Трамп хорио цээрийг цуцлах төлөвлөгөөгөө танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар цуцлах төлөвлөгөөгөө танилцууллаа. Цагаан ордны тэргүүний мэдэгдсэнээр, муж улсын захирагч нарт хязгаарлалтын арга хэмжээг аажмаар цуцлах зөвлөмж өгсөн байна. “Шинэ зөвлөмжүүд нь хорио цээрийг цуцлахын тулд үе шаттай, сонголттой арга хэмжээ авах боломжийг муж улсуудын захирагч нарт олгоно. Тэд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг хэдийд цуцлахаа бие даан шийдэх боломжтой” гэж Трамп цохон хэлжээ. 
Түүний хэлснээр, төлөвлөгөө гурван үе шатаас бүрдэнэ. “Бидний төлөвлөгөө ахмад настан, эмзэг бүлгийн хүмүүсийг цаашид хамгаалахын зэрэгцээ цэргийнхэн болон бусад гайхалтай авьяаслаг хүмүүст хэнээс ч илүү сайн хийж чадах зүйлсээ хийх боломжийг олгоно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Төлөвлөгөөнд өвчлөл, шинжилгээ, эмнэлгүүдийн ажиллах журам зэрэг хэрэгжүүлэхээс нь өмнө дагаж мөрдөх ёстой тодорхой нөхцөлүүдийг тусгасан болохыг тэрбээр нэмж хэлжээ. Үүнээс гадна, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэвтрүүлсэн эрүүл ахуйн шаардлагыг баримталсан хэвээр байх аж.
Уг төлөвлөгөөнд мөн зарим эрдэмтний анхааруулж буй коронавирусний халдвар намар дахин гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзсан байна. “Хэрэв зарим эрдэмтний үзэж байгаагаар, намар халдвар дахин дэгдвэл эдгээр зөвлөмж нь бидэнд хариу арга хэмжээг түргэн шуурхай авахад бэлэн байх боломж олгоно” гэж Трамп хэлжээ.
Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлыг хариуцсан зохицуулагч Дебора Бирксийн мэдээлснээр, 14 хоногийн хугацаанд батлагдсан тохиолдлын тоо, мөн энэ хугацаанд ханиад эсвэл “COVID-19” –ийн шинж тэмдэг бүхий хүмүүсийн тоо буурвал муж улс, хотуудын захиргаа хорио цээрийг цуцалж эхэлж болно. Үүний зэрэгцээ орон нутгийн эмнэлгүүд энэ үед ердийнх шигээ ажиллах ёстой. Энэхүү арга хэмжээг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан томоохон хөтөлбөр”-ийн хамт хэрэгжүүлэх аж.
Одоогийн байдлаар АНУ коронавирусний халдвар авсан болон нас барсан хүний тоогоор нэгдүгээрт орж байгаа юм. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад 654 мянга орчим хүн халдвар авч, 31 мянга орчим хүн нас баржээ.

Д.Жаргал
скачать dle 12.0