Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

 

Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид бүхний хамтын өмч. Ганц Ховдын мянгадуудын өмч гэж хэн хэлсэн юм. Яасан сүртэй жагсаал вэ. 500 орчим иргэн уулын мухарт сүрт жагсаал хийлээ.

500 байтугай тавуулаа нэгдэж тэмцэл өрнүүлэх нь тархай бутархай сэтгэхүйтэй Монголын хээр талын малчдад түвэгтэй. Цуглах ч үгүй. Тэнд яг малаа хариулж байгаа малчин түмэн цугласан гэхэд бас эргэлзээтэй. Ядуу амьдралтай монголчуудын сэтгэхүйг хөрөнгөтнүүд ингэж л ашиглаж ирсэн. Үндсэндээ дотоодын хэдэн олигархын турхиралт, санхүүжилтээр хийгдэж байгаа зодоонд орон нутгийн иргэдийг ашигласан өдөөн хатгалга. Монголын төр ялагдаж л байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа гэж нөхөр биеэр очиж бүх ажлыг нь зогсоожээ. Монголын төр хүчгүй байгаагийн тод жишээ энэ.

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Монголиан Нешнл рийр ийрткорп” компани. Тус компанийн хайгуулын үйл ажиллагааг иргэд ийнхүү зогсоожээ. Газрын ховор элемент гэдгийг энгийнээр ойлгуулахад, Лийтий бол Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ордог гол бүтээгдэхүүн. Дэлхийд асар их хэрэгцээтэй байгаа түүхий эд. Барууны орнууд үг сүггүй хөрөнгө оруулах баялаг орд. Ер нь бол монголчуудын валютын орлого. Монгол руу урсах асар их мөнгөний урсгал. Үүнийг л монголчууд хүсээд байгаа биз дээ. Өдөр шөнө, өглөө оройгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ярьж, зүүдэлж, эрх баригчид үүний төлөө л гадаад руу шогшиж байгаа биз дээ. Гэтэл байгаа байдал нь энэ.

Гадныхны турхиралт, гадныхны санхүүжилтээр үймээн үүсгэв… гэхчлэн нийгмийн сүлжээнд бичиж, турхирч байна. Тийм ч байж болно, эсвэл үгүй ч байж болно. Баримтгүй мэдээлэл. Харин харагдах байдлаараа бол дотоодын зөрчил байх өндөр магадлалтай. Хэрэв тийм бол “Надад биш бол чамд бас биш шүү” гэдэг монголчуудын сонгомол философи үйлчилж буй хэрэг. Үүний л тод жишээ гэж шинжээчид бичиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон нэр бүхий иргэд, тодорхой ТББ-уудын зүгээс нарийн зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн нь цагдаагийн хяналтаас гарах хүртлээ ширүүссэн нь маш аюултай үйлдэл юм. Энэхүү үймээний үеэр төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан нийт 66 хүний амь нас, эрүүл мэнд ноцтой байдалд орсныг хуулийн байгууллагаас мэдэгдсэн.

Ийм турхиралт, үймээн газар бүрт өрнөвөл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбарт эцэстээ юу болох вэ. Дуртай нь ийм үймээнийг өрсөлдөгчийнхөө эсрэг, эсвэл булааж авах гэсэн ордынхоо төлөө захиалан хийлгэх болно. Ингэж л харах ёстой.

Халзан Бүрэгтэйн төслийн талбайд болсон үйл явдал бол нутгийн иргэдийн үзэл бодол, эрх чөлөө, нутаг усныхаа төлөөх тэмцэл байсангүй. Ерөөсөө л хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Зориуд өдөөн турхирсан. Өндөр хэмжээний зохион байгуулалт, санхүүжилттэй, гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл байсныг хууль хяналтынхан эхний байдлаар дүгнэж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Одоо үүнийг хууль хяналтын байгууллага баримтаар тогтоох хэрэгтэй. Монголын төр, засгаас тусгай зөвшөөрлийг нь хуулийн хүрээнд олгох шийдвэрийг гаргасан л юм бол тухайн компанийг өмгөөлж, хамгаалах үүрэгтэй. Шийдвэртээ эзэн байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол ТӨр мөн. Мэдээж олонхын шийдвэрээр төрөөс тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байх. Олонхоороо тус шийдвэрийг гаргасан гэдгийг ч энд дурдах нь илүүц биз. Тэгвэл олонхиороо гаргасан тэр шийдвэртээ тууштай байгаач ээ. Ардчилсан нийгмийн үндсэн зарчим бол Олонхийн шийдвэрээ дагах.

Төрөөс гаргасан олонхын шийдвэрийн дагуу Халзан Бүрэгтэйн төслийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсныг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, 2024 оны есдүгээр сард төслийн урьдчилсан ТЭЗҮ дуусч, эцсийн шатны буюу нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна лээ. Мөн тус төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад,Монголын компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж 2026 оны эхний улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа бас мэдэгдсэн. Халзан Бүрэгтэйн бүх ажил ийнхүү хуулийн хүрээнд, үе шаттайгаар хэрэгжих явцад ийнхүү түвэгтэй байдал үүсч, ажлыг гацаалаа. Монголд мөнгө санхүү хамгийн ихээр босох ирээдүйтэй томоохон төсөл хөтөлбөрүүд ингэж царцдаг түүхтэй. Өмнөх олон ч кейс бий. Түүний л нэг үргэлжлэл болох вий гэж эдийн засагчид болгоомжилж, харуусаж байна. ийм байж бидний монголчууд яаж мөнгө олох юм бэ.

Монголын төр засаг ашиглалтын тусгай зөвшөөрлөө нэгэнт өгсөн л юм бол одоо Халзан Бүрэгтэйн төслийг үргэлжлүүл. Эдийн засгаа ингэж авар, сэргээ гэж л бид төрд татвар төлдөг биз дээ. Хэрэвзээ ийм балмад үйлдэл, үймээн самуун, турхиралт өдөөлтийг өөгшүүлж, тэднийг зоргоор нь тавьж, бууж өгөөд байвал Монголын төрийг цаашид хэн тоох юм.

Монголын хуульд хэн захирагдах юм бэ. Ширэнгийн хуулиар, Африкийн отог омгийн зарчмаар амьдарцгаах юм уу. Төр засгийн зүгээс хөрөнгө оруулагчдаа, татвар төлөгч аж ахуйн нэгжээ хамгаалж, дэмжиж эдийн засгаа сэргээхгүй юм бол Мянгадын хэдэн малчин шиг амьдруулах гээд байгаа юм уу…

Б.Нямаа

 
скачать dle 12.0

Сэтгэгдэл (0)