Г.Хажидмаа: Монгол Улс шиг ахмадууд нь 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг улс орон үгүй байна


Иргэн Г.Хажидмаа өнөөдөр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Тэрбээр цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж байгаа энэ үед ахмадуудын тэтгэвэрийг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
Шаардлагад:
"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа, 2019 оноос эхлэн дэлхийн хэмжээнд цар тахал гарсантай холбоотойгоор одоог хүртэл иргэдийн амжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та нас биед хүрсэн, төр удирдаж байгаа хүний хувьд хүүхэд наснаасаа салж, худал хэлэхээ больж, хөшөө нурааж, барьж тоглохоо зогсоохыг шаардаж байна. Өнөөдөр Монгол улс шиг ахмадууд нь 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг улс орон үгүй байна.
Иймд ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ амьдрах нөхцөлд нь илтэд хүрэлцэхгүй байгаа тул тэтгэврийн доод хэмжээг 1 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188 мянган төгрөгийг 500 мянгад хүргэж, иргэдийн амьдралд нөлөөлөх ажил санаачлахыг шаардаж байна. Жич: Шаардлагын хариуг 2022 оны 01 сарын 26-ны өдөр өгнө үү. Үгүй бол үүгээр суулт зарлахаа мэдэгдэж байна" гэжээ. 
Тэрбээр энэ талаар ярихдаа "Бараа бүтээгдэхүүний өссөнтэй холбоотойгоор төр засгийн зүгээс цалингийн доод хэмжээ болон тэтгэвэр, тэтгэмжийг системтэйгээр нэмж байх бодлогыг хариуцаж ажиллах ёстой. Гэтэл тэтгэвэр, тэтгэмж, халамж хүртдэг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ээ хөсөр хаяж олон жилийг өнгөрөөж байна. Жишээлбэл, ХБИ-дэд олгодог 188 мянган төгрөгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байсныг энэ оны эхнээс буцаагаад хасчихлаа. Ийм иргэддээ дээрэлхүү төр засаг яагаад байгаад байгаа юм бэ? 288 мянган төгрөгийг өнөөдөр 500 мянгаас 1 сая төгрөг хүртэл нэмэх боломжтой хамгийн өндөр төсвийг Засгийн газраас баталсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын бодлого маш буруу явагдаж байна. Мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудаа огт шийдэхгүй, иргэдийнхээ амьжиргаа руу гар дүрдэг, цагдаа нарын хууль хяналтын ажлыг нь хийлгэхгүй мөртлөө айлын авдрыг ухах нь холгүй ажлыг хийлгэж байна. Тийм учраас оффшор болон ЖДҮ авсан, банкуудыг дампууруулсан, төрөөс хэдэн тэрбумаар нь луйвар хийсэн төрийн түшээдтэйгээ дайн зарлаад, улсынхаа төсвийг татаад хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдийнхээ амьжиргааг нэн яаралтай дэмжих шаардлагатай байна" гэсэн юм. 
скачать dle 12.0