Д.Төмөрбаатар: Бид амьтны амь таслаагүй шүү


Хөвсгөл аймагт 1993 онд болсон Монгол Улсын хил хамгаалахын ...дугаар ангийн .. дугаар заставын хилчдийн бодит түүхийг 26 жилийн дараа Этик продакшныхан сөхлөө. Болж өрнөсөн явдлын талаар бодит эх сурвалжаас нь Та бүхэндээ хүргэж байна.

-Өнгөрсөн жил “Этик” продакшн Хөвсгөл аймгийн нэгэн сумын нутагт нэлээд дуулиантай яваад ирсэн сурагтай байсан. Энэ дуулиант үйл явдлыг тун удахгүй олон нийтдээ үзүүлж, хуваалцах гэж байгаа юм байна. Эндээс яриагаа эхлэх үү?
-Жүжигчин Д.Төмөрбаатар: Хөвсгөл аймагт болсон явдал. 1993 онд Монгол Улсын хил хамгаалахын 0257 дугаар ангийн гурван хилчин Буриад, Тувагийн хил зөрчигч нарыг илрүүлж, улмаар амь насаа алдсан харамсалтай түүх бий. Тухайн үед энэ хэргийг нууцын зэрэгт авч дуулиан дэгдээлгүй дарж байгаад, 20-иод жил намжмал байдалтай байсан болохоор саяхнаас нууцын зэргээс гаргасан юм байна.
Ингээд тухайн цэргийн ангийн ой болж, хилчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, баатарлаг гавъяаг нь мөнхөлж хөшөө босгосон байна лээ. Мөн хошууч Н.Отгонжаргал тэдний тухай кино хийхээр санаачилсан байгаа юм.
“Этик” продакшны захирал жүжигчин А.Энхжин, найруулагч Г.Даваазул нар хошууч Н.Отгонжаргалын санаачлагыг дэмжиж, саналыг хүлээн авсанаар өнгөрсөн жил буюу 2019 онд бодит амьдралаас сэдэвлэсэн уран бүтээл төрөх эхлэл тавигдсан. Мэдээж Хилийн цэргийн ерөнхий газраас буюу удирдлагуудаас нь албан ёсоор зөвшөөрөл авсан. Гэхдээ түүхийг өгүүлэхдээ шууд утгаар нь үзүүлэх бус уран сайханжуулж нийгэмд хүргэж байгаа гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй.

-Үйл явдлыг судлахад одоо амьдарч байгаа хүмүүстэй нэлээд явж уулзсан байх. Тэр хүмүүс нь ялангуяа гэр бүлийнхэн нь одоо хаана байдаг юм байна, хэрхэн хүлээн авч байх юм?
-Д.Төмөрбаатар: Амь эрсэдсэн гурван цэргийн нэг нь яг Цагаан-Үүр сумын иргэн, хоёр нь тухайн үед тус заставт шилжиж ирээд байсан юм билээ. Одоо бол н.Баяраа агсаны гэр бүлийн хүн тус заставын тогоочоор, бага охин нь болон хүү нь ч бас тэнд ажиллаж байна.
Жүжигчин Д.Хосбаяр: Яг тэр нутагт, тэр заставт болсон, нутгийн хүмүүст тохиолдсон явдал учраас бид тухайн бодит орчныг зорсон юм.

-Киноны гол дүрүүдийн талаар жоохон тодруулаач. Хэн хэн тоглосон, ямар уран бүтээлчид оролцсон талаар товч танилцуулах уу?
-Д.Төмөрбаатар: Гол дүрд А.Энхжин, Д.Хосбаяр, Л.Сумъяабазар, Г.Даваазул нар тоглосон. Хосбаяр эерэг дүр, Батбаяр бид хоёр эсрэг дүр. Мөн энэ кинонд МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА М.Дорждагва, театрын жүжигчид, чөлөөт уран бүтээлчид гэх мэт нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
- Д.Хосбаяр: Заставтаа байрлаад хоолонд ороход л 60 гаруй хүн байх жишээний. Гэтэл тухайн анги 20 гаруй алба хаагчидтай гэсэн. Тэгээд харьцуулаад бодвол хүмүүст тодорхой төсөөлөл харагдах байх.

-Та бүхэн Цагаан-Үүр сумын нутгийг нэлээд доргиосон бололтой. Энэ кино “Этик” продакшны хэд дэх уран бүтээл вэ?
-Д.Хосбаяр: Цагаан-Үүр сум нь баруун хязгаарт нутагтай. Хамгийн гол нь тухайн нутаг нь онгон дагшин байгальтай учраас гайхамшигтай байгалийн зураглалтай болсон.
Сумын ард иргэд бүх талаараа бидэнд тусалж дэмжсэн. Тус цэргийн ангийн хурандаа Г.Загд гэж хүн зөвлөхөөр ажилласан байгаа.
Одбаяр, Батбаяр, Энхжин, Даваазул, Баярхүү, Төмөрхүү нар “Этик” продакшныг 2018 онд үүсгэн байгуулсан бөгөөд анхны бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл болох “Хүний цаана” хэмээх киногоо олны хүртээл болгосон. Тэдний хоёр дахь уран бүтээл “Цуурхал” гэж кино гарсан. Харин гурав дахь уран бүтээл нь энэ сард олны хүртээл болох гэж байгаа “Хэлгүй жим” кино юм.
Төмөрбаатар бид хоёр урилгаар энэ уран бүтээлд оролцсон. Төмөрбаатар зураг авалтын үеэр тус сумын застав дээр бус Соёлын төвийнх нь тайзан дээр хөшгийг нь дэвсэж амьдарч байлаа /сурв: инээв/.
Д.Төмөрбаатар: “Этик” продакшныхан бүгд КУДС-ийг төгссөн залуучууд. Бид энэ уран бүтээлдээ оролцуулахаар мөн КУДС-ийн кино урлагаар сурч байгаа 2, 3-р курсийн оюутнуудыг авч явсан. Бүгдийг нь застав дээр байрлуулах боломжгүй байсан учраас тайзан дээр амьдарсан байдаг юм /сурв: инээв/
Д.Хосбаяр: Ажилбарын хувьд бид тэндээс маш их зүйлийг сурсан, бас хүнд ч байсан. Морьноосоо олон ч хүн унасан даа. Зэвсэг техникийн хувьд ч маш нарийн зохион байгуулалттай ажилласан. Дээрээс нь массын хэсэг Тува талдаа олон байсан болохоор Цагаан-Үүр сумын ард иргэдээс, цэргийн ангийн цэргүүдээс оролцуулж маш өргөн цар хүрээг хамруулж уран бүтээлээ хийсэн. Цагаан-Үүр сум тэр аяараа хөдөлсөн гэж болно.
Д.Төмөрбаатар: Нэмж хэлэхэд бид амьтны амь таслаагүй шүү гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Зургийн баг маш сайн ажилласан.
-Хөвсгөл нутгийг зорих сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл Цагаан-Үүр сумын онцлог сайхан нь юу байв. Киногоо үзээд хүмүүс орчны гоё сайхан, аж амьдралынх нь онцлогийг мэдрэх боломжийг тооцоолсон нь тодорхой. Цухас сонирхуулаач.
-Д.Хосбаяр: Цагаан-Үүр сумын нэг онцлог байна. Ерөнхийдөө модоор аж ахуйгаа зохицуулдаг. Үнэхээр сонирхолтой санагдсан. Отгийн хэсэг дээр бөөлж байгаа ч юм уу, жишээ нь сураг ажиг тавьж байгаа дүр зураг зэргийг нэг бүрчлэн детал болгон дээр ажилласан.
Д.Төмөрбаатар: Зураг авалтын дундуур 10 гаруй хилчид морьтойгоо, нохойгоо дагуулчихсан ирж явааг хараад өөрийн эрхгүй огшиж билээ. Танихгүй залуучууд байгаа шүү дээ. Гэсэн ч тэднийг хайрлах сэтгэл эрхгүй төрсөн шүү. Тэгээд тэр хилчид ирээд амралгүй, маргааш нь шууд зураг авалтад орсон.
Тэндэхийн хилийн цэргийн ажилчид нь буриад хэлтэй юм байна лээ. Хил зөрчигч буриад ороод ирэхэд зогс гэж хэлэхэд ойлгохгүй бол яах вэ. Тэгэхээр ажлын шаардлагаар буриад хэл сурдаг байх гэж бодогдсон.
Цагааннуур сумын дархад залуутай ярилцлаа. Тэр залуу гэрээсээ гараад хоёр жил болсон, эхнэргүй. Аав, ээжтэйгээ Цагаан сараар л уулзсан гэнэ. Гэрийнхнийгээ санадаг гэдгээ хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан. Тийм л залуус тэнд байна. Хилийн заставын тухай миний төсөөлөл шал өөр байлаа. Би говийн цэргийн ангиудаар бол очиж үзэж байсан хүн. Тэр ойлголтоороо зураг авах объект дээрээ очоод модон хашаа, амбаар, дүнзэн байшин хараад үнэхээр гайхсан. Хилийн цэргийн 10 дугаар застав гэж байна шүү. Хангай газар гэхээрээ тэгдэг юм уу, модоор зодчихсон байдаг юм байна лээ.

-“Хэлгүй жим” гэдэг нэрээ тайлбарлахгүй юу. Хүмүүс янз бүрээр л хэлэлцэж байна. Тэдний эргэлзээ, маргааныг нь эцэслэж өгөхгүй юм уу?
-Д.Төмөрбаатар: “Хэлгүй жим” гэдэг нэрийг С.Одбаяр өгсөн юм. Нэрийн утга нь зохиол уншихад мэдэгдэнэ, киногоо үзэхэд тайлагдана.

-Хосбаяр ямар дүрд нь тоглосон бэ. Өөр хүнийх нь дүрд тоглох байсан юм гэж бодогдож байсан дүр бий юу?
-Д.Хосбаяр: Би н.Цоодол гэдэг хүний дүрд буюу уран сайханжуулсан нэрээр бол Пүрэв гэдэг ахлагчид тоглосон. Гэр бүлтэй байж байгаад эхнэр нь... гээд орхьё доо. Цааш ярьвал дэлгэрэнгүй болчихно /сурв: инээв/
Уран бүтээлчдийн нууцхан хүсэл мөрөөдөл нь түүхэн хүний дүр. Энэ бол нэр төрийн хэрэг. Жишээлбэл, Мандухай хатаныг бид тэр үед нь амьдарч байгаагүй учраас мэдэхгүй, МУАЖ Н.Сувдаар төсөөлдөг. Үүний адил энэ гурван хүний дүр дээр ажиллана гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг юм аа гэж хүлээж авсан. Миний бүтээж байгаа дүрийн эзнийг гэр бүлийнхэн нь киного үзээд “нээрээ л ийм хүн байсан даа” гэж зүрх сэтгэлд нь үлдээж чадвал бидний энэ уран бүтээлийг хийсэн, энэ дүр дээр ажилласан баг хамт олны бас нэгэн амжилт болж байгаа юм.

Д.Төмөрбаатар
: “Асрагч” гэдэг кинонд тоглосон жүжигчин Л.Сумъяабазарыг н.Баяраа агсны эхнэр нь “манай нөхөр ийм залуу байсан даа” гэж хэлж байсан.
Дүрүүдийн тухайд, Хилийн цэргийн ерөнхий газраас зөвлөсний дагуу бид гурван хилчдийнхээ нэрийг өөрчилсөн. Киноны жанрын хувьд мелодрам ангилалд орно.

-Зураг авалтын үед болсон хөгжилтэй явдлуудаас хуваалцахад үзэгч, уншигчид их дуртай байдаг. Тэр жишгээр бас сонин хачнаасаа ярих уу?
-Д.Төмөрбаатар: Би утсаараа нэг бичлэг хийлээ, “За ингээд намрын өнгө ороод сайхан байна” гээд л. Гэтэл хоёр өдрийн дараа нэвсийсэн цас орчихдог байгаа. Намрын өнгөөр зураг авалт эхэлчихсэн байдаг. Гэвч цас орсон учраас хийцгүйрэх янзтай хоёр хонолоо. Дараа өдөр нь өглөө 7 цагт бүх залуучууд зэвсэглэж аваад ойр хавийн цасаа цэвэрлэж дуусаад яг зураг эхлэх үед, 10 өнгөрч байтал сайхан нар гараад бүх цас хайлчихсан /сурв: инээв/.
Бас нэг хөгжилтэй явдал гэвэл, Мөрөнгөөс 180 км замд 4-5 цаг яваад очих газраа хүрнэ дээ гэж бодоод фургонд суухаа болиод дүү нартайгаа камазаар явлаа. Ядаж байхад ачаан дээр дугуйн харалдаа суучихаж. Тэгсэн чинь 10 цагт гараад шөнийн 12 цагийн үед очдог байгаа. Сүүлдээ бүгд лего тоглоом эвлүүлчихсэн юм шиг эвээ олоод хөл гишгэх завсаргүй чигжчихсэн байсан. Үнэн чанга замтай юм байна лээ, тэгээд л олны хөлөөс хол, тийм тансаг, гоё байгальтай байдаг байх.
Бидний дунд морьноосоо унасан хүн олон байсан. Би л гэхэд хэд хэд унасан. Мориндоо мордтол намайг аваад шидчихсэн. Найруулагч стоп гэж хэлэх завгүй инээгээд, би ч үргэлжлүүлээд л байлаа. Хутга нухаад байсныг нь мэдэлгүй хэд хэд унасан байдаг юм. Ер нь морьд нь их омголон, дошгин.
-Хилчдийн тухай бусад киноноос танай уран бүтээл юугаараа өөр, ямар онцлогтой юм бэ?
-Хилчдийн тухай, цэрэг армийн тухай кино гэхээр хүний амь эрсэдсэн гэх ерөнхий ойлголт явдаг. Жишээ нь “Фантастик” продакшны “Байтаг Богд” киноны баатарлаг дүрүүдийн адил гурван баатрын дүр гарна, ойлгомжтой. Харин кино зохиолууд нь, үйл явдлууд нь тэс ондоо. Газар нутаг, цаг үеийн байдал бүгд өөр. Эх орныхоо хилийг хамгаалж байгаад юунаас болж амь эрсэдсэн нь, хэзээ болсон үйл явдал, цаг үе, нийгмийн байдал бас л өөр. Хүн гэдэг нэг ухагдахууны цаана хүн тус бүр дахин давтагдашгүй өөр гэдэгтэй адил.
р нь энэ уран бүтээлийг хийснээр та бүхэн өөрсдөө юу мэдрэв. Үзэгчид юуг ойлгож авах ёстой вэ?
-Д.Төмөрбаатар: Би өмнө нь ярьсан. Танихгүй 10 залуу хилийн манаанаасаа ирж байхыг хараад энэ хүмүүс бид бүгдийн амар амгалан байдлын төлөө нойр, хоолгүй арван хэд хоног нүд цавчилгүй хилээ харуулдаж яваад ирж байгаа нь бахархмаар байсан. Энэ бол гайхалтай мэдрэмж. Ер нь эх орныхоо төлөө амиа алдсан үйл явдал бол маш хүнд сэдэв. Тэр баатруудыг, тухайн баатарлаг үйлсийг хүмүүст, хойч үедээ ойлгуулахын тулд уран бүтээлчид түүхэн бүтээл хийж байгаа юм.
-Кино онлайнаар нээлт хийх үү. Орон нутгийнхан ч бас хүлээлттэй болсон байх?
-Нээлт Өргөө-1 кинотеатрт энэ сарын 28-нд болно. 29-нд Дарханд, 30-нд Эрдэнэтэд гээд л цаашаа явах байх. Хөвсгөлд хилчдийн баяраар очно. Цагаан-Үүр сумынханд зорьж очиж үзүүлэх болно, амлалт өгсөн.
-Олон асуулттай үлдэж байгаа ч уран бүтээлээс тань хариултаа авъя гэж бодоод ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Киног урьдчилаад яриулчихвал онцгүй гэж хүмүүс хэлдэгчлэн уншигчдад ч мөн бусдаар яриулахаасаа өмнө өөрсдөө үзээд “Хэлгүй жим”-ийн утгыг тайлаарай гэж хэлэх байна. Та бүхний уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Маш их баярлалаа.
Ярилцсан: Я.Хулан
скачать dle 12.0