Хорьдугаар зууны ээжүүд...


Дээхнэ үеийн ээжүүд эрээн даашинз дэрвүүлээд
Дэлгүүрийн лангуунд дугаарлаж сүү тараг зөөдөгсөн
Дэрсхэн хэдэн үрсээ талх цайгаар таслахгүй гэж
Дэндүү их ажилласаар оройхон гэртээ ирдэгсэн
Үйлдвэр заводын хашаанд арьс нэхий элдэж
Үслэг эдлэлийн үйлдвэрт алгаа хорстол зүтгэж
Яам тамгийн өрөөнд бүрий болтол суухдаа
Ядарсан шинжгүй алхсаар үрсдээ тэд очдогсон
Социалист нийгмийн төлөвлөгөөг солгой зөвгүй нэхэж
Соёлч өрхийн амлалтыг өдөр шөнөгүй шаардаж
Дээр дооргүй өрнөдөг их ажлаар уралдсан
Дэвшил гаргадаг улсдаа хүчээ тэд өгсөн сөн
Хороо хориноос үүрэгдсэн ойр зуурийн ажил
Хог шороо цэвэрлэхээх сөөг бут услах
Хагас амрах өдрийн коммунист их суббодник
Хашаа байр засах гээд хийгээгүй ажил үгүйсэн
Түмний үрсийг сургах, эрүүл энхийг сахиулах
Түмэн төл бойжуулах газар тариаланд зүтгэх
Алс замын тээвэрт жолооч хүртэл явсан
Аяа дээхний ээжүүдэд очоогүй салбар үгүй сэн
Хааяа нэг зүгэлдэг улаанбулангийн үдэшлэгт
Хамаг алжаалаа тайлж түрхэн зуур очиход нь
Сүүтэй хөх нь чинэсээр эргээд нялхдаа яардагсан
Сүүлчийн шувуу буцахад отъябирийн баяраа тэмдгэлдэгсэн
Хоршоонд хааяа ирдэг ховор нь дэндсэн барааг
Хос хосоороо очиж эргүүлж тойруулж үзчихээд
Цалин буугаагүйд халаглан баахан зогсож байснаа
Цуурай хадтал инээлдэн гэрийн зүг алхцгаадаг сан
Мах сүүний төлөвлөгөө элгэвч нэхийний норм
Малын тэжээл бэлдэх эрчүүдтэй хонь хяргах
Цагаан идээ авах айраг бэлдэх даалгавар
Цас зудны ажил нэгдлийн үнээ саах гээд
Хот хөдөөгийн ээжүүд социалист төрдөө зүтгэж
Хором бурийг алдалгүй ажил үйлсээр тодрохдоо
Таван жилийн гавшгайч, баярын бичгийн эзэн болж
Тал сайхан нутагтаа бүүвэй дуулж явсан юм
Алд дэлмээр гэзэгтэй гунхаж явах үедээ ч
Ажил үйлсээр гангарч хийж бүтээж явахдаа ч
Алдарт эхийн өргөмжлөл нэг хоёрдугаар одонг
Аваагүй ээж тэр үед нэн ховор байсан юм
Бидний сайхан ээжүүд хорьдугаар зууныг сэрээж
Билэг авъяас бүхнээ хорьдугаар зуунд өргөж
Бүгд найрамдах орныг улсын дайтай болтол
Бүл хүчээ зориулж эрчүүдтэй мөр зэрэгцсан юм
Одоо харин тэд бүгдээр эмээ болчихоод
Очер нь дийлдэхгүй тэтгэвэрт доголон таягтай зогсно
Урссан хөлсийг нь орлож дусал нулимс бөмөрөх шиг
Угаас хүртээмжгүй тэтгэвэрээ хоног тоолон хүлээнэ.
Ч,Чагнаадорж
скачать dle 12.0