Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг 2024 оны долдугаар сарын 4-7 хооронд зохион байгуулна. Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-26 хооронд үргэлжилсэн юм.
Монгол хэл бичгийн шалгалтыг Элсэлтийн шалгалтын өмнө зохион байгуулдаг. Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтад 36 мянга орчим шалгуулагч оролцож, 5300 орчим шалгуулагч босго оноондоо хүрээгүй байна.
Эдгээр шалгуулагчийн дахин шалгалтыг ирэх наймдугаар сарын 17-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Элсэлтийн шалгалтад хувь хүний бэлтгэлтэй холбоотой асуудлууд түгээмэл байдаг. Тухайлбал, бичиг баримтаа мартах, гээж үрэгдүүлэх, хоцрох гэх мэт тохиолдол их байдаг. Тухайн өдөр шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хувийн бэлтгэлээ ханган ирэх шаардлагатай. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсуудын мэдээллийг цаг алдалгүй шалгаж байхыг зөвлөж байна. Энэ жилийн ЭЕШ-ыг долдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулна. Өмнөх жилүүдэд зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор сонгуулийн өмнө олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжгүй гэж үзсэн учраас ЭЕШ-ыг сонгуулийн дараа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх юм.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтанд заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орох боломжтой.
Шалгуулагч нь Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Элсэлтийн шалгалтын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл (0)