1.
Хүн төрөлхтөн дэлхий хавтгай биш, бөөрөнхий гэдгийг батлаад хэдэн мянган жил өнгөрч байна. Гэвч МЭӨ нотолсон энэхүү ололт даяаршихын хэрээр “бүдгэрч”, өдгөө дэлхий ердөө л хэлбэрийн хувьд бөөрөнхий үлджээ. Эдийн засаг, худалдаа, тээвэр ложистик гээд бүх талаараа улс орнууд харилцан хамааралтай болж, “хавтгай” дэлхийд бид амьдарч байгааг үгүйсгэх аргагүй боллоо. Орос, Украины дайн ч улс орон бүрд дэлхий хэдийнэ “хавтгай” болсныг дахин мэдрүүлж буй цаг үе одоо тохиож байна. Тэгвэл хавтгай энэ дэлхийд бид хэрхэн амьдарч, яаж тэсч үлдэх ёстой вэ? Тиймээс ч энэхүү бичвэрийн гарчгийг эргэлзэх зүйлгүйгээр “Мексик болох уу, Канад болох уу?” гэж өгсөн юм.
Хойд болон Өмнөд Америкийн энэ хоёр улс эдийн засгийн хувьд дэлхийд эхний 15 байр дотор бичигддэг. Энд тааруугийн жишээгээр сонгож буй Мексик л гэхэд Латин Америктаа тэргүүлэгч экспортлогч орон. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1177.00 тэрбум ам.доллар гэхээр ямар хэмжээний аварга эдийн засаг гэдэг нь харагдана. Гэхдээ энэ бол хөрш зэргэлдээ дэлхийн №1 эдийн засгийн хажууд “жижигхэн” тоо. 113 сая орчим хүн амьтай Мексикт гэмт бүлэглэлүүд нь хүчирхэг, авлига хээл хахууль цэцэглэсэн, хууль бус наймаа газар авсан гээд хүн амьдрах орчинд халтай байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Хөгжлийн хувьд Хойд Америкийн улсуудаас хол хоцорсон. Тиймээс ч нэгэнтээ “Хойд Америкийн улсууд хөгжөөд, Өмнөд Америкийнх яагаад хөгжихгүй байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тухайн үеийн Мексикийн Ерөнхийлөгч “Хойдууд мөрөөдлөө бүтээж амьдардаг. Харин өмнөдүүд бол ердөө л алт ухах гэж цугларсан, одоо ч алт л ухах философитой” гэж хариулсан гэдэг.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж, улс төр, геополитикийн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын хажуу бөөрөнд байгаа нөгөө улс нь Канад. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн хамгийн бага авлигатай орны тоонд ордог. Уул уурхай голлосон эдийн засагтай энэ улсын худалдааны гол түнш нь хөрш АНУ нь. Амьдрах орчны хувьд асуудалгүй Мексикийг хол хаяна. Тиймдээ ч энэ хоёр улсын аль нэгэнд очиж амьдрах талаар санал асуувал дийлэнх олонх нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр Канадыг сонгох буй за. Эдийн засаг, амьдрах орчны аль алинаар нь Канад илүү болохоор тэр биз ээ.
Тэгвэл Монгол өнөөдөр мексикчүүдтэй адилхан “алт” ухаж амьдарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш БНХАУ-даа худалдаж, хил нээгдэж, хаагдах тоолонд Монголын эдийн засаг донсолж ирлээ. Хэдхэн жилийн дараа эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн таамаглалтай байгаа аварга том эдийн засгийн бас л хажуу бөөрөнд амьдарч буйгаараа бид Канад, Мексиктэй адилхан. Газар зүйн энэ байрлалаа ашиглаад Канад шиг хөгжиж чадах уу, Мексик шиг хоцорч үлдэх үү гэдэг сонголтын өмнө л зогсч байна.
Бүгд л дуу нэгтэй Канадыг сонгох боловч, бодит байдал, туулсан замнал, 30 жилийн туршлагаа харвал Мексиктэй л илүү дөхүүтэй явна.
2.
Хүн хаана төрөхөө сонгож чадахгүйтэй адилхан Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Аль аль нь дэлхийн бодлогыг тодорхойлогч хүчирхэг гүрнүүд. Манжийн дарлалын 200 жил, ЗХУ-ын “хараат” хэдэн арван жилийг туулсны эцэст 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө бүрэн олж авсан. Гэвч энэ хувьсгалын үр дүнд Монгол Улс эрх чөлөөний хувьд тусгаар тогтнож чадсан ч, эдийн засгийн хувьд чадаагүй гэвэл буруудахгүй. Мэдээж эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь амьдралын баталгаа зэргээр шууд л Канад шиг болчихно гэж үгүй. Тэртээ 100 гаруй жилийн өмнө С.Данзан Швейцарь лугаа хөгжих тухай ярьж, өнгөрсөн жилийн өдийд Г.Занданшатар Япон мэт хөгжихийг тунхагласан ч бид сая дампуурлаа зарладаг Шри Ланкад хүртэл өртэй л тууж явна. Байгалийн асар их баялагтай байлаа гээд бодлогын төв цэгээ тодорхойлж чадахгүй бол амжилт холуур тойрдгийг бид 30 жилийн туршлагаараа баталсан.
Нийт экспортынх 90 гаруй хувь уул уурхайгаас, импортоор бол бараг бүхий л зүйл дээр хараат байгаагаа Ковид19-ын хоёр жил Хятадын хил хаагдаж, нээгдэх бүрт мэдэрч байна. Инфляц нь 15 хувьд хүрч, гадаад валютын нөөц шавхагдаж, гадагшаа харсан хоёр цонх нь “хаалттай” байгаа энэ үед дэлхий хавтгай болсны зовлонг улсаараа амсаж сууна. Гэлээ гээд Хойд Солонгос шиг хаалгаа түгжчихээд бүгдийг өөрсдөө хийнэ гээд суугаад байх боломж ч, чадал ч алга. Харин аль өсөлттэй байгаа салбарын өгөөжийг нийгмийн, дэд бүтцийн бусад салбараа тэтгэж босгоход зарцуулах ёстой юм.
Гэвч бид чадаж байна уу? Зэсийн үнэ дэлхийд рекорд эвдэх үед ч, нүүрсний салбар галзуурч валют цутгаж байх үед ч бид ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн 21 мянга гэхчлэн олсноо тарааж, эцэстээ бүр ямаанд хүртэл уул уурхайн баялгаас олсон орлогыг хуваарилж үзсэн ард түмэн. Энэ бол тогтолцооны гажуудал, улс төрийн тогтворгүй байдлын төлөөс.
3.
Улс төрийн тогтворгүй байдлын үндэс суурь нь юу юм бэ. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үгтэй. Эндээс үзэхэд даргыг өөрчлөөд асуудал шийдэгдэж, ажил урагшилна гэж үгүйг бид арьсаараа мэдэрсэн. Тиймээс ч үеийн үед 1992 оны гэх өдгөө 30 жил мөрдөж буй Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн яриа хүчтэй гарсаар ирсэн билээ. Энэ удаад ч ёс юм шиг гарч байна. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлтийн давтамж өмнөхөө бодоход илүүтэй ойрхон байгаа нь анхаарал, сэрэмж аль алийг нь шаардаж буй нь зүй ёсны хэрэг. Учир нь, ердөө гуравхан жилийн өмнө буюу 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар бол Үндсэн хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан заалтыг дахин найман жил хөндөхгүй байх учиртай. Гэвч ердийн хуулийг УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа нам дангаараа ч өөрчилчихөж чадна. Гэтэл энэ удаад УИХ-д суудалтай гурван нам, мөн парламентын гадна байгаа 21 улс төрийн хүчин дэмжиж буйгаа илэрхийлэн “Тунхаг бичиг” гаргасан. Тэгэхээр өөрчлөлт хийгдэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. Харин “Тунхаг бичиг”-т туссан хүрээнд Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв, эсвэл буруу эсэхт багахан дүгнэлт хийе. Үүний тулд “Тунхаг бичиг”-т туссан, намуудын тохиролцсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамрах хүрээг харъя.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
НЭГ. ХҮНИЙ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР БҮРЭН ХАМГААЛАХ
Хүний нэр төр халдашгүй байна. Төрийн бүх байгууллага иргэнийхээ нэр төрийг хүндэтгэн хамгаалах үүрэг хүлээх
Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг бүрэн халах
Иргэний улс төрийн эрхэд тавьсан хязгаарлалтыг арилгаж, тэгш БОЛОМЖ ОЛГОX
Иргэн үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулах
Үндсэн хуулийн цэц нь улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн шүүх байх
ХОЁР. АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ПАРЛАМЕНТЫН ЧАДАВХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх замаар олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих
Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах
Хууль тогтоох болон Гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох
Төрийн институтуудийн эрх, үүргийг тодорхой болгон, тогтолцооны хоёрдмол байдлыг арилгаж, олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх
ГУРАВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ
Төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжих
Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах
ДӨРӨВ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛДИЙГ ШИНЭЧЛЭХ
Терийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх;
Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өнгөрсөн он жилүүдийн алдааг засаж, ололтоо бэхжүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан, хөгжлийн шинэ боломжийг бий болгосон, хегжил дэвшил хүн бүрд хүртээмжтэй сонгодог парламентын тогтолцоотой улс болно.
4.
Монголын хөгжлийн чөдөр нь хэтэрхий богино зайн улс төр, бас популист улстөрчдийн харгай гэдгийг бид мэдэхийн дээдээр мэддэг болжээ. Тэгвэл ийм улстөрчдийг бойжуулдаг хөрс нь өнөөгийн тогтолцоотой шууд холбоотой. Дөрөв, дөрвөн жилээр төрийн бодлого нь өөрчлөгдөж, гишүүд нь сонгогдсон тойргоо л “услах” марафон тасралтгүй үргэлжилсэн 30 жил өнгөрөөд байна. Хэн эрх мэдэлтэй нь тойрогтоо хөрөнгө татдаг, улсын мөнгийг өөрийнхөө дахин сонгогдох тасалбар болгож ашигладаг тогтолцооны энэ гажуудлын үндсэн шалтгаан нь Үндсэн хууль өөрөө.
Яагаад гэвэл, Үндсэн хуулиараа бид сонгуулийн мажоритар тогтолцоог хуульчлаад өгчихсөн. “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэсэн энэ заалтаас болж хөгжилд зориулагдах ёстой хөрөнгө оруулалтууд “тойрог услах” мөнгө болж хувираад байгаа юм. Анх 10 саяас эхэлсэн “Тойргийн мөнгө” өдгөө 4 тэрбумд хүрсэн нь мажоритар тогтолцооны л согог.
Хамгийн ноцтой нь бидний сонгож авсан сонгуулийн мажоритар систем иргэдийн саналыг гээдгээрээ маш том сул талтай. Сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын нам үнэндээ ард түмний 50 хувийн ч дэмжлэг авч чадаагүй нь бодит үнэн. Ердөө л ялагч бүхнийг авдаг мажоритар системийн согог өнөөгийн эрх баригчдад олз болсон хэрэг юм.
Жижиг мажоритар буюу 76 тойргоор явагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн АН-ын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл мажоритар тогтолцооны маш том гажигийг энгийн хүнд ч ойлгомжтой болгосон байдаг. Тэрээр “АН 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч УИХ-д олонх болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л нийт сонгогчдын 34 хувийн саналыг авчээ. Бидэнд итгэж саналаа өгдөг сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна” гэсэн байдаг. 2012 онд холимог, 2016 онд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулснаас л энэ ялгаа үүссэн хэрэг.
Ялагч бүхнийг авдаг энэ зарчмаар 2016, 2020 оны сонгуулиудад ард түмний 40 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй хэрнээ Ардын нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлж засаглаж байна. Өөрөөр хэлбэл, Ардын нам УИХ-д 65, 62 суудал авсан энэ сонгуулиудаар ард түмний 60 гаруй хувийнх нь санал сонгуулийн тогтолцооноос болоод гудамжинд зүгээр л гээгдчихсэн байна.
Нөгөө талаар, ард түмний санал гээгдэхийн хэрээр “гудамжны улс төр” цэцэглэдэг бичигдээгүй хууль бий. Парламент дээрх эрүүл өрсөлдөөн үгүй болж, сөрөг хүчин гудамжинд гарах нь эргээд засаглалаа задлах хэмжээний аюул дагуулсан жишиг дэлхийд цөөнгүй байдаг билээ. Гэхдээ энэ нь пропорациональ болон холимог тогтолцоо нь хамгийн төгс төгөлдөр хувилбар гэсэн үг бас биш. Пропорциональ тогтолцоонд ч мөн л сул тал байдаг. Үүнийг манай улс үзсэн, туулсан. Сонгуулийн холимог тогтолцоо бол бидний хувьд шинэ юм биш. 2012 оны УИХ-ын сонгууль 48:28 буюу холимог тогтолцоогоор явагдаж байлаа. Дэлхий дээр холимог тогтолцооны хэд хэдэн хувилбар байдаг боловч манай улсын 2012 онд хэрэглэсэн нь хамгийн түгээмэл нь. Энэ сонгуулиар УИХ-ын 48 гишүүн нь томсгосон мажоритар тогтолцоогоор, 28 нь намд өгсөн саналаар, намын жагсаалтын дагуу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдож байсан. Энгийн үгээр тайлбарлахад 26 тойрогт 48 мандатын төлөө томсгосон мажоритар системээр өрсөлдөж, харин 28 суудлыг намуудад авсан саналд нь хувь тэнцүүлж хуваарилсан юм. Саналаа өгсөн сонгогчдын 5 хувийн босго давсан намуудад суудал хуваарилсан бөгөөд УИХ-д анх удаа гурван бүлэг байгуулагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
Тайлбар: УИХ-ын анхдугаар чуулганаар 72 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр нэр дэвшигч дээр шүүхийн шийдвэр гарсан, 22, 26 дугаар тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт саналаа өгсөн сонгогчдын 28 хувийн босго даваагүй учраас тус бүр нэг мандат дээр дахин санал хураалт явуулахаар болсон. Хожим жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст Өвөрхангай аймгаас Н.Төмөрхүү, С.Чинзориг нар шүүхийн шийдвэрээр хасагдаж Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин эхний санал хураалтаар Баянзүрхээс мандатын тоонд багтсан байсан Г.Батзориг дахин санал хураалтаар Д.Арвинд ялагдсан (хоёул МАН-аас нэр дэвшсэн бөгөөд Д.Арвин УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа АН-д элссэн) бол Сонгинохайрханд ч ялгаагүй эхний санал хураалтаар илүү санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазарт ялагдсан.
Холимог тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд ийнхүү тойрогт ганц ч ялалт байгуулаагүй ИЗНН парламентад хоёр суудалтай болж сонгогчдын санал гээгдэхгүй байх нөхцөлийг пропорциональ элемент бүрдүүлдэг нь нотлогдсон. Нөгөөтэйгүүр, гадаадад амьдарч буй иргэд ч УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж бүрдсэн юм. 2012 оны сонгуулиар гэхэд гадаад оронд амьдарч буй Монгол Улсын 2779 иргэн саналаа өгсөн байдаг. Энэ мэт давуу талтай ч сөрөг талууд ч бий. Тухайлбал УИХ-ын гишүүд - иргэд сонгогчдын харилцаа, хамаарал үгүй болох магадлал өндөр байдаг. Цаашлаад өөрт нь нэр зааж санал өгөөгүй сонгогчдын төлөө ажиллах гишүүнгүй болох сул тал ч байдаг. “Би чуулгандаа хоцордог гэж үү. Би угаасаа хоцордог юм” гэж үл тоох хандлага тойргоос бус жагсаалтаар орж ирсэн гишүүнээс л гарч байсан түүхтэй. Үүнээс илүү сул тал нь мөнгөө төлсөн нь УИХ-д шүүлтүүргүйгээр орж ирэх нөхцөлийг пропорциональ тогтолцоо бүрдүүлдэг. Сонгогчдын бус намын удирдлагад байгаа хүмүүсийн үзэмжээр парламент бүрэлдэх магадлал өндөр гэсэн үг. 2012 оны УИХ-ын сонгуулиар л гэхэд намуудын дарга нарын үзэмжээр 28 нэр дэвшигчдийнх нь жагсаалт гарч байсан. УИХ-д “оймс”-нд хавчуулагдаад хэн дуртай нь ороод ирэх боломжтой. Энэ насандаа иргэдийн дэмжлэгийг авахгүй эрүүгийн гэмт хэрэгтэн ч намын даргатай тохиролцвол УИХ руу ороод ирэх боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтын эхний суудлуудаа тэрбум, тэрбумаар нь үнэлж зарах эрсдэлтэй. 2016 онд хувь тэнцүүлсэн систем нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргахаас өмнө намууд жагсаалтаа эрэмбэлэн үнэлсэн гэсэн мэдээллүүд гарч байв. Жишээлбэл, тухайн үеийн ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, өнөөгийн дарга Т.Доржханд намын жагсаалтын эхний таван суудлыг олон тэрбум төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдээллүүд гарч байсан юм. Жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэхэд түүнийг таван тэрбум төгрөг төлөх ёстой хэмээсэн гэдгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил нийгмийн сүлжээгээр дэлгэж л байлаа. Өөрөөр хэлбэл, пропорционалийн хамгийн том аюул нь намын удирдлагуудад ойр, эсвэл намын санхүүжүүлэгч нар жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д тооноор орж ирэх боломжийг бүрдүүлдэг.
5.
Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр яригдаж бус бас нэг сэдэв нь гишүүдийн тоог нэмэх. Болсон, болоогүй “юм”-нууд өөрсдөдөө суудал гаргах гэж зүтгэж байна гэх хардлага УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриатай зэрэгцэн хүчээ авч байна. Энэ зөв өнцөг, шударга ч шүүмжлэл. Гэхдээ нөлөө талдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг бодолцох ёстой. УИХ дээр шийдвэр гаргахад нэг гишүүний жинг буулгах нь улс төр, геополитикийн хурцадмал энэ үед юу юунаас чухал байна. Үндсэндээ парламентын 20 гишүүнийг “худалдаад авчихад” ямар ч хуулийг батлуулах боломж Монголд үүсчихсэн. Бүр 20-иор нь ч худалдаж авах шаардлагагүй гэх нь бий. Учир нь, УИХ-ын гол бодлого мэргэжлийн Байнгын хороон дээр гардаг. Гэтэл Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаа оролцоход ирц бүрдэж, 6 нь дэмжсэн санал шууд УИХ руу ордог. Тэгэхээр хууль тогтоох хамгийн чухал хэсэг дээр л “худалдан авалт” хийхэд ямар ч шийдвэрийг парламентаар гаргуулах боломжтой гэсэн үг. Харин тооны хувьд яг хэдээр нэмэх нь дараагийн асуудал юм. Гол нь л нэг гишүүний хууль тогтоох “жин”-г бууруулах нь өнөөдөртөө яалт ч үгүй чухал асуудал билээ.
6.
Эрх мэдлийн төлөөх улс төрийг зогсоохгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй. Тиймээс тогтолцооны хувьд нэг талдаа гарч авах нь Монгол Улсын ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох болчихоод байгаа юм. Шулуухандаа, Монгол Улс ямар засаглалтай цааш явахаа яв цав тодорхой болгох нь одоо чухал. 1992 оны Үндсэн хуулиар бид “эрэмдэг” парламентын засаглалыг л сонгож авсан. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай яваад ямар ч үр дүн гарахгүй байгааг хангалттай ойлгох хэмжээний цаг хугацаа өнгөрсөн байна. Өдгөөг хүртэл үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлээ булаацалдаж, улс төр, эдийн засагтаа тээг болж ирлээ. Энд хувь хүний гэхээс тогтолцооны л асуудал байна. Нэг нь ялсан намын дарга, нөгөө нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Аль аль нь өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй, ард түмэнд өгсөн амлалттай. Энэ нь л зөрчилдөөн үүсэх үндсэн нөхцөл болсоор ирсэн. Тиймээс энэ удаад улс төрийн бүхий л нам зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулийг өөрчилсөн тохиолдолд засаглалын хэлбэрээ сонгодог парламент руу оруулах зайлшгүй шаардлага байна. Гүйцэтгэх эрх мэдлийг нэг шугамд аваачихгүй л бол эрх мэдлийн төлөөх зодоон энэ улсыг яаж туйлдуулдагийг бид харсан шүү дээ.
Энэ мэт олон хүчин зүйлээс хамаарч Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжил зурагдах нь ойлгомжтой. Тиймээс ч энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгаа асуудлаа бүгдийг нь цэгцэлж авахаас хамаарч Канад болох уу, Мексик болох уу гэдэг нь шийдэгдэх байх. Гол нь энэ удаад өөрчлөлтөө маш чамбай хийж, ирэх он жилүүдэд өөрчлөлтийн тухай өөр яриа гарахгүй байх хаалтыг ч Үндсэн хуульдаа өөрт нь суулгаж өгөх хэрэгтэй юм. Тэгэхгүй аваас парламентад олонх болсон нам гурван жил тутам Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг жишиг уламжлал болж тогтвол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой л адил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих ч эсэргүүцэх нэг шалтгаан нь энэ юм.
Эцэст нь, асуухад “Мексик болох уу, Канад болох уу?”.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл (0)