БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина

БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина

 

Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгаж байгаа. Эдгээр ажлын хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр орд орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хайсыг буулгаж, чөлөөлсөн газарт 640 хүүхдийн сургууль барихыг үүрэг болгов. Мөн тус хорооны өрхийн эмнэлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс газрын асуудлыг шийдвэрлэж, хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор барина гэв.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, орц, гарц нээж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн түшиц хана барих ажлыг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгалаа. Дээрх хороодын хөрсний усны бохирдлыг шийдэх хэрэгтэйг мөн хэлэв. “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах нөхцөлд саад учруулж буй газруудыг чөлөөлж зогсоол, ногоон байгууламж барих хэрэгтэй гэлээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж байгаатай танилцаж, ажлыг түр зогсоолоо. Цаашид барилга хоорондын стандартыг мөрдүүлж, шигүү барилгууд дунд орон сууц барих зөвшөөрөл олгохгүй байхыг анхаарууллаа. Иргэдийн ая, тухтай байдлыг хангахын тулд хотын ажил явах ёстойг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийг жишиг төв болгоно. Иргэд оршин суугаа бүсдээ аливаа үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстой. Иргэдийн мэдэхээр Сансарын тунель орчмыг бүхэлд нь тохижуулж, ногоон байгууламж, төр, ахуйн үйлчилгээг цогцоор нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлнэ. Иргэд зарим үйлчилгээг авахаар хотын нэг захаас нөгөө зах руу явах шаардлагагүй болно” гэдгийг хэллээ.

Тус дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Б.Их-Амгаланд тус хорооны хуучин гарааш буулгасан газар дээр хүүхдийн 100 ортой цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг өглөө. “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барихаар эхний хоёр багц тендерийг нээсэн. Энэ төслийн хүрээн дэх газар чөлөөлөлтийн ажил Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Дарь-Эхийн зам, Сэлбийн дундах халиа дошин ихтэй айлуудын газарт мөн хамаарч байгаа. Тухайн орчмын айлуудын газрыг байраар солих батламжийг гардуулж, хэлцэл хийх ажлыг эхлүүлнэ. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам гэсэн төслүүд хэрэгжихээр айлууд газар чөлөөлөлтөд орно” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Ганцын задгай”-д газрын гэрчилгээгүй айлуудын гэрчилгээг нийслэлээс олгоод удаагүй байгаа хэдий ч айлуудын цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

скачать dle 12.0