“Meta” компани Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг сэргээхээ мэдэгдэв


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг хоёр жилийн дараа сэргээхээр болсон талаараа “Meta” компани лхагва гарагт мэдэгдлээ. “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн тэргүүн Ник Клегг олон нийт улстөрчдийн хэлж байгаа үгийг сонсох боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн байна. АНУ-ын Капитолын ордонд 2021 онд гарсан үймээнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхийлөгчийн “Facebook”, “Instagram” хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Нийгмийн сүлжээний компани Дональд Трампыг “Капитолд үймээн гаргасан хүмүүсийг сайшаасны дараа” хаягуудыг нь хааж байв. Клеггийн хувьд энэ нь онцгой нөхцөлд гаргасан онцгой шийдвэр байсан аж. Харин одоо Дональд Трампын хаяг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ Ерөнхийлөгч асан өмнө нь гаргасан зөрчлөө давтан гаргасан тохиолдолд илүү хатуу шийтгэл хүлээх юм байна. Дональд Трамп ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор бүгд найрамдахчууд түүний “Facebook” хаягийг сэргээхийг шаардсаар байсан юм.
скачать dle 12.0