Сурвалжлага: Их, дээд сургуулиудын цайны газар эрүүл ахуйн шаардлага хангадаг уу


Их, дээд сургуулиудын цайны газар эрүүл ахуйн шаардлага хангадаг эсэх талаар оюутнуудын байр суурийг хүргэхийг зорилоо.
Этүгэн их сургуулийн цайны газар их завсарлагаанаар оюутнууд урт дараалал үүсгэн зогссон байв. Цайны газар зай багатай, оюутнууд ихтэй учир маш бүгчим байх аж. Дараалан зогсох оюутнуудын дундаас Л.Ц-ээс /нэрээ нууцлахыг хүсэв/ сургуулийнх нь цайны газар эрүүл ахуйн шаардлага хангадаг эсэх, амт чанарын хувьд ямар байдаг талаар асуухад “Манай сургуулийн цайны газрын хоол амт чанар сайтай, эрүүл ахуйн хувьд ч ямар нэгэн асуудал гардаггүй, үнийн хувьд ч боломжийн. Хэтэрхий үнэтэй байвал авч идэхгүй ш дээ. /инээв/ Гол асуудал гэвэл ширээ сандлын хүрэлцээ муу, завсарлагааны цагаар дүүрч, хүн зөрөх ч аргагүй болдог үе бий. Ер нь оюутнуудын зүгээс асуудал их гаргадаг. Оюутнууд өөрсдөө хэрэглэсэн аяга таваг, бохироо хураах ёстой байдаг ч хураахгүй тэр чигт нь орхих, гар хуруу, амаа арчсан цаасаа ширээн дээр орхиод гардаг” гэв.
Харин Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн цайны газраар ороход хичээлийн цагтай давхацсан учир хүн бага байв.
МУБИС-ийн оюутан Д.Б: /нэрээ нууцлахыг хүсэв/  Байнга гадуур хооллох боломжгүй, гадуур хооллоо ч үнэтэй байдаг учир сургуулийнхаа цайны газарт ордог. Сургуулийн цайны газрын хоолны үнэ нь боломжийн байдаг. Манай сургуулийн хоёр цайны газартай ч нэг рүү нь /одоо өөрийн байгаа цайны газар/ л ордог. Нөгөө цайны газар нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Жишээ нь, орчин нь бохир, хоолноос үс гарч ирэх, ширхгийн хоолноос нь кардонин цаас амтагддаг, хоолноос янз бүрийн юм гарч ирдэг учраас тэр цайны газарт ордоггүй.
Оюутнууд ихэвчлэн пирошки, хуушуур зэрэг шарж болгосон хоол авч харагддаг. Миний хувьд ч адил. Оюутан, хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломжгүй байдаг тул байгаа мөнгөндөө тааруулж л хоол авч иддэг” гэлээ.
ХААИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.А-аас сургуулийнх нь цайны газар ямар байдаг талаар асуухад, “Манай сургуулийн цайны газар ширхгийн хоол бага байдаг нь хүндрэлтэй байдаг. Хүн ихтэй үед бохир зүйл ажиглагддаг. Гэхдээ олон оюутан бужигнахаар аргагүй шүү дээ. Оюутнууд дийлэнх нь ширхгийн хоол авч идэх гэж орно. Орохоор байхгүй гэдэг. Хааяа авсан ширхгийн хоол нь удсан ч юмуу бүү мэд хөрчихсөн байдаг. Мөн сандал ширээ хүрэлцдэггүй. Хэдэн оюутан ороод л цайны газар дүүрчихнэ, дараалал үүснэ. Сүүлийн үед хоолны амт чанар муудсан, дээрээс нь цайны газар орох гэж бөөн оочер дараалал үүсдэг учраас сургуулийн цайны газарт орохоо болиод CU, GS25 зэрэг газруудаар үйлчлүүлэх болсон" гэх хариултыг өгсөн юм.
Харин Монгол Улсын Их Сургуулийн хувьд оюутнууд сургууль дээрээ хооллох боломжгүй, цайны газар байдаггүй.
Их, дээд сургуулиудын цайны газраар ороход нийтлэг ажиглагдсан зүйл бол оюутнууд түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэргийг дийлэнх нь авч харагдав.
Монгол Улс Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар сургуулийн орчинд түргэн хоол, чанаргүй бүтээгдэхүүн худалдаалахыг албан ёсоор хориглосон хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Харин энэ хууль нь зөвхөн Ерөнхий боловсролын сургууль орчимд л үйлчилдэг. Их дээд сургуулийн цайны газрууд тухайн сургуульд харьяалагддаггүй тул сургуулаас ямар нэгэн хяналт тавтдаггүй,  бүгд хувийн хэвшил, түрээслэгч нар байдаг байна.
Н.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/03/17/society/acd
скачать dle 12.0