Онцлох мэдээ

БИ ХЭНЭЭС Ч АЙХГҮЙ

БИ ХЭНЭЭС Ч АЙХГҮЙ

 

УИХ-ын  ээлжит сонгуульд "Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Б.Дэлгэрмаагаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Энэ жилийн сонгуулийн онцлог таны өнцгөөс?
-Улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болж гэдгийг л нотоллоо. Энд гурван том институци хөндөгдөнө: Улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, засаглалын хэлбэр.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнд шинээр эмхлэн байгуулагдах УИХ эхний хоёрыг өөрчлөх ёстой. Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох, ингэснээр улс төрийн намуудыг дагасан төрийн албаны томилгоо зогсоно, төрийн алба хаагчид тогтвортой ажиллах, албан тушаалын шатаар ахиж дэвших, тэр хэрээр чанаржих, туршлагажих зэрэг олон үр дагавартай.
Ард олон ч энэ 2 намд намчирхаж хуваагдахаас ядарчээ. Тиймээс ч МАНАН-гаас салъя гэх хүлээлтийн сацуу 34 улс төрийн нам, хэт их бие даагч нар оролцлоо.
Засаглалын тухайд манайд бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийн байгууллага үгүй гэдэг нь сонгуулийн явцад бүрэн нотлогдлоо.
-Таны хувьд бусад бие даагчдаас юугаараа онцлог гэж өөрийгөө тодорхойлох вэ?
Аливаа шударга бусын эсрэг тэмцэх хангалттай зориг зүрх надад бий. Би аль ч бүлэглэл, хувь хүн, даргаас айдаггүй, айж ч байгаагүй,  үүнийг миний туулсан замнал нотолно.
Миний хувьд энэ удаагийн сонгуульд маш том зорилгыг өмнөө тавьж орсон. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж болзошгүй ҮХНӨ-д ёс бусаар оруулсан бүхий л заалтуудыг хүчингүй болгохын төлөө, түүнчлэн Шүүхийн хараат байдлыг үгүй хийхийн төлөө, органик хуулиудаар дамжуулан аль нэг бүлэглэл, бизнесийн эрх ашгийг хангах явдлыг таслан зогсооно гэсэн зорилготой нэр дэвшсэн.  Зорилготой, Зоригтой, Нэр төртэй энэхүү сонгуульд өрсөлдөж байна даа.
-Сонгуулийн явцад ажиглахнээ хүнээ харж сонгоно гэсэн хандлага давамгайлж байна. Энэ талаар
-Олон бие даагч, улс төрийн нам, эвсэл оролцож байгаа тул сонгогчид тийм нөхцөлд хүрэхээс өөрцгүй. Улс төрийн намууд ч тэр шилдэгүүдээ дэвшүүлсэн гэдэг нь эргэлзээтэй. Ардчилсан намыг л харахад тийм сэтгэгдэл төрж байгаа. Нөгөөтэйгүүр, шинэ, залуу хүмүүс дэвшиж байгаа нь чухал. Гэтэл эдгээрийн дийлэнх нь улс төрийн туршлага байхгүй, маш их мөнгө сонгуульд зарцуулж байгаа нь хардалт төрүүлж байна.
Сүүлийн 12 жил буюу 3 удаагийн УИХ-ын сонгуульд бизнесийн төлөөлөл түрж орж ирсэн. Хоёр шалтгаантай. Нэгд, бизнесээ хамгаалахын тулд УИХ-ын гишүүн гэсэн хүчтэй хамгаалалттай байх, нөгөө хэсэг хүмүүс төрөөр бизнес хийх. Тэр нь ЖДҮ, тендер, концесс, төсвийн хөрөнгөөр ах дүү, садан төрлийн бизнесийг санхүүжүүлэх. Эрх мэдэл мөнгөтэй холбогдоод ирэхээр нийгэмд цөөн хэдэн гэр бүл хэт баяжих, харин нийт иргэд ядуурах тавилантай. Шударга ёсны тухай ярих ч хэрэггүй. Баялагийн хуваарилалт цөөн хүний гарт орсон учраас.
Харин  манай сонгогчид хэрсүү болсон. Энэ олон нам, эвсэл, бие даагчдын цаана хэний захиалга, дараагийн үеийн кнопчид гарч ирэх гэж буй, хэн нь өөрийн итгэл үнэмшил, чадал чансаагаар өрсөлдөж байгааг ялгаж байгаа.
Танд амжилт хүсье!