Яагаад манайд ийм олон тамирчин депутат байна вэ?


Анастасия Миронова, “Газета” агентлагийн тоймч
ОХУ-д маш олон шагнал, цомтой, алдартай уран гулгагч Алина Загитова гэдэг тамирчин байдгийг спортоос хол хөндий байдаг миний бие саяхан мэдсэн юм. Гэхдээ спортын мэдээнээс биш, улс төр, нийгмийн мэдээллийн хэсгээс мэдсэн билээ.
Бас нэгэн алдартай уран гулгагч болох Татьяна Навка 17 настай Алина Загитова зодог тайлж магадгүй байгаа талаар яриад “Одоо түүний өмнө бүх зам нээгдлээ. Олимпын аварга Алина одоо шууд Төрийн Думд сонгогдож болно” гэж хэлж байх юм. Төрийн Думд тэшүүрч байгаа тул уран гулгагч л дутаад байсан юм байх. Бага зэрэг “нас ахичихад” л дараагийн сонгуульд яагаад депутат болж чадахгүй гэж?
 
Энэ бол манай ард түмний нийтлэг гай зовлон юм. Оросуудын толгойд саатал үүсээд, үр дүнд нь манай улстөрд тамирчин, жүжигчин, цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч гэх зэрэг шууд хэлэхэд оюун ухааны салбарын бус хүмүүс олон орж ирлээ.
Төрийн Думд байсан, одоо байгаа тамирчин депутатуудыг дурдаад үзэхэд олимпын 3 удаагийн аварга, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк, олимпын 3 удаагийн аварга Ирина Роднина (уран гулгалт), олимпын 3 удаагийн аварга Александр Карелин (сонгомол барилдаан), олимпын хошой аварга, хоккейчин Вячеслав Фетисов, олимпын хошой аварга, биатлонч Сергей Чепиков, дэлхийн 4 удаагийн аварга биатлонч Владимир Драчев, олимпын аварга тэшүүрч Светлана Журова, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев, теннисчин Марат Сафин, олимпын медальт, усан бөмбөгийн тамирчин Ирек Зиннуров, хөлбөмбөгийн мэргэжилтэн Валерий Газзаев, олимпын 3 удаагийн аварга Бувайсар Сайтиев (чөлөөт бөх), чөлөөт бөхийн олимпын 3 удаагийн аварга Артур Таймазов, WBO холбооны дунд жингийн дэлхийн аварга асан боксчин Дмитрий Пирог гээд л. Тэднээс гадна сансрын нисэгч Терешкова, телевизийн хөтлөгч Пушкина, Толстой, зохиолч Шаргунов нар Төрийн Думд сууж байна.
Тэд их улстөрд юу хийж байна вэ? Ямар ч тэнэг хүнд тэд нэр алдартай болохоороо л сонгогдсон гэдэг ойлгомжтой. Ойлгомжтой хариулт ч эрүүл бус явдал.
Дэлхийн ямар ч хөгжсөн оронд өөрийн алдартай хүмүүс бий. АНУ, Франц, Их Британид дэлхийд алдартай маш олон хүн байгаа. Хэрэв америкчууд зүрх, сэтгэл нь оросуудтай адилхан байсан бол тэдний засгийн газрын бүх түвшинд Холливудын одод, НБА-гийн сагсчид сууж байх байлаа. Дэлхийн хамгийн алдартай хүмүүс Америкт амьдардаг. Гэхдээ тэнд тэднийг яагаад ч юм конгресс, сенатад сохроор сонгодоггүй. Жүжигчид их улстөрд тодорсон тохиолдол ч гарын хуруунд багтахаар цөөхөн. Рональд Рейган, мэдээж Арнольд Шварценеггер. Өөр хэн байна? Клинт Иствуд төрсөн бяцхан хотынхоо дарга болж байсан бол Жесси Вентура Миннесотагийн амбан захирагчаар ажиллаж байлаа. Дуучин Шерийн анхны нөхөр болох жүжигчин эр Конгресст сонгогдож байсныг санаж байна. “Их хотын секс” киноны Синтия Никсон Нью-Йоркийн захирагчийн сонгуульд Эндрю Куомотой өрсөлдөөд ялагдаж байв.
Mэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев
Америкийн оддын улс төрийн гялалзсан замналын өөр жишээ байхгүй. Уг нь АНУ-д олны танил алдартан маш их тул тэд манай парламентын бүх суудлыг ч дүүргэж чадна.
Америкт Засгийн газар, Конгресст яагаад улстөрчид, бизнес, эдийн засгийнхан, төрийн ажилтнууд, хааяа нэг эрдэмтэд сонгогддог учрыг мэдэх үү? Яагаад гэвэл тэнд Бэтмений хувцастай тайзаар гүйх нэг өөр, Конгресст хууль батлах огт өөр зүйл гэдгийг мэддэг, ойлгодог юм. Тийм болохоор Америк, Баруун Европт хэрэв сонгуульд өрсөлдөгчдийн нэр хүндийн чансааг гаргалаа гэхэд энэ нь сонгуульд хэн нэгэнд илүү сурталчилгаа болдоггүй. Тэндхийн сонгогчид парламентад тамирчин биш улстөрч хэрэгтэй гэдгийг тун сайн мэддэг.
Харин манай улсад ард түмэн яагаад үүнийг ойлгодоггүй хэрэг вэ? Юуны өмнө сонгогчид буруугүй гэж би үзэж байна. Харин хэн буруутайг та мэдэх үү? Улс төрийн технологи буюу олон түмэнд улс төр, удирдлагын зорилгоор нөлөөлөх шинжээч, судлаачдын мэргэжлийн холбоо, бүлэглэлүүд буруутай. Тэд 2000 оноос өмнө сонгуулийн өрсөлдөөн гэдэг зүйлийг ОХУ-д устгасан юм. 1990-өөд оны үед бүгд улстөрд орж байлаа. Мафийн дээрэмчид, эмч нар, генерал гээд л. Анх харахад инээдтэй ч үнэндээ энэ 1990-өөд онд л Орост улстөрийн өрсөлдөөний соёл сэргэсэн билээ. Большевикүүд төрийн эргэлт хийхээс өмнө Хаант Орост улстөрийн маргаан, өрсөлдөөний соёл гэж байсан юм.
Oлимпын 3 удаагийн аварга, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк
Төрийн Дум, эсвэл Хотын захиргаанд хэн ч танихгүй гутлын үйлдвэрийн дарга, экологийн зүтгэлтнийг гаргаж ирэхэд маш хэцүү. Хажууд бэлэн од байж байхад яах гэж ингэж зовох гэж? Тамирчин, жүжигчин алдартнаа тэргүүн эгнээнд тавиад ард нь нэр алдаргүй хэдэн хүнээ зүүчихэд алдарт од тэднийг ч чирээд Төрийн Думд ороод ирнэ.
Манай орны улстөрийн соёлыг энэхүү сонгуулийн шинжээч, улстөр судлаачид болон улс төрийн намуудын удирдлага сүйрүүлж орхисон гэж хэлэхэд болно. Намаас ухаан мэдлэгтэй хүнийг сонгуульд өрсөлдүүлэхийн оронд улс төрийн намууд суудал, мандат найдвартай аргаар авах аргыг илүүд үзсэн. Хэн ч танихгүй ухаантныг сурталчлах гэж мөнгө зарж байснаас алдартай хүнийг өрсөлдүүлбэл санхүүд амар, сонгогдох магадлал өндөр.  Орон нутагт ч байдал яг ижил. Дэлхийн спортын од зодог тайлахад орон нутаг, тосгон, суурин газрын захиргаанд суудал бэлэн.
Хөдөө орон нутагт хэрэв ямар нэг алдартан байгаа бол (зүгээр төрсөн байхад ч болно) түүнийг улстөрд заавал оруулдаг нь хөдөө нутгийн хууль дүрэм. Арай илүү алдартай оддоо Төрийн Думд зүтгүүлж, жижгүүдийг нь орон нутгийн сонгуульд сойно. Алдарт тамирчин ажиллах нь орон нутгийн захиргаанд ч ашигтай. Учир нь од хүн алдаа гаргахад ард түмэн уучилна, мөн нэр хүндээрээ нутагтаа юм олоод ирэх магадлалтай.
Харин ард түмэн, сонгогчид яагаад одоо болтол тэдэнд санал өгсөн хэвээр байна вэ? Энэ бол Орос орны эмгэнэл юм.
ЗХУ-ын 70 жил, Шинэ ОХУ-ын 20 жилийг туулсан манай ард түмэн засаг захиргааны элдэв байгууллагууд зүгээр л нэг тайзны засал гэдгийг сайн мэддэг болсон. Хуучин ЗХУ-ын үед хөдөлмөрийн баатар оёдолчин, ажилчин, тариачин Дээд Зөвлөлийн депутатаар 100 хувийн санал авч сонгогддог байлаа. Ард түмэн тэднийг Их хурлын чуулганы үеэр сайхан костюм өмсөөд суухаас өөр юм юу ч хийж чадахгүй гэдгийг мэддэг байсан. Орон нутгийн захиргаанд ямар эрх мэдэл байдаггүй, бүгдийг Москва шийддэгийг ойлгодог байсан. Тийм болохоор орон нутгийн дарга нарыг ч анхаарахаа больсон юм. Тэдэнд ямар ч эрх байхгүй юм чинь. 
Өнөөгийн 30 нас гарсан хүмүүс манай радио, телевизээр мэргэжлийн хүмүүстэй хийдэг сайхан ярилцлага, нэвтрүүлгүүд байсныг санаж байгаа. Тэр үед эдийн засгийн талаар эдийн засагчтай, улт төрийг улстөрчтэй ярилцдаг, асуудаг байсан. Харин одоо тийм нэвтрүүлэг алга болжээ. Ямар ч суваг дээр тааруулсан татвар, олон улсын байдал, эрүүл мэнд гээд бүх салбарын талаар жүжигчин, тамирчин, телевизийн хөтлөгчид яриад суудаг болжээ. Театрын найруулагч, спортын тайлбарлагч зэрэг хүмүүс студид хүрж ирэхэд түүнээс Сирийн дайн, Украины хямрал, биткоины талаар асууна. Нөгөөх нь ч мэддэг царай гаргаад яриад сууж байх юм. Гавьяат жүжигчин Роман Мадянов ард түмэнд гэрбүлийн үнэт зүйлсийн тухай зөвлөснөө оросууд Европыг хэт шүтэж байна гэж мэдэгдлээ. Зарим тамирчин, жүжигчин телевизээр гарахдаа бараг л Их долоон гүрний эдийн засгийн зөвлөгч мэт том юм бурна. Ярослав, Пенза ч юмуу аль нэг жижиг хотын сонин яахаараа ч тэднээс НАТО-гийн бодлого, нефтийн үнэ асуудаг юм?
Яахаараа манай улсын алтны нөөцийн талаар тамирчид, жүжигчид ярьдаг билээ? Яагаад гэвэл эдийн засагчид жишээ нь Гуриевийг хэн ч студид дуудахгүй. Манай улсын радио, телевиз хатуу цензуртэй. Энэ цензурийг даваад телевизээр эдийн засгийн бэрхшээлийн талаар ярих эдийн засагч олдохгүй. Тийм болохоор л тамирчид, жүжигчдээс энэ талаар асууж эфирийн цагаа бөглөхгүй бол болохгүй. Ингээд эд нар нь Төрийн Думд гарна. Ард түмэн ч эсэргүүцээд байгаа зүйл байхгүй.
Тэгэхээр алдарт Алина Загитовад баяр хүргэе. Түүний өмнө бүх чухал үүд хаалга нээлттэй байна. Ийм их цомтой байхад Төрийн Дум, Засгийн газарт ч орж чадна. Ард иргэд дэмжинэ, тэд ийм юманд дассан улсууд. Таныг анхны медалиа авч байхад чинь ард түмэн хэзээ нэгэн цагт депутатын суудалд морилно гэдгийг чинь урьдчилан мэдэж байсан юм. Олон жил хүлцэнгүй байсан улсууд хаашаа ч алга болохгүй. Сонгуульдаа оролцоод саналаа танд өгөх болно.

М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mnскачать dle 12.0