Соёлын яамны анхны акц: Урлагийг гудамжинд гаргав


Наймдугаар сарын сүүлчээс эхлээд театрт сонсогддог дуу хоолой, хөгжим гудамжинд дуулддаг болов. Өдөр бүр шүү.
Сонсох нээ, шинээр байгуулагдсан Соёлын яамны хийж байгаа анхны ажил нь энэ гэнэ. Түүнийгээ “Соёлын цаг” хэмээн нэрийджээ.
“...Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн нэрэмжит гоцлол болон дуэт, дөрвөлөөс бүрдсэн урлагийн тоглолтоо үнэ төлбөргүй зохион байгуулж, уран бүтээлчдээр дамжуулж “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэнэ” гэж Соёлын сайд С.Чулуун ярьжээ.
Ингээд л Монголын нүүрийг тахалдаг мэргэжлийн урлагийн байгууллагын хэдэн дуучин, бүжигчин, хөгжимчин хотоор нэг хэсч, гудамж талбайд дуулж, хуурддаг болсон байгаа юм.
 
 
Үнэндээ энэ бол С.Чулуун сайдын яриад байгаа шиг “...Монголын ард түмэнд хүртээмжтэй, монгол түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ” ерөөсөө биш шүү.
 
 
Харин урлагаа, соёлоо байдаг газраас нь гудамж руу түлхэн гаргасан хэрэг юм.
Дээхнээс дээ, гучаад жилийн өмнө нийгэм солигдсоноос хойш Улаанбаатарын гудамжинд гудамжны дуучид гарч ирсэн байдаг. Багшийн дээд, барааны зах, бусад хүн олон цугладаг газарт өмнөө мөнгө хийх цаасан хайрцаг сэлт тавьчихсан хоёр гурваараа нийлсэн “дуучид” тааралддаг байлаа. Цагтаа “уран сайханч” нэртэй явсан эдгээр хүмүүс шинэ нийгмийн шуурганд ширвэгдсэнээс ингэж амьдрах аргаа олсон нь түвэггүй ойлгогдоно. Ерөөс манай гудамжны дуучдын нийтлэг жишиг нь ийм юм.
Харин мэргэжлийн урлагийн байгууллага бол өөр өө. Тэд театртаа, тайзан дээр л байх ёстой. Урлаг бол тэндээс л бидэнд үзэгдэх, сонсогдох, мэдрэгдэх учиртай бөгөөд тэгж байх өөрийн гэсэн ёс суртахуун, дэг жаягтай юм. Урлаг учраас эрхэмсэг, гоо зүй болохоор ямбатай байх ёстой.
Түүнээс биш мэргэжлийн урлагийнхан тоостой гудамжинд халтайж зогсох учиргүй.
 
 
Ерөөс урлаг бол хүн төрөлхтөний нэн чухал, салшгүй зүйл юм. Философичид, гүн ухагчид урлагийн гайхамшгийг танин мэдэж, тодорхойлохыг зорьсоор ирсэн. Эртний Грекийн эрдэмтэн Гераклит “...Урлаг бол сайхны дуурайхуй юм” гэсэн. Мөн Платон “...Юмс нь үзэгдлийн санааны сүүдэр төдий байдаг. Тиймээс мэдрэгдэгч юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу тусгалын тусгал” гэжээ.
 
 
Түүнчлэн Оросын алдарт зохиолч Лев Толстой  “...Урлаг бол таашаал, ая тух, зугаа цэнгэл бус, харин агуу бодос, амьдралын чухал эрхтэн”,  Америкийн эрдэмтэн Эллен Диссанайаку “...Урлаг бол  хэл яриа үүсэхээс ч өмнө байсан. Тэр ч байтугай бичийг орчин үеийн хүн болон хувьсахад нөлөөлсөн чухал хүчин зүйл” гэсэн байдаг.
Харин шинэ үеийн гоо зүйн нэрт онолч Готлиб Баумгартен “...Урлаг бол сайхны биежин хэрэгжих дээд хэлбэр мөн. Гоо зүй нь эцсийн дүндээ урлагийн философи юм” гэв. Эдгээрийг Соёлын сайдтан харсан болов уу. Уншсан уу. Үгүй бол, урлагийг ойлгохгүй бол зүгээр л хүндэтгэлтэй ханд, салбарыг сонс.
Ер нь анхны акцаараа л урлагийг гудамжинд гаргасан Соёлын яамны зорилго яг юу юм бэ. Энэ үү?!
Засгийн газрын тэргүүн нь  Соёлын яамтай болохдоо өөр зүйл ярьж байлаа. УИХ-ын анхдугаар чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого эзэнгүйджээ гэдгийг харсан. Соёл урлагийнхны ажлын байраар явж судалсан. Соёлын яам байгуулж энэ чиглэлийн бодлогыг өөд нь татах хэрэгтэй. Соёл урлагаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг мэргэжлийн хүмүүс нь хариуцах шаардлагатай байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд үр дүнд хүрч, Монгол Улсын соёл урлаг хөл дээрээ босно гэж найдаж байна” гэж байлаа.
Тэгэхээр Соёлын яамыг төрийн бодлогоор байгуулжээ гэж ойлгогдож байгаа биз.
Аливаа төр урлаг соёлынхоо бодлогод тодорхой хэмжээгээр оролцдог. Байдаг л зүйл. Гэхдээ үр дүнгийн хувьд нийгмийнхээ сэтгэлзүй, бие махбодын өвчнийг анагаах хийгээд амьдралын зөв хэвшил, нийгэмшлийг нийтэд түгээдэг. Урлагийн үр дүнг төр нь ингэж ашигладаг. Манайд бол эсрэгээрээ болж байна гэдгийг дахиад л хэлье.
Яагаад гэвэл яг одоогийн байгуулсан Соёлын яагаад ч Ерөнхий сайдын амлаад байгаа “...Монгол Улсын соёл урлаг хөл дээрээ босно” гэсэн зорилгод хүрэхгүй. Харин ч хоёрхон сар болоод ганцхан ажил хийгээд, байж байгаа нь энэ.
Дээрээс нь энэ Соёлын яам Засгийн газраас “нэр”-ээ авсан ч байраа, боловсон хүчнээ хүлээж аваагүй. Соёлын төв өргөөнд хоног төөрүүлж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бас нэг газрын дарга гэсэн дөрөвхөн хүнтэй өдөр өнгөрүүлж байна. Яам гэхэд хэцүү.
Сайдын амаараа өгсөн үүргийг төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагынхан биелүүлэх гэж ихээхэн юм болж байна. Есөн дүүргийн 24 байршилд нь хүрч тоглолтоо үзүүлэх гэж зардал мөнгө, цаг хугацаанаас эхлээд олон асуудалтай мачийж яваа юм билээ.
Гэтэл сайд нь “...Морин хуурын чуулгынхны хурууг нь бээртэл гадаа тоглуул” гэж лүндэндээд л...
Үзэгч дуудахгүй байхыг сайдтан бас үүрэгдсэн гэж байгаа. Үзэгчгүй тоглолт гэдэг үнэгүй л гэсэн үг. Урлаг үнэгүйдвэл юу болох нь улс үндэстний асуудал болж хувирна.
Ер нь бол Соёлын сайдын энэ тушаалд соёл урлагийн салбарынхан дургүй байна гэдгийг хэлчихье. Тэгээд ч Монголын Соёлын сайдаас өөр ингэж “далийж” яваа салбар хариуцсан албан тушаалтан дэлхийд байхгүй. Дэлхийн олон улс орны урлаг соёлын салбар, том театрууд “COVID-19” цар тахалтай холбоотойгоор аль эрт, өнгөрсөн хавраас шинэ маркетинг, менежментийг нэвтрүүлээд эхэлчихсэн. Онлайнаар үзэгчдээ “олж” байна.
Нью-Йоркийн Метрополитан театрын ерөнхий менежер  Питер Гэлб “...Энэхүү хүнд хэцүү цаг үед Метийн тайз хоосон байсан ч бид үзэгчдийнхээ амьдралыг гэрэлтүүлж, баяр баясал өгнө гэдгээ амлаж байна. Бид өндөр нягтаршилтай, төрөл бүрийн цуврал тоглолтуудыг үнэ төлбөргүй шууд дамжуулна” гэсэн байна. 
 
 
Италийн Турин хотод байрлах Реджио Торино театр олон нийтэд зориулж “...Дуурийг буйдангаасаа” гэх уриатай онлайн үзвэрийг санал болгожээ. Тус театрын сайтад “...Нэр хүндтэй уран бүтээлүүдийг буйдангаасаа үзэх боломжтой боллоо. Улаан дарс шимэнгээ, буйдандаа тухлан сууж, алдарт сонгодог дуурь, балетын тоглолтуудыг үзээрэй. Гэртээ тусгаарлагдаж байхдаа ч хөгжилтэй, сэтгэл санаагаар тайван байх хэрэгтэй” хэмээн театрын уран бүтээлчид хэлжээ.
 
 
Лондонгийн “Wigmore” дэлхийн хэмжээний концертын танхимд тоглогдсон гайхалтай сонгодог хөгжмийн тоглолтуудыг гэрээсээ үзэх боломжтой. “...Бетховеноос Шуберт хүртэл сонгодог хөгжмийн хаадын хөгжмийг сонсож, дэлхий дахинд нүүрлээд буй аюулыг түр умартан, сэтгэл санааны тайван байдлыг мэдрээрэй” гэж сурталчилж байна. Москвагийн алдарт Большой театр цар тахлын үед иргэдэд үзүүлэх цахим тоглолт, алтан сан хөмрөгийн тоглолтуудаа YouTube-ээр шууд дамжуулан дэлхий нийтийн хүртээл болгож байгаа юм.
Манайд ч “37-р точка” уран сайхны киноны нээлт, “Гэгээн Муза” наадмын үйл ажиллагааг уран бүтээлчид өөрсдөө онлайнаар, үзэгчгүйгээр зохион байгуулж чадаад байна. Тэгтэл яамаа яая гэж байгаа Соёлын сайд С.Чулуун анхны акцаараа л урлагийг гудамжинд гаргаж шидлээ. “...Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг Соёлын яамтай болонгуут сайд нь мэргэжлийн урлагийн байгууллагынхан, Монголын соёл урлагийн салбарт эхний “шанаа”-г  ингэж хүртээв.
 
Б.ГарьдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0