Өнөө жил монголчууд анх удаагаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг өгөхөөр болсон.
Монгол Улсын Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгох буюу Сонгогч Та тухайн тойрогт ногдох мандатын тоогоор сонголт хийнэ. Тодруулбал, тойрог бүрээр мандатын тоо зэрэгцэж байх юм. Харин Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар буюу сонгогч Та зөвхөн нэг нам, эвслийг сонгоно.
Улсын Их Хурлын гишүүнийг сонгох энэхүү хоёр аргатай холбоотойгоор Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Саналын хуудас нь хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогч танд хоёр хуудас өгөх юм. Үүнийг хэрхэн бөглөхийг доор дурдая.
Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгох хэсэг-т: Та өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван улаан дугуйг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Ингэхдээ тухайн тойргийн мандатын тооноос илүү эсхүл дутуу тоогоор тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдох юм.
Харин Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгох хэсэгт Та өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. 1-ээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн бол Таны саналын хуудас хүчингүйд тооцогдохыг сайтар анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)