Төрийн албан дахь “одбаяр”-ууд-2


Монголд эрх мэдлээрээ далайлгаж нүүрээ хамгаалж дөнгөдөг дарга нар хилийн дээс алхахдаа хэн ч биш болж, эх орныхоо нэртэй хамт шаварт унадгийн сургамж нь Цэцийн дарга Д.Одбаяр боллоо. Хуультай оронд хэн ч байсан дураараа авирлаж чадахгүйг харуулж, улсаар нь шившиг болгодгийн зовлонг энэ хэдэн өдөрт Монголчууд хангалттай амсч сууна.
Энэ дуулианы эхлэлийг нийгэм сэрдэхдээ цэцийн дарга Сөүлийн онгоцонд суухын өмнөх өдөр Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмал ашигласны төлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон байдаг.Гэтэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулах хуудуутай шийдвэр гаргачихаад дарга нь яаран сандран хилийн дээс давав уу. Гаргасан шийдвэрийнхээ “шагнал”-ыг аваад олон улсын хурлаас бараг 3-4 хоногийн өмнө амрах гээд явчихлаа гэх хардлага ч байна.
Тэгвэл Солонгосын онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдоод байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын “хамсаатнууд” Монголд олон бий. Тэр дундаа төрийн албанд олноороо шургалсныг батлах судалгаа, баримт ч хангалттай байгааг ХЭҮК-ын мэдээллээс харж болно. Монголд ажлын байрны бэлгийн дарамт хавтгайрсан ч хариуцлага тооцох механизм байдаггүй. Энэ төрлийн гомдол хүлээж авч, анхаарал хандуулдаг байгууллага нь ганцхан ХЭҮК. Гэтэл энэ байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлэхээс илүү эрх мэдэл, хуулийн зохицуулалт алга. Хүч дутаж байгаагаас ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгчид хариуцлагаас мултарч сурчээ. Ганцхан жишээ татья.
Хоёр жилийн өмнө Увс аймгийн “Ойрад” театрын дарга ажилчдынхаа бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн камер байрлуулсан. Мөн ажлынхаа өрөөнд ч байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулсныг ХЭҮК шалгаж тогтоосон байдаг. Улмаар театрын дарга олж авсан баримт, мэдээллээ хувь хүний зөвшөөрөлгүйгээр аймгийн  төрийн байгууллагын дарга нарын хурал дээр дэлгэцээр үзүүлж ёс зүйгүй аашилжээ.  ХЭҮК-оос тус байгууллагын ажилтнуудаас авсан санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад 58 ажилтны  24 нь буюу 41 хувь нь “тийм”,  22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байв. Үүний дагуу  “Ойрад” хөгжимт жүжгийн театрын даргын дээрх үйлдэлд хариуцлага тооцож өгөх шаардлагыг ХЭҮК-оос тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн ч зүгээр өнгөрчээ. Учир нь аймгийн Засаг даргыг очиход өнөөх камер, дуу бичлэгийн төхөөрөмжөө хураачихсан байсан учраас ХЭҮК болон театрын ажилтнуудын хэдэн удаагийн нотолгоонд итгээгүй гэнэ. Хамгийн хачин нь театрын дарга өнөөг хүртэл  ажлаа хийж байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг дарга нар яг л энэ жишгээр хариуцлагаас мултарч, хуулийн хийдэл ашиглаж байна.
Төрийн албаны шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч нарт хамаатай. Харин улс төрийн болон үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан байгаа юм. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна. Түүнчлэн өнөөгийн эрхзүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.
Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүү, Зөрчлийн хуульд тусгах нэн шаардлагатай байгаа талаар Хүний эрхийн үндэсний комисс, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байна.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир: АББД-ААС СЭРГИЙЛЭХ АСУУДЛЫГ ДОТООД ЖУРМАНДАА ТУСГАЖ ӨГӨХ ЁСТОЙ
-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол сүүлийн хоёр жилд 12 ирсэн. Энэ төрлийн гомдол хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн ялгаварлан гадуурхалт гэсэн хүний эрхийн зөрчилд хамаардаг. Жендерийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилтийн хүрээнд 11 аймагт хяналт шалгалт хийж, сургалт явуулсан. Нэг аймгаас 10 төрийн байгууллага сонгосон. Санал асуулгаас харахад удирдах албан тушаалтнуудын зүгээс зохисгүй харилцаа гаргадаг гэж хариулсан тохиолдол цөөнгүй бий. Бид дүнгээ нэгтгэж байна. Төрийн байгууллагууд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг дотоод дүрэм журмандаа тусгаж өгөөгүй зөрчил их гарсан. Энэ төрлийн гомдол гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тодорхой заах ёстой. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхийн тулд үе шаттай сургалтыг тусгайлан хийх үүрэгтэй байдаг ч хэрэгжилт тун хангалтгүй байна. 2019 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж байгаа хуульд Төрийн албаны хуульд төрийн албаны харилцаа бусдад давуу тал олгох, ажлын байрны бэлгийн дарамт болон бусад дарамт үзүүлэхийг хориглосон.Хууль зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ч хэрэгждэгггүй. Эрүү, Зөрчлийн хуульд ямар ч зохицуулалт байхгүй. Хариуцлагын механизм тодорхойгүй. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой тусгайлсан хуультай улс орнууд ч бий.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болормаа: БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ УИХ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН
-Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу.  Эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байна. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сар хүртэлх хугацаагаар хорино. Хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас  жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлт нэн яаралтай тусгахыг шаардаж байгаа.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: ХАРИУЦЛАГА ТООЦОХ МЕХАНИЗМ БАЙХГҮЙ
-Бидний хамгийн гол зорилго бол бэлгийн дарамт Монгол Улсад битгий байгаасай гэж хүсч, хамтран нэгдсэн. Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг. Тэр болгон хохирогч ил гарч ирдэггүй. Өнөөдөр МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хэн нэгэн хүрсэн бол олонд нийтэд ил мэдэгдэхгүй. Учир нь Монгол Улсад тэр хүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй. “Хүний эрхийн Үндэсний комисст мэдээлж болно” гэж байгаа хэдий ч тэр гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизм байхгүй. Энэ байдал нь ажлын байрны бэлгийн дарамтыг хавтгайруулж байна. Энэ бол ичгүүртэй явдал шүү дээ. Хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монголд аялсан тэмдэглэлээ сошиал хуудаснаа нийтлэхдээ “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхдээсээ авахуулаад хөгшин хүн хүртэл миний биед дур мэдэн хүрч байсан. Тэр бол маш аймшигтай байсан” тухайгаа бичсэн байсан.
Бид өнөөдөр XXI зуунд амьдарч байна. Ийм хандлага гаргасан хүнийг бид ямар ч байдлаар хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүддээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувийн орон зайд нь халдаж болохгүй шүү гэж сайн хэлж өгөөрэй.  Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай гэж бодож байна. Ийм үйлдлийг халхаж, хаацайлбал олон нийт байх ёстой зүйл юм байна гэдэг ойлголтыг авах учраас таслан зогсоох шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.6  ЛХАГВА  №220  (6187)
С.УЯНГА
скачать dle 12.0