Рок урсгалын тухай дагнасан нийтлэлүү-дээрээ алдартай “One Louder” цахим сэтгүүлд Монголын рок хамтлагуудын тухай сэтгүүлч Райн Дайер онцолсныг хөрвүүллээ.
Европынхон нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягийг хүйтэн жавартай говьд морьтой давхиж, эсгий гэрт амьдарч, нум сум харваж, бөх барилддаг хүмүүс гэж төсөөлдөг. Гэхдээ та сүүлийн жилүүдэд Монголын рок хамтлагуудын давалгаа хүч түрэх болсныг мэдсэн үү. Ялангуяа “The HU” хамтлаг цахиур хагалж, “Metal Hammer” сэтгүүлийн шинэ дугаарт гарсан байна. “The HU” бол Монголын нэрийн хуудас болсон цорын ганц хамтлаг биш. Монголын рок хамтлагууд барууны урсгалыг үндэсний хөгжмийн уугуул элементүүдтэй хослуулснаараа өвөрмөц юм. Тухайлбал, бидний мэдэхгүй хөөмий , морин хуур, товшуур (гурван чавхдастай) гэх мэт үндэсний хөгжмийн зэмсгийг роктой хослуулсан нь морьт арми ирэх шиг сонсогдоно. Монголоор овоглосон эдгээр хамтлагуудын дунд Өвөрмонголоос (үнэндээ Хятадын нэг хэсэг) гаралтай уран бүтээлчид ч бий. Тэднийг түүх, эх хэл соёл, домогт удирдагч Чингис хаан нь одоо ч холбодог мэт санагдсан.
“The HU” хамтлаг одоогоор Монгол Улсын урлагийн хамгийн алдартай экспорт болж байна. Тэдэнтэй зэрэгцэх зургаан металл хамтлагийг “байлдаан”-д оролцуулах нь зүйтэй санагдана.
“Хурд”: Монголын хөгжмийн ертөнцөд хүнд металлыг нэвтрүүлсэн анхны хамтлаг бол “Хурд” (1987 онд байгуулсан) юм. Тэдний хэв маяг нь сонгодог металл ба зөөлөн рок балладын холимог. Тэд Монгол Улс болон Өвөрмонголын сонсогчдын хувьд үндэсний бахархал болдог аж.
“Алтан ураг”: Тэдний монгол хөөмий, рок хэмнэл, хагас оркестрын давхцалтай уран бүтээл бүр эртний домог амилах мэт мэдрэмж төрүүлдэг. “Алтан ураг” (2002 онд байгуулсан) бол “Netflix” телевизийн “Марко Поло” цуврал, “Чингис хаан” кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийн соундтрейкийг хийжээ.
“Есөн эрдэнэ”: Хятадын рокийн төлөөлөл болох “Есөн эрдэнэ” хамтлагийн дуучид өвөрмөц хоолойтой. Тэд 2017 онд Польшийн Вудстокийн фестивалийг монгол хөгжмийн үдэшлэг болгосон юм.
“Тэнгэр кавалери”: “The Hu” дэлхийн тайзнаа гарахаас өмнө “Тэнгэр кавалери” хамгийн алдартай хамтлаг байсан. Өвөрмонголоос гаралтай “Тэнгэрийн дайчид” ардын урлагаа роктой хослуулан АНУ-ыг байлдан дагуулжээ. “Cavalry In Thousands” (Мянганы дайчид) зэрэг дуугаа англиар дуулж байв. Тэд видео тоглоомын компаниудтай гэрээ хийсэн нь нэр хүндээ өсгөхөд нөлөөлжээ. Харамсалтай нь, гоцлол дуучин Ганганбайгаль 2019 онд нас барснаар хамтлагийн карьер огцом буурсан юм.
“Ego Fall”: ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод мэндэлсэн “Ego Fall” хамтлаг үндэсний хөгжмөө металкор болон электрон элементүүдээр баяжуулсан хамтлаг юм. Хамтлагийн хятад нэр нь “Dian Fu M” бөгөөд М үсэг нь Монголыг илтгэдэг байна. Тэд Европоор аялан тоглож байжээ.
“Ханггай”: Бээжинд төвлөж уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг баллад аялгуутай дуунуудаараа алдартай. Ханггай гэдэг нь монгол үг аж. Урлаг судлаач Фронтман Илчи “Хангай” хамтлагийн хөгжим Чингис хааны цэргүүд шиг сүрлэг биш ч монгол түмний амьдрал, ёс зүйг илэрхийлдэг” гэж дүгнэжээ.
Х.ЭрдэнэзаяаЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)