20 минутын дотор "хорь"…

20 минутын дотор "хорь"…

 

Эрх баригчдын сонгуулийн шоу хөдөөд “Шинэ хоршоо”, хотод "20 минутын хот" хөтөлбөр байлаа. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай” гээчийг батлав. Өнгөрсөн хавар энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд 120 орчим хуульд нэг өдөр өөрчлөлт оруулсныг одоо улиглах нь утгагүй биз.

Гэхдээ… Тэд бидний аз жаргалтай хотод амьдруулна гэсэн… Гэтэл яав? Тэгээд юу болов? Түгжрэлд бид түгжигдэж, хүүхдүүд, хөгшид минь гэртээ угаартаж байна. Бидний асуудал тэдний баяжих, бас дарангуйлах боломж болчихлоо.

Ямар нэгэн тэнэг юм ярих ёстой бол тэдний хэлээд байгаа “20 минутын хот”-ыг ярьцгаая, болох уу?

ГОЁ СОНСОГДОЖ БАЙНА УУ?

Гэхдээ байз. Бүү яар. Сайтар ухвал, энэ төлөвлөгөө шинэ зүйл биш. Урд хөршид хэрэгжиж буй хяналтын “хорих лагер” барих төлөвлөгөө юм. Цар тахлын хорионы үед яаж биднийг хорьж, хэрхэн эрхэндээ оруулсныг санацгаая. Өөрсдийгөө өмгөөлж буй уянгын халилаас нь баримтыг, алдсан амь, хохирсон эрүүл мэнд, хоосорсон хэтэвчээ харцгаая. Бидний амьдрал Ардын намынхны хувьд аз жаргалтай. Амьдралд үй олон асуудалтай монгол хүн та мориндоо мордохоо азна. Тэд хүнсний бүтээгдэхүүн, ажил, сургууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин зэрэгт ердөө 20-хон минут зарцуулдаг болох тухай ярьж байна. Хот утаагүй, сургууль, цэцэрлэг амарч, бүгд зугаалахаар мордоцгоох зуны өдрүүдэд тэд төслөө эрчимтэй ярьж, намраас урьдаж дуусгах тухай яарч байна.

Хайвал интернэтээс хүссэн мэдээллээ олоод харчихдаг өнөө цагт тэд энэхүү санаагаа хаанаас олсныг ядах юмгүй олоод мэдчихнэ. БНХАУ-ын “15 минутын хот” хөтөлбөртэй сайтар ажиллавал 20 минутын хот ижилхэн. “15 минутын хот” хөтөлбөр нийгмийн оноо цуглуулах системтэй. Тэдний санаачилсан уг төсөл нь дэлхийн аль ч улс оронд урьд хожид байгаагүй нийгэмд хяналт тогтоох систем гэдгээрээ онцлогтой. БНХАУ-ын засгийн газар энэхүү төслийг 2020 оноос албан ёсоор хэрэгжүүлээд эхэлчихсэн. Урд хөршид явахдаа анзаарсан бол хаа сайгүй царай таних хяналтын камер, бүрэн автомажсан төхөөрөмжүүд суурилуулсан байгаа биз.

ТЭДНИЙ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

-Иргэд болон хувийн хэвшлийн компаниудын  хэтэвчийг, ёс суртахууны хэм хэмжээ зэргийг тус системээр дамжуулан урамшуулах эсвэл шийтгэх замаар хяналтаа тогтоохыг засгийн газар өөрийн гол зорилгоо болгосон. Дараагийн гол зорилго нь итгэл хүлээсэн нэгэнд харамгүй ашиг тусаа өгч, итгэл хүлээлгээгүй нэгнийг дэг журамд оруулах явдал юм. Хятадын засгийн газар нь тус төслийг өөрийн эдийн засаг болоод нийгэмд хяналтаа чангатгах гол хэрэгслээ гэж харж байна.

АВТОРИТАР ХОТЫН ОРШИН СУУГЧДЫН ДҮРЭМ ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ ?

Иргэн бүрд өөрсдийн гарааны 1000 оноо өгөгдөх бөгөөд оноо цуглуулах болон хасуулах зарчмаар нийгэмд эзлэх байр сууриа баталгаажуулна.

ЭХЛЭХ ОНОО : 1000

ХАМГИЙН ӨНДӨР ОНОО : 1300

ХАМГИЙН БАГА ОНОО : 600

Хэрэв тухайн иргэн сайн үйлсийн аянд оролцох хөршүүддээ нөлөөлөл үзүүлэх, цусаа хандивлах, засгийн газрын үйл ажиллагааг шагшин магтах, ядууст туслах, санхүүгийн хувьд сахилга баттай гээд өөрийн төлөө биш төрийг дуулгавартай дагавал оноо нэмэгдэнэ.

Харин хэрэг зөрчил гаргах, эрх баригчдын эсрэг үзэл бодлоо илэрхийлж, тэмцэл өрнүүлэх, сошиал сүлжээнд засгийн газрын эсрэг пост оруулах, интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, онлайн тоглоом тоглохдоо булхайцвал оноо хасагдана.

Хэрэвзээ засгаа магтаж, шүүмжилсэн хүмүүсийг барьж өгч, матаач хийн өндөр оноо цуглуулбал автомашины түрээсийн урамшуулал, үнэгүй фитнесс эрх, тээврийн хэрэгслийн хямдралтай нөхцөл, эмнэлгээр үйлчлүүлэх үед хүлээлгийн цагийг богиносгох, нийтийн орон сууцанд орох үед хүлээлгийн дарааллыг урагшлуулах, татварын хөнгөлөлт зэргийг эдэлнэ.

Харин үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалсны төлөө оноогоо алдана. Нэгэнт бага оноотой болсон бол нийгмийн үйлчилгээнүүдэд хязгаарлалт тогтооно. Зорчих эрхээ хязгаарлуулна. Банкны зээлийн нөхцөлд хязгаарлалт тогтооно. Олон нийтийн газраар зорчих эрхэд хяналт тогтооно. Төрийн албанд ажиллах эрхийг хасна. Хувийн сургуульд суралцах эрхийг хаана. Хамгийн аймшигтай нь оноо хасуулсан иргэдийг олон нийтийн хэрэгслүүд болох ТВ, интернэтийн сувгуудаар зураг болон ID дугаартайн хамт зарлан жигшүүлнэ.

МОНГОЛД ХЭЗЭЭНИЙ НЭВТЭРСЭН НЬ…

Энэхүү хяналтын систем нь Засгийн газарт хамааралтай бүхий иргэн тус бүрийн мэдээлэл дээр суурилан явагдана. Жишээлбэл, гэмт хэрэгт холбогдсон эсэх мэдээлэл, санхүүгийн ашиг орлогын мэдээлэл, иргэн юу сонирхож, юу авч, хэнтэй харилцаж байгаа гээд шаардлагатай бол унтаж, хэвтэх ч багтана. Иргэний интернэт худалдалдан авалт хийсэн дата мэдээлэл, интернэтээс хайлт хийсэн түүх, сошиал сувгуудад оруулсан пост зэргээс тухай бүрт баримтууд дээр үндэслэн бүртгэл хийгдэнэ. Хаагуур зорчсоныг хаа сайгүй байрлуулсан царай таних камераар хянана. Монголд ч энэ тухай л яриад эхэлсэн.

Тиймээс “Хорин минутын хот” гээч шинэ зүйл огтоос биш бөгөөд Хятадын “15 минутын хот”-ын хуулбар гэдгийг бид хийж буй сурталчилгаанаас нь хангалттай мэдэж болно. Түүний ачаар Хятад хотын иргэдтэй “шоронд” хорьж чаджээ. Манай коммунистууд шифи болсон энэхүү системийг алгаа үрж байгаад тосон авч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан орвонгоор нь эргүүлж байна. Тоог нь өөрчилж, монголчлоод л “хорин минутад хорих” төлөвлөгөө болгов. Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даалгана. Хорин минутын хот гэдэг бол хүртээмж, тав тухтай байдлын тухай биш харин хязгаарлалт, хяналт юм. Энэ нь таны амьдралыг хөнгөвчлөх биш гэрийн хорионд байлгах тухай концепц аж.

Энэ бол дижитал технологи ашиглан төрийн үйлчилгээг хөнгөвчилж, хүнд суртлыг арилгах бус иргэдээ илүү боловсронгуй ухаалгаар хянах тухай яриа. 20 минут үргэлжлэх энэ хотын жүжиг бүхэлдээ Жорж Орвеллын “1984”  зохиол амьдрал дээр хэрэгжинэ гэсэн үг. 15 минутын хугацаатай хотууд авторитар улсад л хэрэгжиж байна.

Тэнд засгийн газраас олгосон амьдрах бүсээсээ гадагш нэг ч алхам алхахгүй. “1984” зохиолын Том ах  шиг нөхөр таны алхам бүрийг харж, хянаж, цагдаж, зандарч байх болно. Яг л ардчилсан хувьсгалаас өмнө зам явах бичиг авдаг байсан шиг…

 

https://news.mn/r/2744372/

скачать dle 12.0