Саудын Арабад хүүхдэд цаазын ял ногдуулахаа болино


ЭР-РИЯД. /BBC/.Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд цаазын ял ногдуулахаа болино гэж Саудын Арабын Хүний эрхийг хамгаалах комисс мэдээллээ. Хаан Салманы зарлигийн дагуу ороолгох шийтгэлийг хориглосноос хойш хоёр хоногийн дараа энэхүү мэдэгдэл гарсан байна.

Саудын Арабын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдүүдэд цаазын ял ногдуулахыг хориглодог юм. Хүний эрхийг хамгаалагчид Саудын Арабыг хүний эрх хамгийн их зөрчигддөг орон гэж үздэг. Тэдний хэлснээр, тус улсад үг хэлэх эрх чөлөөг ноцтой боогдуулдаг бөгөөд Засгийн газрыг шүүмжилсэн тохиолдолд баривчилдаг байна.

Саудын Арабад 2019 онд 184 хүнийг цаазаар авснаас хамгийн багадаа нэг хүүхдэд ийм ял ногдуулсан гэж “Amnesty” хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага мэдээлжээ.

Саудын Арабын Хүний эрхийг хамгаалах комиссын тэргүүн Аввад Алаввадын мэдээлснээр, хааны зарлигийн дагуу гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд ногдуулах цаазын ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих байранд 10 жил хорих ял болгон өөрчилжээ.

"Энэхүү зарлиг шийтгэлийн орчин үеийн хуулийг бий болгоход хувь нэмрээ оруулна" гэж А.Алаввад мэдэгджээ. Дээрх шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. 
Монцамэ агентлаг
скачать dle 12.0