Шагнал "нүдээ олбол" илүү тод харагддаг

Бидэнд олон бахархал бий. Эх орон, төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээж гээд нэрлэвэл дуусахгүй. Үүнээс гадна дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа, хүн зоны энхийн манаанд цаг мөчтэй уралдан ажиллаж байгаа, тусгаар тогтносон эх орноо үр хойчдоо өвлүүлэн үлдээхээр зүтгэж буй хариу нэхдэггүй монгол бахархлуудыг нэрлэхгүй өнгөрч боломгүй. Ийм хүндтэй эрхмүүдээс жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг “Чингис хаан" одонгоор шагнадаг болоод хэдэн жилийг ардаа үджээ.
Уламжлал ёсоор энэ жилийн "Чингис хаан” одон хүртэх эрхмийг өчигдөр албан ёсоор зарлаж, дэлхийд Монголын хүннү рокийг сурталчлан таниулж яваа “Тhe hu” хамтлагийнхан уг одонг энгэртээ гялалзуулахаар болж байна. Байгуулагдаад удаагүй ч Монголын урлагт шинэ түүхийг бичсэн тэдний авьяас чадвар, хөдөлмөрийг үнэлэх нь зүй ёсны хэрэг.
Гэхдээ тэднээс өмнө хийдгээ хийчихсэн, даруухан нь хэтийдсэн хүмүүсийг алгасчихсанд л гол асуудал нь байгаа юм. Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг удирдан ажиллаж олон хүнд амьдрал хайрласан Ж.Чинбүрэн эмч, олон зуун хүүхдэд ой тогтоолтын спортын ач холбогдлыг ойлгуулж Гиннесийн амжилтын эзэн, тив дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргасан Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар нарыг дурдаж болно.
Үүнээс гадна Монлэл Улсын төр, нийгмийн салбарт нэг насаараа ажиллаж, цаашид хэдэн арван жил ашиглах бүтээлтэй эрхэм хүн олон байгааг ч дурдууштай. Хөрөнгө мөнгийг үрж зарцуулаад дуусна. Харин Монголын төрөөс өгсөн шагнал бол хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүдэд дурсгал, үр хүүхдүүддээ үлдээх үнэт өв болж үлддэг учир үнэ цэн нь үүнд л оршиж байгаа юм. Тиймээс хэн нэгний авах болзлыг нь аль хэдийнэ хангачихсан шагналыг итгэл алдарч, сэтгэл гундтал нь хүлээлгэх бус баярлаж хөөрөх тэнхээтэй дээр нь өгчихвөл нүдээ олсон хэрэг болох юм.

Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0