Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ

Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр зарим асуудлаар мэдээлэл хийжээ. Тэрээр тэр үеэрээ “УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Залгаад Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Эндээс холимог тогтолцоо уламжлалт тогтолцооноос ялгаатай нь тодорхой харагдсан байх.

 

Нэг үгээр хэлбэл УИХ-ын сонгууль уламжлалт тогтолцоогоор явсан бол хоёр том намаас өөр хэн ч гарахгүй байсан. Бусад намуудад боломж олгож, илүү төлөөлөл хангах гэж л холимог тогтолцоонд шилжсэн.

 

Одоо Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулдаг болгох нь зөв өө. Сонгуулийн цикль тасрахгүй улстөржиж хөөрсөөр байтал цагаа алддаг. Одоо ажилдаа орох цаг. Галтай ч алсдаа хэрэгтэй шийдвэрүүд дээр энэ намар, хаврын чуулган төвлөрөхийг хүсэж байна. Улс орны хөгжлийг гацаасан, популизмаас өөр байлгах гэж л 126 гишүүнтэй УИХ бүрдсэн. Үндэслэл нь ийм байсан. Одоо энэ зөв байсан эсэхийг ард түмэн харж байгаа. Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гэжээ.

 

Ийнхүү “16-20 жил дарагдсан 14 мега төслийг Засгийн газар эрэмбэ дараагаар нь УИХ-д оруулж ирнэ” гэдгийг Ерөнхий сайд зарлалаа.

 

Ер нь бол “Эдгээр төслийг хөдөлгөх гэж хамтарсан” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь тайлбарлаж байсан юм. Тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-ний чуулганд үг хэлэхдээ “Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.

 

Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно.

 

Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар УИХ-д өргөн барьж байна. 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр “Гацсан төслүүдийг гацаанаас гаргах гэж 126 гишүүнтэй УИХ-ыг бүрдүүлэх Үндсэн хууль, бусад холбогдох хуулийн өөрчлөлтийг хийсэн. Мөн УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэж байв. Угаасаа энэ реформ нь зөв үү, буруу юу гэдэг нь 2025, 2026 онд л харагдчихна. Харин “Хөгжлийг гацаагч популистуудтай хатуу тэмцэх болно” гэдгээрээ хэнийг онилж хэлсэн нь тодорхойгүй байна.

 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0