Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү.
Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг “танихгүй хүмүүстэй” нээлттэй хуваалцахыг хүсэхгүй нь лавтай.
Үүнээс гадна, та тэднийг элдэв зар, сурталчилгаа илгээн, бараа, үйлчилгээ санал болгох зорилгоор үүнийг хийж байгаа хэмээн бодож, тоохгүй байж болох ч тэд үүнийг өөр зорилгоор ашиглаж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Европын холбооны нэгэн сонгуулийн үеэр түүнд нөлөөлөхийг хүссэн нэг бүлэг интернэт хэрэглэгчдийн талаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тэдний сэтгэл зүйн байдлыг тодорхойлон, улмаар нөлөөнд автаж болох иргэдийг жагсааж тэдэнд тодорхой зорилго бүхий цахим шууданг илгээсэн тохиолдол бий. Үүнээс гадна Каталониагийн Политехникийн их сургуулийн судлаачид, зарим худалдаа, үйлчилгээний компаниуд иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээлэл дээр үндэслэн үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилгээ үзүүлэх, нэг ижил бараа үйлчилгээнд харилцагчаас хамааран үнийн ялгаатай санал тавьж, илүү мөнгө авч байгааг тогтоосон байдаг.
Түүнчлэн цахимаар зээлийн хүсэлт мэдүүлэх, ажилд орох өргөдөл гаргахдаа өгч буй мэдээлэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүгээр ч үл барам, интернэтэд ямар нэг өвчин, эмгэгийн талаар сонирхон судалсан хайлт тань таны эрүүл мэндийн даатгалын төлбөр нэмэгдэхэд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Иймд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, хөндлөнгийн хяналтаас сэргийлэхэд тань тус болох дараах анхан шатны, энгийн зөвлөгөөг “GUARDIAN” сэтгүүлд[1] нийтэлснийг хүргэж байна. Үүнд:
Amazon: Та “Amazon”-ы каталогийг хэсэг эргүүлэхэд тэд таны сонирхол, эрэлтийн талаарх мэдээллийг цуглуулан, хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг санал болгож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд та “Your account” цэс рүү нэвтрэн “Advertising preferences” цэсээс “Disable personalized ads” гэх хувилбарыг сонгож болно. Мөн та “Advertising preferences” цэсний “Мanage your browsing history” гэх дэд цэсийн “Disable tracking altogether” гэдгийг сонгон амазоны хайлтын түүхээс шаардлагагүй хэсгээ нэг бүрчлэн устгаж болно.
Apple: iPhone, iPad нь таны талаар олон тооны мэдээлэл цуглуулан Apple төдийгүй гуравдагч этгээдэд дамжуулж байх магадлалтай. Тэд чухам ямар мэдээлэл цуглуулан бусадтай хуваалцаж байгааг iOS тохиргоо цэс дэх “Privacy” хэсгээс мэдэх боломжтой.
Хэрэглэж буй iPhone утас тань таны байршлын талаарх мэдээллийг бусдад тогтмол дамжуулж байдаг. Үүнийг хязгаарлахын тулд та “Settings” цэсний ”Privacy” гэх дэд цэсний ”Location Service” хэсэг рүү орж, аль аппликэйшн таны GPS мэдээлэлд нэвтэрч болохыг сонгон тохируулж болно. Үүнээс гадна та “Frequent Locations” гэх системийн үйлчилгээг идэвхгүй болгох, эсвэл байршил тогтоох үйлчилгээг бүхэлд нь унтрааж болох боловч таны “Apple maps” зэрэг зарим аппликэйшн ажиллахгүй болохыг анхаарах хэрэгтэй.
Mac хэрэглэгчдийн хувьд мөн адил macOS систем нь цахим сүлжээ ашиглан таны байршлыг тогтоон, тэрхүү мэдээллийг бусад аппликэйшн болон цахим хуудастай хуваалцаж байдаг. Иймд та үүнийг “System preferences” цэсний “Security & Privacy” дэд цэс рүү нэвтрэн унтраах боломжтой. Тэрчлэн, Mac хэрэглэгчдийн хувьд “Spotlight” дээр хайлт хийх үед таны хайлтын утга Apple руу илгээгдэн, хариуд нь тухайн сэдэвтэй холбоотой холбоосууд, онлайн эх сурвалжуудыг санал болгож байдаг. Та үүнийг “System preferences” цэсний “Spotlight” хэсгийн “Spotlight suggestions” сонголтын өмнөх чагтыг устгаснаар идэвхгүй болгож болно.
Facebook: Та фэйсбүүк хуудсандаа өөрийнхөө талаар хангалттай хэмжээний мэдээлэл оруулсан нь лавтай. Гэвч энэхүү олон нийтийн сүлжээ нь таны зочилсон цахим хуудаснуудын мэдээллийг цуглуулан, сонирхол, амьдралын хэв маяг зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болсон байдаг. Гэхдээ фэйсбүүк өөрийн цуглуулж буй мэдээллийнхээ талаар нээлттэй байдаг. Та өөрийнхөө цагийн хүрдэн дээр ямар нэгэн зар сурталчилгаа харах юм бол баруун дээд булан нь байгаа “Why I am seeing this” буюу “би яагаад үүний харж байна вэ” гэх сонголт дээр даран дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Фэйсбүүк таны талаар өөр юу мэдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын
тулд “Settings” цэсний “Adverts” дэд цэсийг сонгон өөрийнхөө зар сурталчилгааны танилцуулгыг харж болно. Хэрэв тэнд ямар нэгэн алдаа байх, эсвэл та хүлээж авахыг хүсэхгүй байгаа зар байршуулагчид байвал тэднийг жагсаалтаас хасаж, эсвэл тэдэнд хаалт тавьж болно.
Тэд зар сурталчилгааг таны фэйсбүүк хуудсан дээр тань байршуулаад зогсохгүй күүки ашиглан таныг Amazon зэрэг бусад цахим хуудас дээр даган, сурталчилгаануудыг илгээсээр байдаг. Үүнийг зогсоохын тулд та “Advert settings” цэсний “Ads on apps and websites off of the facebook companies” гэх хачирхалтай нэртэй дэд цэс рүү орж “үгүй” гэх сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр та цахим орчинд өөрийн нууцлалыг бүрэн биш ч, тодорхой хэмжээнд хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, таны талаар мэдээлэл цуглуулж буй фэйсбүүкийн үйлдлийг бүрэн зогсоох боломжгүй. Иймд та интернэт хөтчийнхөө “Do not track” сонголтыг идэвхжүүлэх, эсвэл “anti-tracking” өргөтгөлийг нэмж суулгах зэргээр хамгаалалтаа бага ч болов нэмэгдүүлж болно.
Google: Бидний олонх нь өдөр тутамдаа Google-ийг ашигладаг. Гэтэл тэд бидний сонирхол, хөдөлгөөн, үйлдлийн талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг. Тэд таны талаар ямар мэдээлэл цуглуулсан талаар та “myaccount.google.com”-оос мэдэж болно. Та “Manage your Google activity” цэс рүү орж хайлтын болон үйл ажиллагааны түүх, дуут команд хадгалах, болон байршил тогтоох үйлдлийг зогсоох боломжтой. Мөн “My activity” цэс нь таны сүүлийн үед хийсэн хайлтууд, зочилсон цахим хуудсууд болон андройд аппликэйшны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хадгалж байдаг тул та арилгах товчийг дарж энэ бүгдийг цэвэрлэж болно.
Google таны талаар юу мэдэж байгааг нарийвчлан шалгахыг хүсвэл та “Control your content” цэснээс “Download your data” гэх дэд цэсийг сонгон бүрэн архивыг харж болно. Гэвч энэ нь “gmail” бүртгэл дэх бүх цахим шуудангууд, Youtube-д байршуулсан бичлэгүүд зэрэг тантай холбоотой маш их хэмжээний мэдээлэл хадгалж байх магадлалтай.
Microsoft: “Windows 10”-ын “telemetry” функц нь таны компьютер дээрээ хийж буй үйлдлийн талаарх бүхий л мэдээллийг Microsoft руу дамжуулж байдаг бөгөөд тус компани үүнийг Windows-ийг сайжруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарладаг. Гэхдээ та үүнийг “Speech, inking and typing” цэс рүү орж зогсоох боломжтой. Мөн та “Feedback and diagnostic” цэснээс таны компьютерын “Windows 10” үйлдлийн систем нь ямар хугацаанд, хэр их хэмжээний мэдээллийг Microsoft-д илгээснийг харж болох бөгөөд тэнд таны ашигласан аппликэйшн, зочилсон цахим хуудасны мэдээлэл хүртэл байх болно.
Сэтгэгдэл (0)