургуулийн өмнөх насныхан, хөгжлийн бэрхшээлтэй   хүүхэд, залуучуудын боловсролын түвшин үе тэнгийнхнээсээ хэд дахин доогуур болж буурч байгааг эцэг, эхчүүд хэлж буй. Түүнчлэн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчид, их, дээд сургуулийн төгсөх курсынхан гээд  цахим сургалтаас олсон шүүрдсэн нь бага, хичээлийн хоцрогдол ихтэй нэгэн үеийнхэн элсэж бас төгсөж байна.
 
Дунд нь сургууль завсардсан, хичээлийн хоцрогдол үүссэн хэдэн мянган хүүхэд байгааг бид таашгүй. Тиймээс боловсролын салбарын үйл ажиллагаа энэ хэвээр цааш үргэлжилбэл, "цар тахлын үеийнхэн” гэдэг сургууль завсардсан "харанхуй” нөхдүүд нэгэн үеэрээ гарч ирж мэдэхээр байна гэдгийг хичээлийн ирц, дүнгийн судалгаа, мэдээллүүдээс харж болохоор байна. 
 
ЦАР ТАХАЛ БА ДИЖИТАЛ ОРЧИН
 
"COVID-19” энэ мэтчилэн боловсролын салбарт олон зүйл дээр анхааруулах дохио өгч байна. Үүний нэг нь сургалтын дижитал орчин буюу зайны сургалт юм. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд боловсролын системийг дижитал хэлбэрт оруулж, алсын зайнаас сурахад бэлтгэгдсэн улс орон байсангүй. Гэсэн ч сургалтын үйл ажиллагаандаа зайны сургалтыг эртнээс нэвтрүүлсэн сургуулиуд, технологийн боломжуудийг олон жилийн өмнөөс ашиглаад явсан улс орон, бүс нутагт  зайны сургалт болон боловсролын салбарын үйл ажиллагаа харьцангүй жигд явж байгааг боловсролын салбарынхан онцолж байна. Харин мэдээллийн технологи сайн хөгжөөгүй, дижитал орчин дутагдалтай байгаа манайх шиг улс оронд "COVID-19” боловсролын салбартаа, ялангуяа бага, дунд ангиас нь эхлэн цахим сургалтыг яаралтай нэвтрүүлэх, багш оюутнуудад энэ чиглэлийн сургалтыг өгөх, багш сурагчдынхаа ур чадварыг нь дээшлүүлэх, цахим орчин дахь уялдаа холбоогоо илүү  сайжруулах гэсэн сануулгыг өгөх шиг болов. Учир нь, цахим сургалтаар хичээллэх явцад,  IT мэдлэг өндөртэй хүүхдүүд багш нарынхаа ур чадвар, видео хичээлийн боловсруулалт зэргийг голж шоолох нь энүүхэнд байв. Ялангуяа, их, дээд сургууль, ЕБС-ийн  зарим багш нарын цахим хичээл боловсруулах мэдлэг, ур чадвар тааруухан, болхи байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байлаа. Хоёрдугаарт, цахимаар хичээл орох нь манай Монгол шиг баян хоосны ялгаа, дундаж давхрагынхан хэмээн эдийн засгийн үнэлгээ, амьдралын чадавхи, боломж бололцоогоороо гурав хуваагдсан улс оронд харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.
 
Тухайлбал, амьдралын боломж дааруухан, 1-3 хүүхэдтэй айл өрхөд  цахимаар хичээл үзэх нь теле хичээлийн цаг давхацах, ухаалаг утас, интернэтийн сүлжээ, өөрийн гэсэн зөөврийн компьютер хэрэгсэл байхгүй гэр хорооллын орчин нөхцөлд болон хөдөө алслагдсан сумдын хүүхдүүдэд хүндрэлтэй тусч байгааг хүүхдүүд гэлтгүй томчууд хүртэл хэлж байв.
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНД ХЭРХЭН АНХААРАХ ВЭ?
 
Мөн энд цар тахал, цахим хичээлтэй уялдуулан ярих бас нэгэн чухал сэдэв бол өсвөр үеийнхний цахим хэрэглээ юм. Цахим хичээл хийх нэрийдлээр бүх л хүүхдүүдийн утас, компьютер шагайх цаг мэдээж уртсаж таарна.  Гэтэл өсвөр үеийнхний цахим хэрэглээний мэдлэг ойлголт тааруухан байхын хэрээр сүүлийн жилүүдэд цахим гэмт хэрэгт өртөх хувь өндөрсөж буй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2018 онд анх удаа 21 аймагт үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулсан байдаг. Энэ судалгаагаар монгол хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан байдаг. Харин МУБИС-ийн багш нарын цахим хэрэглээний талаарх судалгаанд өсвөр насны хүүхдүүд "Сошиал ертөнцийг чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгсэл болгон ашигладаг” гэж хариулсан байдаг. Мөн энэ үеэр "Фэйсбүүк орчны аюулгүй хэрэглээг хэр сайн мэдэх вэ” гэсэн хариултад хүүхдүүдийн дийлэнх нь буюу 47 хувь нь мэдэхгүй, 26 хувь нь хариулаагүй үлдсэн байдаг. ЕБС-ийн сурагчдын цахим орчны мэдлэг, хандлага ийм байхад бид цахимаар яаж хичээлээ явуулах вэ. Мөн цахим хэрэглээг хэрхэн зөв ашиглах талаарх хичээл, мэдлэг ойлголтыг эртнээс, дунд ангиас нь  өгч эхлэхгүй бол цахим хичээл маань араасаа бас олон асуудал дагуулж мэдэхээр байна.  Энэ мэтчилэн цар тахлын үеийн боловсрол бидэнд цаашид яах вэ гэсэн олон асуултыг  тавьж байна. Дээр нь, цар тахлын үед дэлхийн бусад орнуудын туршлагыг харахад, бүх нийтийн боловсролыг дэмжихэд гадны улс орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээ өргөн ашиглаж, олон нийтэд зөв мэдээллийг түргэн шуурхай дамжуулж байна.  Харин Монголд эсрэгээрээ, хол хорионы дэглэмтэйгээ уялдуулж, мэдээллийн хэрэгслээ хорих цагдах нь давамгайлж байв. Байдал ийм байхад цахим хичээлээс бид ямар үр дүн хүлээх вэ?
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин