Хөгжил дэвшилд хурайлсан хилийн цэнхэр хязгаарт

"Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хилийн аялал-Хармөрөн мужтай танилцахуй" хэвлэл мэдээллийн сурвалжлах арга хэмжээ 08-р сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Хятадын дорно умард хязгаарын нутагт оршдог Хармөрөн мужид болсон юм. Долоо хоногийн аяллаар сэтгүүлчид Хармөрөн мужийн хүн зоны үйлдвэрлэл амьдрал, байгалийн гайхамшигт сайхан, түүх соёлын баялгийг бие, сэтгэлээр мэдэрч маш олон сайхан дурсамжуудыг үлдээлээ. Бид Харбин, Таван том цөөрөм, Хэйхэ, Сүнь Ү, Шюнькэ, Жяинь, Ичүнь зэрэг газруудаар аялж, Хармөрний үзэсгэлэнт байгаль, соёлын гүн өвийг гайхан явлаа. Энэ нутгийн өвөрмөц сэтгэл татам байдлыг өөрийн биеэр мэдрэх нь үнэхээр амьдралын аз жаргал юм. Гайхамшигтай улс орны хэв маягийг харуулсан хүнд үйлдвэрээс эхлээд орчин үеийн газар тариалан, байгалийн үзэсгэлэнт газрууд, олон жилийн түүхтэй соёлын хуримтлал, цэвэр ардын ёс заншил хүртэл бидний зүрх сэтгэлд мартагдашгүй дуртгал болон үлджээ.

Энэ нутаг нь зүүн болон хойд талаараа Хармөрөн, Уссури мөрнөөр ОХУ-тай хиллэнэ. Баруун талаараа ӨМӨЗО-той, өмнөд талаараа Гирин мужтай зах нийлнэ. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Шиньжян, Түвд, Өвөр Монгол, Хөхнуур, Сычуаны дараа зургаа дугаарт орно. Сэрүүн хүйтэн бүсийн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөл урт хүйтэн, зун богино дулаан.
Мужийн хөдөө аж ахуйд хүнсний ногооны тариалан голлодог бөгөөд Хятадын таваарын үр тарианы гол нутаг. Шар буурцаг, эрдэнэ шиш, улаан буудай, тутарга, нарим, ноён шиш ихээр тариалдаг. Чихрийн манжин, маалинга, наранцэцгийн тариалалтаараа Хятадад тэргүүлдэг. Зүүн хойд Азийн төвд байрладаг тус муж ОХУ зэрэг тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, бүс нутгийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломжтой. Хармөрөн мужийн газар нутгийн тавин хувь нь уул, арван хувь нь ус, арван хувь нь тал, гучин хувь нь тариалангийн талбай юм. Баруун хойд хэсгээрээ уулархаг, өндөрлөг, зүүн өмнөд хэсгээрээ намхан, баруун өмнө, зүүн хойд хэсгээрээ нам дор газартай. Хятад, Монгол, Хотон, Манж, Солонгос, Дагуур, Эвенк, Хэжэ зэрэг үндэстнүүдтэй. Нөөцөөрөө Хятадад эхний аравт орох 20 гаруй орд газартай. Газрын тос, чулуун нүүрс, алт, бал чулууны ихээхэн нөөцтэй. Алтны шороон орд, цахиур чулуу, ширмэн чулуу, болор, уран, молибден, цайр, мөнгө, зэс, гантиг, эрдэнийн чулууны уурхай, үйлдвэртэй.

Тус мужийн ойн бүрхэвч 13 сая га, модны нөөц 1,3 тэрбум шоо метр. Ойн бүрхэвч, модны нөөц, мод, модон материалын үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлдэг. 100 гаруй төрлийн мод бут ургадгаас улаан нарс, цагаан нарс, умардын хушга зэрэг үнэт, ховор мод, бут бий. Хармөрөн ан амьтан ихтэй. Уссурийн бар, цагаан тогоруу, булга, халиу, цаа буга зэрэг ховордсон ан амьтадтай. 
Бидний аяллын эхний өртөө Харбин хотын төв гудамж. Чин гүрний үеэс Хятад, Оросын арилжаа худалдааны чухал төв байсан болохоор Харбин нь европ хэв маягаар дүүрэн байдаг. Цаг хугацааны ул мөр үлдээсэн талхны хэлбэртэй чулуугаар дэвссэн замаар алхлахад хүмүүст харь оронд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Дараа нь бид "Харбины цахилгаан машины үйлдвэр"-т орж, том гүрний хүнд аж үйлдвэрийн хэв маягийг гүн гүнзгий ойлгов. 

Харбины Сунгар мөрний хойд эрэгт орших Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркт бид Шэньжэнь-Харбины хамтын ажиллагааны хүчирхэг хөдөлгөгч хүчийг биечлэн мэдэрч, үндэсний бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегийн тус мужид тод практик хэрэгжиж байгааг харлаа. Харбины их театрт хүрэлцэн ирж, сэтгэл хөдөлгөм аялгуун дунд "тэг зайнаас" Харбины "Хөгжмийн хот"-ын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрэв. Бэйань хотын хар шороон газар тариалангийн талбайд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд гарсан шинэ өөрчлөлт, хөдөө аж ахуйн шинэчлэлд агуулагдаж буй шинэ эрч хүчийг өөрийн нүдээр харлаа. Хэйхэ хэмээх хилийн хот нь сэтгэл татам байлаа. Зочломтгой Хэйхэгийн ард түмэн биднийг чин сэтгэлээсээ найрсаг угтан авч, гэртээ очсон юм шиг халуун дулаан уур амьсгалыг бидэнд бэлэглэсэн юм. Ресторан, дэлгүүр, гудамжинд бид хаа сайгүй хүмүүсийн халуун дулаан, найрсаг байдлыг мэдэрсэн. Энэ нутгийн үлэг гүрвэлийн соёл ч мөн адил гайхалтай. Үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг болсон энэ газар эртний нууцлаг уур амьсгалаар дүүрэн. Үлэг гүрвэлийн музейд асар том үлэг гүрвэлийн олдворууд биднийг цаг хугацаа, орон зайд аваачиж, тэр гайхалтай үлэг гүрвэлийн эрин үе рүү очсон юм шиг санагдуулна. Бид Ичүнь руу ороход ногоон үлгэрийн ертөнцөд хөл тавьсан юм шиг санагдав. Өвөрмөц уулс нь өтгөн ой модоор бүрхэгдсэн бөгөөд өтгөн моднууд нь нүдээр харахад ногоон далай шиг. Цэвэр агаар нь хөрс, ургамлын анхилуун үнэрийг түгээж, бидэнд байгалийн асар том хүчилтөрөгчийн бааранд байгаа мэт мэдрэмж төрүүлж байлаа.

Хармөрөн нутгийн хүмүүсийн урам зориг, өгөөмөр сэтгэл, эерэг байдал, эелдэг зан нь бидний зүрх сэтгэлд гүн гүнээ шингэсэн байдаг. 

Дараа дараагийн нийтлэлүүдээр Хармөрөн мужийн аж үйлдвэр, соёлын аялал жуулчлал, байгалийн гоо үзэсгэлэн, барилга байгууламж, шинэ хөдөө аж ахуй, хилийн эдийн засаг зэрэг салбарын бодит байдал, ололт амжилт, сайн сайхны тухай дэлгэрэнгүй хүргэх болно.

 

Зохиогч: З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0