“Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл...”
Сургууль зарим хүүхдийн хувьд найз нөхдөөр хүрээлүүлсэн тав тухтай орчин, заримд нь эрдмийн өргөө, өөр нэг хэсэгт нь үдийн цай ууж, өл залгуулдаг газар, бас заримд нь дарамт, доромжлолоор дүүрсэн орчин. Хэдий сайн, муу нийлж сав дүүрдэг гэдэг ч саар нь савнаасаа сагаж асгараад байх учиргүй. Сургууль уг нь хамгийн эрүүл, хүүхдэд ээлтэй орчин байх ёстой. Гэвч энэ орчинд хүүхдүүд гадуурхалт, дээрэлхэлтэд өртөж, бие сэтгэл зүйгээрээ хохирох явдал жилээс жилд нэмэгдэж буй.
Сургуулийн орчинд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг хүүхдүүдийн хувьд цар тахал, хөл хорио, цахим хичээл өчүүхэн амсхийлт, багахан тайвшрал байлаа. Харин цар тахалтай зохицон амьдарч, сургуулиуд урьдын адил хэвийн ажиллаж эхэлснээр энэ асуудал ахиад л сэдэрч байна. 2022 оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд үе тэнгийнхний харилцаа, хүчирхийлэл, дарамтад өртсөн тухай 17 дуудлага бүртгэгджээ.
2017 онд Хүний эрхийн үндэсний комиссоос олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааг хийсэн. Уг судалгаанд 12-18 насны 4264 хүүхэд, 2773 эцэг эх, 152 хамтарсан гишүүн хамрагдсан юм. Судалгаанд оролцсон хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй гэж үздэггүй бөгөөд айдас, түгшүүртэй байна гэжээ. Харин нийт хүүхдийн 38.3 хувь нь сургууль орчимд дарамт, шахалтаас айдаг гэсэн байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхалтад өртсөн байжээ. Харин дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 47.6 хувь нь дээд ангийн хүүхэд дээрэлхсэн гэж хариулжээ. Түүнчлэн Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж, дээрэлхүүлж байхыг харсан гэжээ. Ингээд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байгааг тогтоосон байна.
Ялгаатай байх нь буруу биш
Жишээ татъя. Багаасаа хөдөө өссөн сурагч М ховоо татаж, малаа усалж, ямаа самнаж аав, ээждээ тусалдаг. Угийн ажилч, хичээнгүй түүний гар хуруу сайртаж, хэлбэр нь эвдэрсэн. Үүнийг нь ангийнх нь хүүхдүүд шоолж, гараа ил гаргах болгонд нь доог тохуу хийдгээс болж охин ичихдээ байнга бээлий өмсөж, сүүлдээ хичээлдээ явах ч хүсэлгүй болжээ.
Өөр нэг жишээ, гэрт нь гал гарч хоёр дүүгээ аварч нүүрэндээ соривтой болсон охиныг анги дэвших тусам үрчгэр нүүрт, сургуулийн нэр гутаагч зэргээр байнга гоочилж, элдэв хоч зүүлгэсээр сурах аргагүй болгож, амиа хорлох талаар бодоход хүргэсэн тохиолдол ч бий. Энэ мэтээр сургууль орчимд үе тэнгийнхэндээ, багш нартаа ялгаварлан гадуурхагдсаны улмаас өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэл зүйн хямралд орж, бүр амиа егүүтгэх талаар бодож, төлөвлөж, түүнийгээ гүйцэлдүүлсэн олон харамсалтай тохиолдлыг энд дурдаж болно.
Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт тухайн хүүхдэд сэтгэл зүйн хувьд маш хүнд цохилт болдог. Энэ тухай Харвардын их сургуулийн судлаачид дээрэлхүүлсэн хүүхэд дайнд явсан цэрэг, террорист халдлага болон байгалийн гамшигт өртөж байсан хүний сэтгэцийн гэмтэлтэй адил шарх авдаг гэж тогтоосон аж. Хүүхдүүд дээрэлхэлтэд өртсөн ч үүнийгээ илэрхийлж чаддаггүй. Хэн нэгнээс туслалцаа хүсэж, илчлэх нь харин ч эсрэгээрээ ичгэвтэр явдал гэж ойлгох нь элбэг. Энэ ганцаардмал байдал нь амиа хорлолтын шалтгаан болдог аж. 2012-2016 онд УПЕГ-аас Монгол Улсад амиа хорлосон тохиолдлын шалтгаан нөхцөлийг тодруулахаар хийсэн томоохон судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд цөөн тохиолдолд багш, дотны найз нөхдөдөө тулгарч буй асуудал, сургуулийн орчинд гадуурхагдаж байгаа талаараа ярьсан ч үүнд ач холбогдол өгч туслаагүй тохиолдол хэд хэд байжээ.
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш Б.Буяндэлгэр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт хэр байгааг судалсан судалгааны дүнгээ хэдхэн хоногийн өмнө танилцуулсан юм. Судалгаанд англи болон хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн хэвшлийн сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулжээ. Гэтэл сурагчид нэгнээ өмссөн хувцас, барьж буй гар утсаар нь ялгаварлах нь түгээмэл байжээ. Түүнчлэн цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдийн группээс хасах, блоклох зэргээр ялгаварлаж, ганцаардуулах болсон байна. Харин ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тийм ч учраас дэлхий даяар энэ асуудалд анхаарал хандуулж буй.
Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг
Сургуулийн орчинд дээрэлхэлтэд өртөөд байгаа хүүхдээсээ илүү бусдыгаа дээрэлхээд байгаа хүүхдүүдийн нөхцөл, амьдралын орчинг үндсээр нь судлах зайлшгүй шаардлага үүсжээ. Хэдийгээр дээрэлхэгч хүүхдүүд өөртөө итгэлтэй, бардам харагддаг ч гэр бүлдээ асуудалтай байх нь элбэг байдаг гэнэ. Тэд бусдын анхаарлыг татахыг хичээдэг, бусдад бурууг өгдөг, аймхай хулчгар, эцэг эхийн анхаарал сул зэргээс болоод гэр бүлээсээ мэдэрч буй таагүй зүйлээ даван туулахын тулд бусдаас хариу авч, зодох, доромжлох зэрэг үйлдэл хийдэг байна.
УЕПГ-ын хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа
Сургуулийн орчны дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртөөд байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэхээс гадна хүчирхийлэл үйлдээд байгаа, эсвэл хүчирхийлэл үйлдэж болзошгүй буюу зан авирын хувьд догшин, бусадтай нийцдэггүй, асуудлыг хүчирхийллээр шийддэг хүүхдүүдийг сэтгэл зүйн сургалт, үйлчилгээнд хамруулах хэрэгтэй байна. Сэтгэл зүйн боловсрол гэдэг бол хүчирхийллийг бууруулах хамгийн том хүчин зүйл. Хүүхэд яагаад хүчирхийлэл үйлдэх болов гэдэг үндсэн шалтгаан нөхцөлийг олж тогтоохгүйгээр зөвхөн тохиолдлууд дээр л ажиллаад байх юм бол энэ дээрэлхэлт буурахгүй, гарсаар байх болно. Дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдийн сэтгэл зүйн зовинол нь удаан хугацаанд үргэлжилдэг. Энэ нь илрэхгүй явсаар сэтгэлийн хямралд шилждэг. Энэ бол нэг, хоёр удаагийн тохиолдлоос болоод үүсдэг асуудал биш учраас улсын хэмжээнд тандан судалж, үүн дээрээ үндэслээд дээрэлхсэн, дээрэлхүүлсэн хүүхдүүдэд яг ижил сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэж байж асуудал шийдэгдэнэ.
“Нүдээ нээ”
Өсвөр насны хүүхдүүдэд өөрийг нь байгаагаар нь хүлээж авах орчин, яриаг нь дуустал сонсох хүн, чин сэтгэлээсээ итгэж болох хэн нэгэн үргэлж хэрэгтэй байдаг. Гэвч эцэг, эхчүүд ийм байж чаддаггүй. Сургууль дээрээ гадуурхагдаж удаа дараа тэвчиж чимээгүй явсаар нэг л өдөр хүүхэд аав, ээждээ арай гэж ам нээгээд “Би ингэж доромжлууллаа, дээрэмдүүллээ, зодууллаа” гэх үед бидний үед ингэдэг л байсан гэх байдлаар асуудалд хандах эцэг, эхчүүд элбэг байдаг аж. Орчин үед юмс өөрчлөгдөж, хөгжихийн хэрээр дээрэлхэлт гадуурхалтын хэлбэр ч өөрлөгдсөн гэдгийг эцэг, эхчүүд анхаарах шаардлагатай. Тиймээс хүүхдээ том болсон, биеэ даасан, алзахгүй гээд анхаарал халамжаа сулруулах биш байнга ярилцдаг байх хэрэгтэй юм.
Бодлогоор анхааръя
Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн оюун санаа, өсөлт хөгжил, амь насанд ноцтой хохирол үзүүлж болзошгүй байдаг учраас дэлхийн улс орнууд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхээр хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, зохицуулсан байдаг. Тухайлбал, БНСУ, Филиппин, Австри, Швед, Шинэ Зеланд, Австрали, Япон зэрэг орнуудад сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг тусгайлсан хууль, хөтөлбөрийн хүрээнд авч үзэхээр тогтолцоог бүрдүүлж байгаа аж. Манай улс ч бас эдгээр улсуудын адилаар дээрх асуудалд анхаарна гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байлаа. Тэрээр “Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг гаргаж ирж, ул сууриар нь задалж, өөрчлөх цаг болсон. Сурагчдын 38 хувь нь сургуулийн орчны хүчирхийлэлд өртдөг гэдэг бол маш аймшигтай асуудал. Энэ асуудалд нийгмээрээ ухаалаг, эрүүл саруулаар дүгнэлт хийж, зөв, цогц шийдэл гаргаж, бодитой өөрчилье. Оройтож алгуурлаж хэрэвч болохгүй” гэж байсан. Бидэнд энэ өөрчлөлт хэрэгтэй. Үүнийгээ яаравчилбал олон хүүхдэд тустай. Ингэхдээ маш сайн судалгаан дээр суурилах нь чухал. Түүнчлэн хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаас гадна багшдаа итгэх сурагчдын итгэлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Багш нь өөрөө ялгаварлан гадуурхагч, нууц задлагч, нэр хоч өгөгч болчихсон олон харамсалтай тохиолдол бий.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл (0)