Л.Энх-Амгалан: Шинэ санаа, инноваци, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлж байна.
Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан:
Шинэ сэргэлтийн 6 бодлогод шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатайг чиглэл болгосон. Монголын Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулж өнгөрсөн 15-16 жилдд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Харамсалтай нь эдгээр нь Монгол Улсын хөгжил дэвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол салбарт хийгдсэн ТЭЗҮ, патент, инновацийг эргэлтэд оруулаагүй байгааг тодорхойлсон. Тиймээс тус сангаас өрсөлдөөн судалгаануудыг санхүүжүүлэхээр болсон.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог нэмэх, хангах, томоохон ТЭЗҮ, судалгааг төр өөрөө захиалж хийлгүүлэх үүргийг ЗГ-ын гишүүдэд үүрэг болгосныг өнөөдөр тогтоол болгож гаргалаа.
Жишээ нь Эрдэнэт үйлдвэр зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-г дандаа хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хуульд зааснаар Төрийн өмчит компаниуд ТЭЗҮ-г хийхдээ төрийн их сургууль, томоохон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ хийх зохицуулалт байхгүй учраас тендерийн ченжүүдийн орон зай бий болж ШУ-нд зарцуулагдах мөнгө үр дүнгүй, өөрөөр хэлбэл “цавчаа” орж байна гэж харж байна. Энэ тогтолцоог хална.
Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ний 0,1 хувь гэж байгаа ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь дээрх сангаас зарцуулж буйгаас 5 дахин их байна.  Жишээ нь Шинжлэх ухаан, технологийн сангаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн байгууллагууд адилхан судалгаанд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл үр дүнгүй, тооцоо судалгаагүй зарцуулж байна. Цаашид төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана.
Мөн томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, инноваци, патентуудыг төр өөрөө худалдаж авах тогтолцоо руу шилжих шаардлагатай. Тиймээс 2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна.
Товчхондоо, санхүүжилт нь зөвхөн шинжлэх ухааны судалгааны түвшинд л хүрдэг, харин хөгжүүлэлт хийгдээд, үйлдвэрлэлд нэвтэрч эргэлтэд оруулах үйл явцад зориулагдсан тогтвортой санхүүжилт байхгүй. Нийт 10 төслийн 9 нь зөвхөн судалгааны явцаас цааш хөгжүүлэх боломжгүй байна. Шинэ санаа, инноваци, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ. Академик шинэчлэлт хэрэгтэй. Шинэ сэргэлтийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухаан технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийг бий болгоход чиглэсэн ажлын хэсэг гарна.
Шинжлэх ухаан технологи, шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ.
скачать dle 12.0