“Хуулийг гууль” болгосон “Эко констракшн”-ыг АТГ-т шалгуулж, хариуцлага тооцно уу ХОТЫН ДАРГА АА !

Нэг сая 500 мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна.
Тэр ч бүү хэл хууль үйлчилдэггүй цөөн хэдэн хөрөнгөтнүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан нийслэлийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрийн хар гайгаар амьд явах баталгаагүй болсон нийслэлийн иргэд үерт урсаж, усанд үйж амиа алдахад ойрхон ирээд байна. Шуудхан хэлэхэд нийслэлийн үерийн усийг зайлуулах хамгийн том шугам сүлжээ болох Дунд голын “Сэлбэ” үерийн далангийн орчим “Эко констракшн” ХХК барилга барьж, шугам сүлжээ татахаар олон удаа оролдож, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг уландаа гишгэсээр байна.
Хамгийн ойрын жишээг дурдахад “Эко констракшн” ХХК-ийн барьж буй “Зүүн сэлбэ” хотхоны дэд бүтцийг БЗД-ийн 25 дугаар хороо, Дунд голын “Сэлбэ” үерийн далан доогуур барих ажлыг дур мэдэн гүйцэтгэхдээ хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчиж, байгаль сүйтгэсэн байдаг. Тодруулбал “Зүүн сэлбэ” хотхоны цэвэр бохир усны шугамыг тавихаар Дунд голын урсгал, голдиролыг өөрчлөхүйц 20 гаруй мяетр газрыг голын дундуур ухаж, авто зам болон төмөр замын гүүрэн байгууламжуудыг сүйтгэсэн нь цаашид зам тээврийн, төмөр замын томоохон осол гарах эрсдлүүдийг бий болгож байна.
Тэдний ухсан газар нь дөрвөн хорооны уулзвар төмөр замын хэсэг бөгөөд төмөр зам орчмын 50 метрийн тусгай хамгаалалтай газар юм. Үүний хамгийн гол аюул нь Төмөр замын гүүрний доогуур хүчитгэсэн арматур бетон байдаг. Гэтэл арматурыг тасалж, бетонийг нь цөмлөөд ухчихсан байна. Төмөр зам нь өөрөө маш нарийн ажиллагаатай зүйл бөгөөд энэ дээгүүр өдөрт хэдэн зуугаараа ачаа тээвэрлэсэн вагон явж өнгөрдөг. Нэг сантиметр зөрөхөд л нурах аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байгаа юм Тиймээс цаашлаа осол аваарь гарах эрсдэл “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн шуналт балгаар гараад байна. Тэд энэхүү ажлыг гүйцэтгэхдээ ГУББГ болон төмөр замын удирдах газраас зөвшөөрөл аваагүй байна.
Хууль зөрчиж байгаль сүйтгэсэн энэхүү үйл явдал болсны дараа Нийслэлийн удирдлагууд “Эко констракшн” ХХК-ийн төлөөллүүдийг дуудаж, хариуцлага тооцох асуудал хөндөгдсөний дараа энэхүү хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийх нэрээр “нүглийн нүдийг гурилаар хуураад” өнгөрчээ. Хамгийн хачирхалтай нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд энэ газарт цэвэр усны шугам татна гэсэн нэг ч зураг төсөл байхгүй атал зөвшөөрлийг нь Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд өгсөн байна. Гэнэтхэн л гол ухаж, төмөр замын гүүрэн байгууламж сүйтгүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас ийнхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөрчин байж олгосон нь авлига, албан тушаалын гэмт хэргийн сэдэлтэй байхыг ч үгүйсгэхгүй гэж хардагдаж байна. Үүнийг шалгаж олон нийтийн эргэлзээг тайлахыг АТГ-аас шаардах нь ч зүй ёсны хэрэг биз ээ !.
НИЙСЛЭЛЧҮҮД ҮЕРТ УРСАЖ, УСАНД ҮЙЖ АМИА АЛДАХ НЬ ХОТЫН ДАРГА АА !
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 130 гаруй км үерийн далан, ус зайлуулах шугам хоолой байрладаг. Эдгээрээс хамгийн том нь буюу Улаанбаатарчуудыг үерт автуулчихалгүй хамгаалж байх үүрэгтэй гол далан нь БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах Дунд голын “Сэлбэ” үерийн далан юм. Гэвч “Эко констракшн” ХХК энэхүү үерийн даланг өөрчилж барилгын ажил явуулж байгаа нь ирээдүйд нийслэлчүүдийг тэр чигт нь усанд автуулж үерт урсгаж амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох эрсдлийг дагуулж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсээр ирсэн.
Дунд голын Сэлбэ үерийн далан нь Улаанбаатар хотын зүүн хойд хэсгийг үерийн уснаас хамгаалах зорилгоор баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн. Олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийсэн байгууламж. Гэвч “Эко констракшн” ХХК энэхүү үерийн даланд дур мэдэн барилга байгууламж барьж /2018 онд/ голын голдиролыг өөрчлөн ухаж төнхөж эхэлсэн нь давтамж нь ойртсоор байгаа их үерийн гамшгаас хамгаалах чадваргүй болгоаж байгаа юм.
Бид энэ талаар ГУББГ-ын Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга Ж.Батсайханаас тодруулахад “Энэхүү далангийн эргийн хамгаалалт нь 100 жилд нэг удаа үерлэх их үерийн дээд төвшнийг өнгөрөөх чадвартай байх ёстой. Гэвч “Эко констракшн” ХХК Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын хамгийн гол систем болон болох Дунд голын даланд хууль, журам зөрчин нарийсгаж байгаа нь тэр орчмын айл өрхүүд, орон сууцны хорооллуудыг үерийн усанд автуулах, түүнээс үүдэн гарах олон эрсдэлийг бий болгож байна” гэж мэдээлсэн юм.
Эко констракшны босс С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй “Зүүн сэлбэ” хотхоны газрын зөвшөөрлийг анх хэрхэн яаж авсан, үйл ажиллагаа явуулахдаа хуулийг хэрхэн гууль болгож байгаа тухай бид дараа дараагийн цуврал нийтлэлдээ дурдах болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

http://amjilt.news/55247?fbclid=IwAR2Tug128wCUndEsLpceQc6Hc93uFfGkpzXt08TFpd0UNdUX2SJgBK7ikDs
скачать dle 12.0