"Цагаан суваргын ордыг улс төрчдөөс шалтгаалан ашиглалтад оруулж чадаагүй. Энэ орд ашиглалтад орвол 1,200 хүний ажлын байр бий болно"

Тэрбээр "Монгол Улс 1994 оноос хойш ашигт малтмалын лицензүүдийг олгож эхэлсэн. Эхлээд өргөдлөөр өгдөг байсан. Дараа нь сонгон шалгаруулалтаар өгдөг болсон. Өнөөдөр цахимаар олгож байна.

Өчигдрийн сонсголоор тусгай зөвшөөрлийн 40 орчим лицензийг та болон таны гэр бүлд хамааралтай компани эзэмшдэг талаар мэдээлэл авсан. Нэг гэр бүл ямар аргаар ийм олон лиценз авдаг вэ, хэдийг нь өргөдлөөр авсан, хэдийг нь цахимаар авсан талаар мэдээлэл өгнө үү. 

Стратегийн 16 ордны хоёрыг нь танай компани эзэмшиж байна. Улсад ямар хэмжээний татвар төлж, хэчнээн ажлын байрыг бий болгосон бэ, орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа вэ" гэж асуув. 

Түүний асуултад Б.Нямтайшир "Монголын Алт буюу МАК компани бол 30 гаруй жилийн түүхтэй. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боловсон хүчингээс бүрдсэн. Тодруулбал 1993 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш бусдын лицензтэй орд дээр түрээсээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Анхандаа бид лиценз эзэмшдэг байгаагүй.

Цаашлаад өөрсдөө эрэл хайгуул хийсний үр дүнд өргөдлөөр 34 лиценз авсан. Дөрвийг нь сонгон шалгаруулалтаар, хоёрыг нь цахимаар авсан байна. Хаа хамаагүй хүн болгонд лиценз олгодоггүй. Ашигт малтмалын тухай хуулийн долдугаар зүйлийн нэгд зааснаар Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгч компанид өгдөг. 

Мөн нэмж хэлэхэд давхардсан тоогоор 40 лиценз байдаг. Яг ордынхоо хэмжээгээр явбал 26 лиценз эзэмшдэг. Энэ талаар холбогдох хүмүүст нь хүсэлт тавьж байсан. Хавсралтыг нь өөрчлөөд нэг лиценз болгож өгөөч, үгүй бол олон юм эзэмшдэг юм шиг буруу ойлголт төрөөд байна гэж. Тэгэхээр хуульд тийм заалт байхгүй гэж тайлбарладаг. 

Энд нэг зүйлийг тодруулахад лицензийн тоогоор асуудлыг ярих биш, энэ лиценз дээр түшиглээд барууны хамгийн шилдэг техник, технологийг нэвтрүүлж, ажлын байр, нэмүү, өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. 

Монголчууд эрт үеэс хэдэн адуу малтай гэж ярьдаг шиг орчин үед тэдэн лицензтэйг гайхдаг болжээ. Хэн үйлдвэрлэлийг хөгжүүлж байна вэ гэдэг талаас нь ярих нь зөв юм.

Манай компани нийт 4,500 ажилтантай. Ойролцоогоор нэг их наяд төгрөгийг татварт төлсөн. Төлсөн татварынхаа хэмжээгээр жил бүр эхний 10-т бичигддэг.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани орон нутагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үйлдвэрлэл явуулах гэхээр эрчим хүчний хязгаарлагдмал орчинд байдаг тул 2008 оноос хойш БНХАУ-аас өөрсдийн зардлаар 35 цахилгааны шугам татаж, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна. Эрчим хүч зохицуулах газраас тогтоосон үнэ бага, харин урдаас авч буй импортын цахилгааны үнэ өндөр байдаг. Жил бүр нэг тэрбум төгрөгийн тарифын зөрүүг бид БНХАУ-ын талд төлдөг. Одоогоор 110 киловаттын барилгын ажлыг хийж дууссан. Хятадын талд холбох асуудал яригдаж байна" гэж ярьсан юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Зэсийн үнэ зах зээл дээр өндөр байгаа энэ үед Цагаан суваргын орд яагаад өдийг хүртэл ашиглалтад орохгүй байна вэ" гэв.

Энэ асуултад Б.Нямтайшир "Цагаан суваргын ордны нөөцийг бид өөрсдийн хөрөнгөөр тогтоосон. Улмаар 2012 оноос эхэлж Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтраад 450 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, идэвхтэй явж байтал тухайн үеийн Засгийн газар улс төржсөн учраас санхүүжилтийн асуудал гацсан. Сүүлийн 10 гаруй жилд яг ийм давтамжтайгаар үргэлжилж байна. 2019 онд 750 сая ам.долларын гэрээг хийх гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төрд авна гэж мэдэгдэл хийснээс болоод зогссон.Ийм байдлаар бидний үйл ажиллагаанаас бус улс төрчид уг төслийг ашиглалтад оруулахгүй гацаалаа.

Энэ орд ашиглалтад орвол 1,200 хүн ажлын байраар хангагдаж, улсын төсөвт их хэмжээний татвар төлнө" гэж хариуллаа. 

https://ikon.mn/n/35pm

             

скачать dle 12.0