Венесуэлийн эрх баригчид цалингийн доод хэмжээг 18 мянган боливараас 40 мянган боливар болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай “El Nacional” сонин мэдээлжээ.
Албан ёсны ханшаар бол энэ мөнгөн дүн нь 8 ам.доллароос хэтрэхгүй байна. Зарим алба хаагчид мөн 25 мянган боливар буюу 4 орчим ам.долларын нэмэгдэл олгохоор төлөвлөж байгаа аж.
Венесуэлд цагдаа, багш нар, эрүүл мэндийн салбарын ажилтнууд гээд хэдэн сая хүн хамгийн бага цалин хөлс авдаг болохыг сөрөг хүчнийхэн урьд нь мэдэгдэж байв. Тэдний мэдээлснээр бол Венесуэлд цалингийн доод хэмжээг нэмэхээс өмнө тус улсын цалингийн хэмжээ дэлхийн Баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу буурай орон болох Гаити улсынхаас 14 дахин бага байсан байна.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт өндөр инфляц буюу “хяналтаас гарсан” инфляц, үндэсний валютын ханшийн огцом уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм-эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Энэ жил Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын зөрчил хурцадсан нь байдлыг улам хүндрүүлсэн. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх орон түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.
Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл (0)