Хоёр өөр хандлага


01. Хятадад хамгийн нэр хүндтэй анагаахын шинжлэх ухааны доктор профессорууд зурагтаар гарч титэм вирусын халдвартай холбоо бүхий ард иргэдийнхээ санаа зовниж буй асуудлуудад хариу өгөх юм. Гэтэл манайд хэн хэн зурагтаар гараад байгааг та бүгд бүхэн мэдэх хойно нэрийг нь дурьдаад яахав. Ирэх зун болох УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихэд зурагтаар олон гарч байх нь хэрэгтэй байж болох л доо. Гэхдээ энэ бол сонгуулийн кампанит ажлаас шал өөр зүйл гэдгийг бодолцоосой билээ. Уг нь вирус судлалаар мэргэшсэн нэр хүндтэй академич Нямдаваа гуай, энэ өвчний дэлгэрэлт, амирлал, намжилтын талаар нэлээд жинтэй үгээ хэлээд байгаа Мамба дацан эмнэлгийн ерөнхий эмч Одончимэг нарын хүмүүс гарч ирээд ярьж байвал хүн ардын сэтгэлд арай л ойр дотно санагдмаарсан даа.
02. Улс төрчдийн маань үг хэллэг ч "Цагаан сарыг цуцлах" гэх мэтээр болхи толхи сонсогдоод байгааг ард түмэн мэдэж байгаа. "Энэ бол цоо шинэ вирус болохоор эмчлэхэд хэцүү" гэсэн утгатай үг ЭМ-ийн сайд хэлснийг би л хувьдаа тийм цоо шинэ вирус гараад ирж дээ гэсэн шүү маягаар ойлгож хүлээн авсан. Гэтэл үнэндээ шинэ хэлбэрийн титэм вирус болж таарсан шүү дээ.
"Японоос хоёр зуун оношлуур оруулж ирсэн." гэж нөхрийг мэдэгдэхээр "Овоо олон юм орж ирлээ дээ. Аймаг сум болгондоо тараах юм байлгүй." гээд бодож байлаа. Би амьхандаа олон дахин ашигладаг аппарат хэрэгсэл маягтай юм төсөөлөөд байсан л даа. Гэтэл тэр нь нэг удаагийн "тестийн хайрцаг" төдийхөн юм байна лээ шүү дээ. Хятадад тийм төрлийн "тестийн хайрцаг" одоогийн байдлаар 17 хэв загвартайг үйлдвэрлэн гаргажээ. Манайх 1-3-ээс хоногт багтаан шинжилгээний хариу гарч байгаа бол Хятадад үйлдвэрлэсэн тийм тестийн хайрцагууд 30 минутаас 1 цагийн хугацаанд хариуг гаргадаг болж байна. Тийм болохоор хятадад үйлдвэрлэгдсэн тийм хурдан оношилдог тестийн хайрцагуудыг олноор худалдан авъя гэхэд цаад тал учиргүй цааргалахгүй баймаар бодогдох юм.
03. "Манайд сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэд өөрсдийнхөө хаана юу хийж явааг мэдэгдэхгүй. Дэндүү хариуцлагагүй байна шүү." хэмээн өчигдөр хэвлэлийн бага хурал дээр нэг бүсгүй хэлж байгааг та бүхэн харсан байх аа. Ингэж хэлж байгаа салбарынхан харин ч өөрсдөө дэндүү хайнга хариуцлагагүй байгаагаа олон түмэнд мэдэгдсэн хэрэг л дээ. Хятадад л гэхэд 500 000 хүнийг байнга ажиглан дагаж, 125 000 хүнийг тусгай өрөөнд хяналтанд байлгаж байгаа тухай өнөөдөр төв телевизээр нь ярьж байна лээ. Тэр 500 мянган хүнийг мэдээж хэрэг эмч сувилагч нар дагаж мөрдөөд байхгүй нь тодорхой. Харин цагдаа зэрэг хүчний байгууллагуудын ажил үүргийн хуваарьт тийм шинэ үүрэг оногдсон байж таарна. Тайваньд л гэхэд тусгай зориулалтын гар утас маягтай аппарат тийм хүмүүстээ өгсөн нь хаана юу хийж байгааг ажиглан тандах боломж олгож байгаа юм гэсэн.
04. Хятадад халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Си Зиньпин дарга нь гардан хариуцаад өдөр шөнөгүй ажиллаж байна. Тийм болохоор зэвсэгт хүчнийхээ стратегийн нөөцийг энэ том үйлсэд бүрэн дүүрэн зарцуулах боломжтой байж таарна. Манайд харин Энхтөвшин дарга хариуцаж байгаа юм даг уу даа?
Д.Болдбаатар
Гэгээ сургалтын төв


скачать dle 12.0