Онцлох мэдээ

Жолооч таны хоромхон зуурын хэнэггүйтэл хайртай бүхнийг чинь орлохгүй

 

 


Бидний  мэддэг ч мэдээгүй мэт аашилдаг, сонссон ч анхаардаггүй сэдэв бол зам тээврийн осол. Хоромхон зуурын хэнэггүй үйлдлээс болж хайртай дотны хүнээ алдаж, насан туршдаа харамсал тээн амьдрах нөхцлийг зам тээврийн осол үлдээж байна. Гэвч жолооч гэж хэнийг хэлэх вэ, зорчигч та ямар үүрэгтэй вэ. Жолооч та жолоогоо л барих үүрэгтэй юу. Зорчигч та хөгжим чангалж, яриа өрнүүлэх л үүрэгтэй гэж үү. Зорчигч  ч жолооч ч тэр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүй.

Зам тээврийн ослоос үүдэн 29 настай бүсгүй нас барж, 2 хүүхэд нь өнчирч, эцэг нь тахир дутуу болсон хэрэг өнгөрсөн онд бүртгэгдсэн. Энэ бол ганцхан хормын дотор болоод өнгөрсөн зам тээврийн ослын улмаас нэгэн гэр бүл хайртай мөч бүхнээсээ хагацсан олон жишээний ердөө нэг нь. Ослын улмаас амиа алдсан охины ээж "Зовлон гунигийн далай гэж байдаг бол үзүүр тохой нь харагдахгүй тийм их далайн дунд биднийг унагалаа” хэмээн сэтгэл шимшрэн мэгшиж суусан билээ.

Иймдээ ч жолооны ард сууж, үнэмлэх авсан хүн бүрийг жолооч гэж хэлэхэд хэцүү нийгэм болжээ. Учир нь жилд зам тээврийн ослын улмаас 560 орчим хүн амь насаа алддаг аж. Нийт бүртгэгдсэн ослын 90 орчим хувийг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг гэнэ. "Би жолооч” гэж хэлэхээсээ урьтаад та өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлаа хангасан эсэхээ шалгах хэрэгтэй байна.  

"Зам тээврийн ослын газрын дүр зураг үнэхээр сэтгэл эмтлэм байдаг"

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Хосбаяр "Хүний бие махбод, эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл хохирол учруулах зэрэг хүнд шинжтэй гэмт хэргүүдээс ялгаатай нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөнөөс үүдсэн хэргийн газарт хүмүүс илүү гэмтсэн байдаг. Учир нь тээврийн хэрэгсэл буюу хүчтэй техникийн үйлчлэл тухайн хүнд гэмтэл учруулж байгаа тул зам тээврийн осолд өртөгсөд илүү хүнд гэмтэл авдаг гэсэн үг. Хоромхон зуурт болж өнгөрсөн зам тээврийн ослоос болж эрүүл мэндийн хувьд нөхөж болшгүй хохирол амсаж байна. Зам тээврийн ослын хэргийн газарт очиж ажиллахад тухайн тээврийн хэрэгсэл шахагдаж лааз мэт болчихсон дүр зураг ч байдаг. Мөн машин дотор дарагдсан хохирогчийг аврах ангийн тусламжтайгаар гаргах ч үе бий. Зам тээврийн ослын буруутай үйлдлийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд, нэгдүгээрт жолоочийн буруутай үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, жолооч нар суурин газар жолооддог тээврийн хэрэгслийг хөдөө орон нутгийн замд унаж хурд хэтрүүлдэг. Суурин газар унах зориулалттай тээврийн хэрэгсэл нь бензин, туслах материал бага иддэг, нимгэн материалаар хийгдсэн байдаг.

Зам тээврийн хэргийн газар дээр ажиллахад ихэвчлэн ар гэр, жолооч, зорчигч нараас арай ухаан саруул байгаа хүмүүс нь шок-ын байдалд орсон байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг авч шокны байдлаасаа ухаан орж сэргэх үедээ ослын нөхцөл байдлыг харах мөн хайртай дотны хүнээ алдсанаа мэдээд ихээр харуусдаг. 6-8 дугаар саруудад зам тээврийн ослын 70-75 хувь нь бүртгэгддэг. Ганцхан секундэд зам тээврийн осол гардаг учраас замын хөдөлгөөний дүрмийг барих шаардлагатай” хэмээв.

"Жолоочийг дүрмийн дагуу явуулахад зорчигч үүргээ биелүүлж, шаардлага тавих ёстой”

Өнгөрсөн жилээс зам тээврийн ослын тоог бууруулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, анхааруулах зорилгоор "Яараад яахав дээ” аяныг ЦЕГ-аас өрнүүлсэн. Аян нийгэмд  эерэг давлагааг үүсгэж, олон жолооч нарыг эгнээндээ нэгтгэн зам тээврийн ослоос хамтдаа урьдчилан сэргийлж чадсан билээ. Тэгвэл "Яараад яахав дээ-2” аян энэ сарын 02-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр болсон. "Яараад яахав дээ-2" аяны үйл ажиллагааг цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын өндөр дэглэмтэйгээр зохион байгууллаа. Энэ үеэр хөдөө орон нутгийн замд зорчиж буй иргэдэд анхааруулга, аяны мэдээллийг хүргэж ажилласан юм.

Аяны талаар ЦЕГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл "Яараад яахав дээ аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн аянаар зөвхөн жолоочоос гадна зорчигч руу анхааруулгыг хүргэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жолооч болон зорчигч хоёул хэн хэндээ харилцан шаардлага тавих ёстой. Тухайлбал, энэ удаагийн аяны логондоо хайр халамжийн илэрхийлэл болгож зүрх гэсэн тэмдэгтийг оруулж өгсөн. Ийм эерэг нөлөөллийн аргаар гэр бүл, хайртай дотны хүмүүс бүгдэд нөлөөлөх байдлаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх юм.

Жолооч нар маань машиндаа гэр бүл, хайртай дотнын бүх л хүмүүстэйгээ зорчдог. Иймдээ ч хажуудаа зорчиж буй хүнийхээ аюулгүй байдлыг жолооч хангах ёстой.  Жолоочийг дүрмийн дагуу явуулахад зорчигч үүргээ биелүүлж, шаардлагаа тавих ёстой.

Өнгөрсөн оны аяны хугацаанд зам тээврийн осол 50.8 хүртэлх хувиар буурсан. Зам тээврийн осол аяны хугацаанд буурсан боловч аяны дараагаас зам тээврийн осол нэмэгдсэн нь жолоочийн өөрийн хариуцлагагүй байдал байгаа болох нь ажиглагдаж байгаа юм. Аяны хугацаанд өгч буй мэдээ мэдээллийг жолооч нар маань үргэлж, тогтмол мөрдүүлж, амьдралын зөв дадал зуршлын нэг болгох нь  аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм.

Аяны хүрээнд торгууль, хариуцлага тооцохоос илүүтэйгээр иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, анхааруулах байдлаар ажиллана. Мөн орон нутгийн замын цагдаагийн тасгууд өөрийнхөө аймгийн нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр бүртгэгддэг, осол аваар гардаг цэгүүдээр хяналт шалгалтуудаа зохион байгуулж ажиллана.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор дотоодын аялал зугаалга нэмэгддэг. Хөдөө орон нутгийн замын ачаалал эрс нэмэгдсэн байна.

Аянд Мобиком корпораци олон Оюу толгой компаниуд маань хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Мөн автомашины холбоонууд дэмжин оролцохоор ирсэн. Өнөөдрийн байдлаар CROWN STAREX,  ALPHARD клуб болон мотоцикл эзэмшигчдийн группын залуус дэмжин оролцож байна. Сүүлийн үед залуучууд эерэг зүйлд их уриалдаг болсон нь сайшаалтай. Нөлөөллийн аянд нэгдэж байгаа нь залуучууд нийгмийн хариуцлагаа ухамсарлах, бусад жолооч зорчигч нарт сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа юм” хэмээв.

"Бяцхан үрсээ зам тээврийн ослоос хамгаалъя”

Жилд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдийн 40 орчим хувь нь бага насны хүүхэд байна. Нэгхэн жилийн дотор бид хэд хэдэн анги дүүргэчих хэмжээний бяцхан үрсээ зам тээврийн ослын улмаас алджээ. Хичээл сургуулийн улирал эхэлсэн үед замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх нь ихэсдэг. Харин урин дулааны улиралд амралт, зугаалгаар явах үедээ хүүхэд зам тээврийн ослын хохирогч болох нь их аж. Иймд хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүстэйгээр тээвэрлэх нь чухал болохыг цагдаагийн байгууллагаас сануулсаар буй.

10 хүртэлх насны хүүхдийг автомашинаар орон нутгийн замд тээвэрлэхдээ хамгаалалтын бүс, 0-3 насны хүүхдийг зориулалтын суудалтайгаар тээвэрлэх хэрэгтэй байдаг аж. Гэхдээ эцэг эхчүүд бага насны хүүхдээ зориулалтын суудалтайгаар тээвэрлэхээс илүүтэй өвөр дээрээ суулгасан нь ажиглагддаг. Иймдээ ч энэ жилийн "Яараад яахав дээ” аяны хүрээнд хүүхдээ хамгаалалтын суудалтайгаар тээвэрлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас бэлтгэж өгсөн самбарыг барьж зураг авахуулах бөгөөд тухайн зургийг цахим хуудсанд байршуулах гэнэ.  

"Жолооны ард суусан бол өөрийн гэлтгүй хайртай бүхнийхээ аюулгүй байдлыг хангаарай”

Аяны үйл ажиллагаанд урлаг соёлын одод болон автомашины клубын залуус дэмжин оролцож, бусад жолоочдодоо анхааруулга сануулгыг хүргэж ажилласан юм. Тэд "Яараад яахав дээ” аян зөв цаг үед зохион байгуулагдаж, олон нийтэд хүргэх ажлыг мэдэрч чадаж байгааг онцолж байлаа.

"Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин, МУСТА Г.Эрхэмбаяр "ЦЕГ-аас сүүлийн жилүүдэд нөлөөллийн аянуудыг маш ихээр зохион байгуулж байгаа. Энэ дундаас хамгийн  ач холбогдол өндөртэй, олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлгийн бодит үр дүнтэйгээр гаргаж чадсан нь "Яараад яахав дээ” аян гэж миний хувьд бодож байна. "Яараад яахав дээ” аянаар тээврийн хэрэгслийн жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байгаа нь хайртай дотны хүмүүсийг нь давхар хамгаалж байгаа хэрэг. Зам тээврийн ослын бодит тоон баримт нь хэн ч сонссон сэтгэл эмзэглүүлэхээр байна. Жилд зам тээврийн ослын улмаас амиа алдаж байгаа хүүхдийн тоо, жолоочийн тоог сонсоход харамсал төрөхгүй байхын аргагүй.

Урлаг соёлынхон маань энэ мэт нөлөөллийн аянуудад цагдаагийн байгууллагатай хамтарч чадах хэмжээндээ хүүхэд, залуусыг эерэг хандлагад уриалах, давлагаалах хэрэгтэй гэж боддог. Сошиал мэдээ их хөгжсөн үед цаг үеээ басхүү мэдээ мэдээллээ хэрхэн таниулах вэ гэдгээ мэдэрч ажиллаж байгаа ЦЕГ-ын хамт олонд талархаж байна".

"ТВ коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал "ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй "Яараад яахав дээ” аянд дэмжин оролцож байгаадаа баяртай байна. Бид аз жаргалтай мөчөө хайртай гэр бүлийнхэнтэйгээ яаралгүйгээр сайхан өнгөрүүлэхийг хүсдэг. Аялал бүхний ард жолоочийн үүрэг хариуцлага гэж байх ёстой. Би ч урин дулааны улирал гэлтгүй л хөдөө орон нутаг руу жолоогоо залдаг. Тийм ч учраас жолооны ард суусан бол яаралгүй, тайван явахыг уриалмаар байна. Гай газар доороос, гахай модон дотроос гэдгийн адилаар хэлж ирэхгүй аливаа эрсдэл бүхнээс өөрийг болоод өрөөлийг хамгаалах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан гадагшаа бус дотоодын аялал жуулчлал нэмэгдэх хандлагатай байна. Хурдыг жолооч тохируулна. Харин түүнийг нь зорчигч ч хянах ёстой. Тийм ч учраас жолооч нар маань аян замдаа тайван явах хэрэгтэй. Яарвал даарна гэдэг шиг даарахын тулд яарах хэрэггүй. Аялаж зугаалсан үедээ аль болох нойр бүтэн, сайн амарсан үедээ жолооны ард суух хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

ALPHARD LUXURY 672 клубын гишүүн Ш.Нямсүрэн "Манай клуб байгуулагдаад гурван жил болсон. Энэ жил анх удаа "Яараад яахав дээ-2" аяныг дэмжин клубээрээ оролцож, жолооч нарт анхааруулга сэрэмжлүүлгийг хүргэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Клубээс 30 машин, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Манай залуучууд жолооны ард суугаад дүрэм журмаа мөрддөг байвал зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж чадна шүү дээ. Гэтэл хөдөө орон нутаг гэлтгүй нийслэл доторх замын хөдөлгөөнд оролцохдоо залуучууд дүрмээ баримтлахгүй байгаа нь ажиглагддаг. Жишээлбэл, сая цуваанд ирэхэд урдуур дарж орж ирэх, осол гаргахаар нөхцөл байдал гаргахад ойрхон байна. Ер нь залуустаа хайртай гэр бүл, эрүүл мэндээ бодсон ч тэр замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хурдаа тохируулж байгаарай гэж уриалмаар байна.

Өлмий дор тань бүхэл бүтэн амьдрал байдаг гэдгийг санаарай. Муу ёрлосон байж хэдий ч аливаа болзошгүй эрсдэлээс та бид цаг ямагт сэргийлж явах нь чухал. Иймд жолооны ард суусан хэн ч хайртай бүхнийхээ аюулгүй байдлыг ханган зорчоорой.