Аргентинд онгоц хулгайлсан этгээдүүд онгоцтойгоо сүйрчээ


Аргентинд таван хүн Чако мужийн агаарын клубээс Cessna-206 хөнгөн моторт онгоц хулгайлан ниссэнийхээ дараахан сүйрчээ. Энэ талаар Diario Norte сонин мэдээлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр онгоцны түлш хангалтгүй байсны улмаас онгоц унажээ. Тодруулбал, гэмт этгээдүүд онгоцыг хөөргөх үедээ түлш дамжуулалтыг нээхээ мартсан тул онгоц түлшгүй болж осолдсон гэж прокурор Серхио Риос хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онолцсон байна. 
 
"Онгоцонд блоклох нууц систем байдаг. Гэмт этгээдүүд хөөрөхдөө энэ сувгийг нээхээ мартсан, тиймээс түлш дууссан" хэмээн прокурор мэдэгдээд энэ түлшний дамжуулалтыг мэддэг хүн цөөн байдаг гэж нэмж өгүүлжээ. 
 
Хөнгөн моторт онгоц нь нутгийн фермерийн эзэмшлийнх байсан гэнэ. Энэ онгоц Вилья Анхелын агаарын клубын ангарт байсан бөгөөд таван этгээд ангарыг эвдэн орж, онгоцыг хулгайлж ниссэнийхээ дараахан осолдсон нь энэ аж. Онгоцны хэлтэрхийг хөөрөх зурвасаас долоон километр зайнаас олсон бөгөөд гэмт этгээдүүдээс хэн нь ч амьд гарч чадаагүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
 
Хууль сахиулагчид ослын газраас Парагвайн валют, Парагвайн хөлбөмбөгийн клубын саравчтай малгай, хиймэл дагуулын утас, зэвсэг олсон байна. Хэргийн газраас олдсон энэ эд зүйлсээр амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоох боломжгүй, мөн цогцос нь бүрэн шатсан байсан гэж прокурор мэдэгджээ.
 
Эдгээр этгээдүүд нь хөрш орны хар тамхичдын бүлэглэлийн гишүүд байсан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа аж. Агаарын клуб нь Парагвайн хилээс 150 км зайд оршдог гэнэ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546598
скачать dle 12.0