Онцлох мэдээ

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

 

 


Монгол Улс Дээд шүүхэд бүртгэлтэй  34  улс төрийн намтай.  Үүнээс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам,  дөрвөн эсвэл, 160  гаруй бие даагч, нийт 660 нэр дэвшигч оролцсон. Сонгуулийн өмнө нийгмийн уур амьсгал "60 тэрбум”, ЖДҮ, концесс, тендерийн наймаагаар мөнгө хүүлж,  ард түмнээ туйлдуулсан Ардын намыг сонгохгүй. МАНАН-г халж нар мандуулах сонголтыг хийнэ гэцгээж байв.  Гэтэл  сонгуулийн дүн гарахад МАН УИХ-д 62 суудал авч, АН 11, бие даагч нэг, "Та бидний эвсэл” , "Зөв хүн электорат” эвслээс тус бүр нэг  суудал авсан. Сонгуулийн үр дүнг том зургаар харвал МАН ердөө 30 гаруйхан хувийн саналаар төр, засгийн эрхийг барих боломжийг өөртөө төвлөрүүлсэн.  Нөгөө талд  нийт сонгогчдын 60 хувийн санал гудамжинд үлдсэн. Олон нам, нэр дэвшигч, бие даагчдын тоогоор санал хуваагдсан. Дээр нь эрх баригч намын зүгээс санал тоолох "Хар машин”-д  урьдчилан бий болгосон луйврын тохируулга   нөлөөлсөн.Төрийн байгууллагууд бүгд эрх баригчдын дохио зангаагаар  үйлчилсэн зэрэг хүчин зүйлүүд бас бий.  Сонгуулийн дараа  улс төрийн нам, эвслүүд тус тусдаа хурлаа хийж, тайлангаа нэгтгэж, дүгнэлтээ гаргахдаа бүгд  дээрх дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнийгээ  ил тод мэдэгдэж байв. Сонгууль болохын өмнө болоод сурталчилгааны үеэр  эрх баригч нам луйвар хийж байна гэж олон нийтэд мэдэгдсэн хүн цөөнгүй. Үүнийг цагаан дээр хараар бичигдэж үлдсэн өнгөрсөн сонгуулийн үйл явдал, баримтууд гэрчилнэ.
Тухайлбал, МАХН-ын дарга, "Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр  зургадугаар сарын 22-нд болсон  сонгуулийн сурталчилгааны хаалтын ёслол дээр  хэлсэн үгэндээ "Сонгууль шударга болоосой, улс орны өмнө тулгамдсан улс төр, эдийн засгийн шийдэл гарцууд нээгдсэн сонгууль болоосой гэсэн хүсэлт хүлээлт их байлаа. Гэтэл МАН ялагдахаа мэдчихээд луйвар хийж эхэллээ.
Манай нэр дэвшигчдээс дор бүрдээ  тухайн тойрогт юу болоод байгаа талаар мэдээлэл ирүүлж байна. МАН ялбал энэ сонгууль  хүчингүй. Бид сонгуулийг  шударга явуулахыг шаардаж,  монголчуудтайгаа хамтран тэмцэх болно. Монголд шударга сонгууль явуулж, жинхэнэ ард түмний  элч нар сонгогддог тогтолцоог бий болгохыг төлөө тэмцэлд нэгдэнэ”  гэж  байв. Шинэ эвслээс нэр дэвшигч Ц.Баттуяа  УИХ-ын сонгуулийн дүнг эцэслэн гаргахын тулд нийт 29 тойрогт хяналтын тооллого хийх үеэр  "Сонгуулийн төв байгууллага зориудаар будлиантайгаар зохион байгуулсан байж болзошгүй тул улс төрийн нам, эвслүүд, бие даагчид хамтран шаардлага гаргасан. Гэтэл эрх баригчдын томилсон төрийн албан хаагчид хяналтын тооллогоор МАН-ын луйврын сонгуулийг баталгаажуулах, хууль зөрчсөн үйл ажиллагаа болж эхэллээ. Тухайлбал, хяналтын тооллогоор ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна. Энэ нь саналын хуудсыг хуурамчаар бүрдүүлэх магадлалтай. Мөн хяналтын тооллогод бусад нам, эвслийн ажиглагчдыг ойртуулахгүй, холоос харуулж байна. Хэсгийн ажилчид ажиглагч нарыг хуульд заасан эрх, боломжоор хангахгүй байна. Мөн хэсгийн дарга нар тоо буруу байна гэхэд засварлаж буй тэмдэглэл үйлдэхгүйгээр эрх баригч намд үйлчилж байна. Хэсгийн ажилчид тооллого хийхдээ 25-аар багцалж байгаа ч нэр дэвшигчийн саналыг өөр нэр дэвшигч дээр тоолсныг засахгүй байх, цагдаагийн албан хаагчид хэсгийн даргын үгээр хөдөлж, эрх баригч намд үйлчилж байна. Нэг сонгогч хоёр болон гурваас дээш санал өгсөн баримтыг иргэд олноор ирүүлж байна” гэж мэдээлж байв.
Хөвсгөл аймагт  нэр дэвшсэн Т.Бат-Оргил УИХ-ын сонгуулийн дараа мэдэгдэхдээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт явж байхдаа "бие даагч нарыг битгий сонгоорой. Тэд хэн ч биш үү” гэж Үндсэн хуулиа зөрчиж мэдэгдэл хийсэн. Яг энэ зарчмаараа сонгуулиа явууллаа. Сонгуулийн хууль ч Үндсэн хуулиа зөрчиж баталсан. Улаанбаатарт 35 мандат байх ёстойг 24 болгож үлдээгээд, бусдыг нь хөдөө орон нутагт шилжүүлснээс эхлээд Үндсэн хууль зөрчсөн. Би хэсэг нөхдийнхөө хамт Цэцэд гомдол гаргасан. Цэцээс ямар ч эрүүл хүний ой тойнд багтахааргүй хариу өгсөн. Улсад шударга ёс гэж байхгүй гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Их хурал Үндсэн хууль зөрчсөн онцгой бөгөөд бүрэн эрхтэй гэсэн хариу албан ёсоор өгсөн. 
 
 Монгол Улсад сонгуулийн тэгш эрх гэж байхгүй. Үүний хар гайгаар ийм нөхцөл байдалд хүрсэн. 2020 оны сонгууль нам ялах уу, улс ялах уу гэдэг л сонгууль явсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн сонгуулийн өмнө тэрээр өөрийн цахим хуудаст  УИХ-ын ээлжит сонгуулийн луйвар булхайг нэг мөр болгож шийдвэрлээгүй байж дараагийн сонгуулийг явуулах гэж байгааг шүүмжилж байгаагаа илэрхийлээд байна.  
 
 
Тэгвэл ирэх орон нутгийн сонгууль МАН ба бусад гэсэн хүчний харьцаагаар явагдах нь тодорхой боллоо. Өнгөрсөн долоо хоногт АН, МАХН, ШИНЭН    орон нутгийн сонгуульд хамтран оролцохоо мэдэгдсэн. Үүний өмнө АН, МАХН, ИЗНН, ШИНЭН, бие даагчдын холбоо хамтран луйврын сонгуулийн дүнг эргэн харж,  дахин санал хураалт явуулах асуудлаар Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм. Тэгвэл ардчилсан угшилтай намууд "Ардчиллаа аварч бэхжүүлье”  хөдөлгөөн өрнүүлж, орон нутгийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоо эхнээсэээ зарлаж эхэллээ. Тэд квот, мандатын асуудлыг орхиж,  аюулд орсон  ардчиллаа хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаж байна  хэмээн байр сууриа тодотгож байгаа юм. Энэ дунд УИХ-ын ээлжит сонгуульд монгол хүний  эрх ашгийн төлөө  ард түмэнтэйгээ эвсэнэ хэмээн  "Та бидний эвсэл”   байгуулан оролцсон МАХН, ИЗНН, МУНН мөн томоохон байр суурийг эзэлж буй юм. Ардын намаас бусад улс төрийн хүчин иргэд, сонгогчидтойгоо нэгдсэнээр   "Ард түмний эвсэл” ийнхүү байгуулагдаж байна.  Ирэх орон нутгийн сонгууль иргэдийн элч нарыг ИТХ-д илгээх үү,  эсвэл эрх баригч намын  гар хөл болсон "цүнхчин”, "тендерчин”, ЖДҮ-чин, "60 тэрбум”-чинг гаргаж ирэх үү. УИХ-д 62 суудалтай  сонгууль будлиулж гаршсан эрх баригчид дахиад "Хар машин” ажилуулж, цэг таслалаар луйвар хийх үү   гэдэгт   ирэх  сарын 15-нд болох санал хураалт  хариу өгөх болно. 
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин