Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр маэгашира Таканоива зодог тайллаа гэж зарлалаа. Туслах бөхөө зодсон хэрэгт холбогдоод байсан манай бөх “Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ. Зодог тайлна” хэмээн өргөдлөө өгсөн байна. Холбооны тэргүүн Хаккакү ояката “Үнэхээр зодог тайлах гэж үү” гэж хэд хэдэн удаа баталгаажуулсны эцэст өргөдлийг хүлээн авчээ. Шинжээч, мэргэжилтнүүд холбооноос түүнд 2-3 башё өнжих шийтгэл онооно гэж үзэж байлаа. Гэвч Таканоива зодог тайлахаар хатуу шийдсэн байв.
Сүмо холбооны удирдах зөвлөлийн гишүүн Шибатаяма ояката “Таканоива зодог тайлахаар хатуу шийдсэн байсан тул шийдвэрийг нь хүндлэн үзсэн. Холбооноос дэглэлтийг үндсээр нь устгахаар ажиллаж байсан үед ийм хэрэг гарсан нь тун харамсалтай” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Чиганоүра ояката ч шавиа барилд гэж ятгасан ч дийлээгүй байна.
Таканоива оякатагийн хамт орой нь дэвжээн дээрээ хэвлэлийн хурал хийж, “Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ хүлцэл өчиж байна. Үргэлжлүүлэн барилдмаар байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх сэтгэл илүү хүчтэй байлаа” гэж хэлсэн байна. Цаашдаа юу хийх талаар сэтгүүлчид асуухад “Одоохондоо бодоогүй байна” гээд хуучин багш Таканоханад зодог тайлснаа утсаар ярьж мэдэгдсэнээ ярьжээ.
Энэ талаар Кёкүшюүзан Д.Батбаяр Японы телевизэд утсаар ярилцлага өгөхдөө “Яагаад зодог тайлав гэдгийг би ойлгохгүй байна. Өөрөө шийдсэн болохоор яах ч арга байхгүй ч арай л хэтэрхий шийдвэр гаргажээ. Японд ирж, хичээн зүтгэсээр цолтой бөх болчихоод ингэж зодог тайлна гэдэг харамсалтай. Ахын хувьд хэлэхэд үнэхээр харамсалтай “ гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)