Онцлох мэдээ

Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

 

 


ЭМЯ-наас өчигдөр өглөө 11:00 цагийн мэдээллээ өгөхдөө дэлхий даяар коронавирусээр 10.2 сая хүн өвчилж, 503 мянган хүн нас барсан талаар мэдээлсэн. Харин Монголд халдвар авсан нийт тохиолдол 220 болж, 175 хүн эдгэрсэн.  45 хүн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байна.  Өдөр өдрөөр нь халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгэрсэн нь их учраас айж ичээд байгаа хүн алга. Гэвч дэлхий дахинд коронавирусийн халдвар буурахгүй байна. Энэ сарын 29-ний 11:00 цагийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 2.6 саяыг давсан. 24 цагийн дотор 40 мянган хүн шинээр халдварласан.

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр бол 28-ны өдрийн байдлаар 44 мянган хүн шинээр өвчилж, 650 гаруй хүн нас барсан байна. АНУ-ын 36 муж улсад халдвар улам нэмэгдсээр байгаа аж. Тиймээс зарим мужид далайн эргийг хаах, баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох зэргээр хөл хорио тогтоож эхэллээ. Америкийн тархвар судлаачид өвчний тархалт илүү ихээр нэмэгдэж байгааг ч анхааруулж эхэлжээ.   Сүүлийн 3 өдрийн турш Америкт шинээр халдвар авсан хүний тоо 40 мянга даваад байгааг ч хэллээ. Харин амиа алдсан хүний тоо нийтдээ 128 мянгыг давчихаад байна. 

Цаашлаад Өмнөд Америкт Бразил улсад 1.3 сая хүн халдвар авч, нас барагсдын тоо 57 мянгыг давлаа.  Манай хойд хөрш Орост халдвар авсан хүний тоо 634 мянгыг давж, нас барсан хүн 10 мянгад хүрэх дөхөж байна. Энэтхэг халдвар авсан хүний тоогоор дөрөвт бичигдэж байгаа ч нас баралтаараа Оросоо хоёр дахин их байна. БНСУ-д ням гарагт 42 тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.  Сөүл хот дахь сүмээс үүдэлтэй халдвар тархаж эхэлж. Харин Хятадад ням гарагт 12 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний 7 нь Бээжинд бүртгэгдсэн аж.  Ням гарагт Бээжингээс 150 км зайд байх Ан Шин мужид бүрэн хөл хорио тогтоосон талаар ч ЭМЯ-аас мэдээллээ. Учир нь тус мужаас Бээжин рүү загас нийлүүлдэг учраас том дэгдэлт гарахаас сэргийлж хөл хорио тогтоосон аж. Израйль улсад өвчлөл дахин дэгдэж эхэлсэнтэй холбоотой тус улсын Эрүүл мэндийн сайд нь коронавируст халдварын хоёр дахь давалгаа эхэллээ гэдгийг ч мэдэгдэж.

Дэлхий цаана чинь ингэтлээ бужигнаж, коронавирусийн хоёр дахь давалгааны талаар яриад эхэллээ.  Хоёр хөршид өвчлөл гарсаар байна. Тэр дундаа ОХУ, манай хил залгадаг Буриад, Тува, Чити, Эрхүүд ч өвчлөл буурахгүй нэмэгдэж, зарим газар нь эрүүл мэндийн байгууллагынх нь хүч хүрэхээ ч байж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Харин манайд коронавирусийн талаар бараг л мартах шахчихаж. ЭМЯ-аас өглөө болгон мэдээлэл хийж, сануулж байгаа тулдаа л мартчихаагүй байна.  Амны хаалт зүүх иргэдийн тоо өдөр өдрөөр багасгаад л. Зуны урин дулаан цаг ирсэн болохоор тэр юм байлгүй. Хүн хоорондын зай барих бол өнгөрсөн хорвоо.  Сая амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбайн усан оргилуурыг сонирхлоор. Тэнд найр наадам болж байна. Залуучууд дуулж хуурдаж, тоглолт хийгээд, үзэж байгаа нь наалдаад суучихсан. Амны хаалтгүй хүмүүс цөнөгүй л харагдсан.

Дотооддоо халдвар алдаагүй юм даа гэж л тайвширахаас өөрөөр яалтай.  Түүнээс биш сонгууль, сурталчилгаа, санал хураалт гээд жинхэнэ утгаараа бөөгнөрч, халдвар хамгааллын дэглэмийг ор тас мартсан. Сонгууль дууссаны дараа ч гэсэн зарим нэг нам, эвсэл, бие даагчид ялагдалтайгаа эвлэрч чадахгүй, өч төчнөөн хүн цуглуулаад гүйгээд байна.  Одоо болно оо, хаана хаанаа сонгуулиа март. Гишүүн болсон нь ажилдаа ороод, коронавирустээ анхаарлаа хандуул. Өнөөдөр УОК хуралдаж, зарим хөл хориог хэсэгчлэн цуцалж магадгүй сурагтай байсан.  Баар, караокег нээх ч магадлалтай байна. Эдийн засаг элгээрээ хэвтэх дээрээ тулаад байгаа энэ үед зарим нэг хөл хориогоо цуцлахад буруудах юу. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг сайтар барихыг шаардаж, чадахгүй бол буцаагаад хаана гэдгийг нь сайтар сануулаарай, хэрвээ нээх гэж байгаа бол.

Зарим хүмүүс хилээ нээж, иргэдээ оруул гээд шаардаад байна. Гадаадад гацсан иргэдээ авчрах ажлыг илүү идэвхжүүлэх шаардлага байгаа юу гэвэл тийм. Гэхдээ хилээ нээх нь ч юу юм. Одоо сонгуульдаж дууссан юм чинь иргэддээ анхаарал тавих байлгүй дээ, энэ төр засаг нь.  Тэгэхгүй бол цаана чинь Монголын үнэт баялыг болсон иргэд чинь хэцүүдлээ, зарим нь үхэл амьдралын заагт байна. Тиймээс татан авалтаа жаахан эрчимжүүл.  Гадаадад байгаа бүх хүн өвчтэй биш.  Тусгаарлах байрны хүрэлцээ гэсэн жижигхэн юм ярих ч утгагүй. Шийднэ гэвэл шийдэл олдоно. Хамгийн чухал нь дэлхий дахинд коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлчихлээ. Энэ вирус зогсох шинж алга. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлаа сайтар хийж, хажуугаар нь эдийн засгаа хэвтүүлчихгүй, иргэдээ мөлхүүлчихгүй байх бодлого, зохион байгуулалт хэрэгтэй байна.