Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны хурал өнгөрсөн амралтын өдөр (2024.10.20) Төрийн ордонд болжээ. Энэ хурлаар намын дэд дарга нарыг чөлөөлснөөс гадна намын зарим гишүүн УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намаас хөөх санал гаргасныг хэлэлцжээ.
Тус нам таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 9 дэд даргатай байсан ч өчигдрийн хурлаар бүх дэд даргаа огцруулсан байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа өнгөрөгч дөрөвдүгээр сард тус намын дэд даргаар томилогдсон бол ийнхүү 6 сарын дараа албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Мөн түүнийг намаа нийгэмд муухай харагдуулдаг, намын нэр хүндийг гутааж байгаа гэх агуулгаар Иргэний зориг ногоон замаас хөөх санал гаргажээ. Энэ саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны мэдээллийг тус намаас одоогоор гаргаагүй байна.
Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны хурлын талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Намын даргынхаа талаар төдийгүй, УИХ-ын гишүүд ямар ирцтэй байдаг талаар шүгэл үлээсэн, зарчмын шүүмжлэл тавьсан. Ингэхдээ өөрийнхөө намын даргыг дунд нь хэлсэн биш намын Үндэсний хорооны ээлжит бус хуралдаан зарлалаа.
Намын дарга манай нам ялбал би чамд гоё бэлэг өгнө гэж хэлж байлаа. Бэлэг нь энэ юм байна, баярлалаа.
Энэ хурал 50 хувийн ирцдээ хүрээгүй, бас бүх түвшинд дүрмээ зөрчиж байна гэдгийг хэлээд би хурлыг орхиод гараад ирсэн. Намайг намын Дэд даргаас буулгасан байна. Намдаа хандив өгсөн ганц дэд дарга нь би, намаа сонгууль ялахад маш өндөр үүрэг гүйцэтгэсэн хүн нь ч би. Гэхдээ зүгээр ээ, би өмнөх ажлаа л хийнэ. Би урамгүй газар байдаг хүн биш.
Намайг 75 мянган хүн сонгосон. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд би хичээнэ. Харин намын үйл ажиллагаанд оролцохгүй. Би энэ намыг хамгийн эрүүл гэж бодож орсон. Гэтэл сонгуульд ялж, дөрвөн суудал авсныхаа дараа гишүүдээ халах, хасах, хөөх зэрэг олон асуудал ажиглагдсан. Сонгуулийн дараа урьд нь үзэж, хараагүй хүмүүс манай намд хүч түрэн орж ирсэн.
Иргэний зориг ногоон намын дарга манай нам ялбал би чамд гоё бэлэг өгнө гэж хэлж байлаа. Бэлэг нь энэ юм байна, баярлалаа. Намын даргаа шүүмжилбэл ийм л юм болдог юм байна” гэв.
Мөн Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн М.Нарантуяаг эгүүлэн татах гомдол хоёр ч удаа очжээ. Үүнд гишүүн өөрийн хариу, тайлбарыг өгснөөр асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэнэ. УИХ-ын гишүүнийг хэн эгүүлэн татах эрхтэй вэ?
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар (УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх) гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ эгүүлэн татах тогтоол гаргана. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц, УИХ гэсэн хоёр субъект л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхтэй гэсэн үг. Нам гишүүнээ эгүүлэн татах санал гаргаж болно, үүнийг Үндсэн хуулийн цэц болон УИХ тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын дэд даргаас татан буулгасан ч, намын нэр хүндийг унагасан гэж намын гишүүнчлэлээсээ хасаж, намаас хөөсөн ч, нэмээд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсноос үл хамаарч тэр Үндсэн хууль зөрчөөгүй, гишүүний тангаргаасаа няцаагүй, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдоогүй л бол УИХ-ын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй.
Харин намаас гишүүнийг эгүүлэн татах гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж, Цэц гомдлыг үндэслэлтэй үзвэл М.Нарантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
https://gogo.mn/r/j6kj4
Сэтгэгдэл (0)