Махны үйлдвэрүүд өөх тосны агууламжаа 30 хувь бууруулж бичсэн байжээ


Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 126  ААН, 16 иргэнд НМХГ шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.  Зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан “Махан бүтээгдэхүүний үйлдвэр нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ёстой. Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар  үйлчилгээ хийгдээгүй байсан” гэв. Тухайлбал, СХД-ийн Дөрвөн Од интернэшнл компани , Дөлгөөн эх тэнгис компани, Тэрх сэрвэн компани, Шилдэг мах компани, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс компани, Мон сүндэ компани, БГД-ийн Жэй Экс Си Эс компани, БЗД-ийн Баян тал борц компани, Мөнх төгрөг компани, ЧД-ийн Цэнгэг айс зэрэг компаниуд эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан. Мөн мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, өөрсдөө цэвэрлэгээ хийдэг нь мөн л эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүнээр иргэдэд нийлүүлдэг байжээ. Махны үйлдвэрүүдийн 48 хувь нь  хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй.
Хэдий бид худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгод итгэн худалдан авдаг ч  Монгол фүүд компани, Тэрх сэрвэн компани, Дөлгөөн эх тэнгис компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74 хувьтай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30 хувьтай гэж бичсэн нь хүнсний эрүүл аюулгүй байдлыг алдагдуулахаас гадна хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хууран мэхэлж байгаа хууль бус үйлдэл гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэллээ.
Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Шижир зол компанийн ундны уснаас дээж авахад  унданд хэрэглэж болохгүй, бохир усаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан нь тогтоогдож үйл ажиллагааг нь зогсоожээ. Түүнчлэн Хүнс компекс, Дөрвөн Од интернэншл компани зэрэг шалгалтад хамрагдсан газрууд ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй зөрчил дутагдал илэрсэн байна.
Б.НАМУУНТАМИР
ЗУУНЫ МЭДЭЭскачать dle 12.0